Хүүхдийн сүүн шүдний сувгийн эмчилгээ нь байнгын шүдний хэвийн шүдлэлтийн баталгаа болох нь
2017.04.20 0.0 0

Насанд хүрэгчдэд шүд цоорох өвчний хүндрэлийн улмаас шүдний сувгийн эмчилгээ хийлгэх нь байнга тохиолддог өдөр тутмын эмчилгээний төрөл юм. Тэгвэл хүүхдийн сүүн шүдэнд ч бас ийм  төрлийн эмчилгээ хийдэг гэдгийг та мэдэх үү?

Шүдний сувгийн эмчилгээний нэг томоохон зорилго нь шүднийг авхуулалгүйгээр ормонд нь хадгалан авч үлдсэнээр эрүү нүүрний эрхтэн тогтолцооны эрүүл, тэнцвэрт байдлыг хадгалахад оршино. Тэгвэл гэмтэл болон шүд цоорох өвчний хүндрэлийн улмаас шүдний зөөлц үхжиж шүдний сурвалжын хэлбэршил алдагдах нь байнгын шүдний төдийгүй сүүн шүдний шүдлэлт бүрэн явагдаж дуусахаас өмнө шүдээ алдах шалтгаан болно. Иймд хүүхдийн сүүн шүдэнд хийгдэх сувгийн эмчилгээ нь ихэнхдээ гэмтлийн болон шүд цоорох өвчний хүндрэлийн үед хийгдэнэ. Энэ тохиолдолд чанартай хийсэн шүдний сувгийн эмчилгээ нь сувгийн эмчилгээ хийсэн шүдний сурвалжийн орой орчмын эдийн эрүүл хэвийн байдлыг хангах баталгаа болно.

Сүүн шүдэнд шүд цоорох өвчин ба гэмтлийн улмаас ломбо тавих нь байнга хийгддэг эмчилгээний төрөл юм. Харин цоорлын хөндий хэт их хэмжээтэй бол шүдний сувгийн эмчилгээ хийлгэх шалтгаан болж болно. Сувгийн эмчилгээ хийх үед шүдний цөгцөн хэсгийн үрэвссэн мэдрэлийг аваад сурвалж орчмын эдийг хэвээр үлдээнэ. Хэдийгээр сүүн шүдэнд мэдрэл тасдах пульпотоми эмчилгээ нь маш цөөн заалтаар хийгддэг боловч шүдний цоорол зөөлөн эдрүү тархаж үрэвсүүлсэн үед шүдийг хадгалж авч үлдэхэд маш чухал эмчилгээ юм. Хэрэв үрэвсэл сурвалж орчмын зөөлөн эдэд тархаагүй, шүд аяндаа хөндүүрлэж өвдөж байгаа гэсэн шинж тэмдэггүй, зөөлцөөс тасралтгүй цус нэвчихгүй байгаа үед эмчилгээг маш хялбархан гүйцэтгэж болно. Сувгийн эмчилгээний амжилт нь шүдний сурвалжийн шимэгдэл сурвалжийн уртын ½ хүрээгүй үед зөөлц гадаад хүчин зүйлийн нөлөөлөлгүй тохиолдолд өндөр хувьтай байна. Хүүхдийн сүүн шүдний сувгийн эмчилгээнд үрэвссэн зөөлөн эдийг үхжүүлэхийн зэрэгцээгээр шүдний шинэ эдийг нөхөн төлжүүлэх шинж чанартай Formocresol, Ferric Sulphate (15.5%), Corticosteroids, Glutaraldehyde, MTA, BMP, Ledermix, ба Paraformaldehyde материалуудыг ашиглана.

Сүүн шүдний сувгийн эмчилгээний үндсэн зорилго нь байнгын шүдний шүдлэлт эхэлтэл шүдийг ормонд нь авч үлдэх асуудал юм. Сүүн шүд нь энэ үед шүдний эгнээнд байнгын шүдний шүдлэх орон зайг хадгалж зай баригчийн үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв шүдний зөөлцөөс цус шүүрээд 4 минутаас дээш хугацаанд зогсохгүй бол энэ нь шүдний зөөлцийг нэлэнхүйд нь тайрах эмчилгээ хийх шаардлагатай гэсэн үзүүлэлт болно. Эмч шүдний хөдийгөөс үрэвссэн зөөлөн эдийг суглаж аваад сувгийг таглаж ломбодно. Гэхдээ сүүн шүдний сувгийн ломбоны материал нь шүдний сурвалжтай ижил хурдаар шимэгддэг, сувгаас гадаад орчинд нэвтэрсэн тохиолдолд түргэн хугацаанд задарч аюулгүй болдог материал байх ёстой. Энэ төрлийн ажилбар нь хүүхдийн шүдний эмчилгээний практикт өдөр тутмын стандарт ажилбарт тооцогддоггүй боловч хэрэв хүүхдийн шүдний зөөлц эргэлтгүйгээр үхэжсэн эсвэл зөөлцийг тайрах эмчилгээний дараа цус тогтохгүй байгаа бол зайлшгүй хийх ёстой. Энэ тохиолдолд шүдний сувагт байгаа нянгийн халдварыг таслан зогсоох, шинэ эдүүд нөхөн төлжихөд дэмжлэг үзүүлэх, халдвар дахин нэвтрэхээс урьдчилан сэргийлэх үйлчлэлтэй CaOH with Iodoform (Vitapex), Iodoform, Camphor, Menthol ба Parachlorophenol (KriPaste) материалуудыг ашиглана.

Тухайн үрэвсэлийн хүндрэлийн зэрэг болон эмчийн ур чадвар зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хүүхдийн шүдний сувгийн эмчилгээ нь зөвхөн нэг удаагийн ирэлтээр, эсвэл хоёроос гурван удаагийн ирэлтээр гүйцэтгэгдэж болно. Хүүхдийн шүдний сувгийн эмчилгээний насанд хүрэгчдээс ялгарах зарчмын том ялгаа нь шүдний сурвалж бүрэн хэлбэршиж дуусаагүй хөгжлийн үе шатандаа байдаг явдал юм. Энэ үе шатанд гэмтэл болон өвчний улмаас шүдний зөөлөн эд үхжих нь шүдний сурвалжийг бүрэн хэлбэржиж дуусахаас өмнө хөгжлийг нь зогсоодог.

Шүдний сувгийн эмчилгээний нөхөн сэргээх үйл ажиллагаа нь яг энэ үед шүдний зөөлөн эд ба тугалмайн үйл ажиллагааг дэмжиж нөхөн төлжих боломж олгоно. Энэ үед шүдний сувгийн эмчилгээний талаарх эцэг эхчүүдийн ойлголт чухал бөгөөд энэ нь элдэв зөрчилдөөн гаргаж эмчилгээг таслан зогсоохоос сэргийлэх ач холбогдолтой. Өнөө үед шүдийг нөхөн сэргээх эндодонтын эмчилгээний салбар нь шүдний салбарын хамгийн хурдтайгаар хөгжиж буй салбарын нэг болохын хувьд хүүхдийн шүдний сувгийн эмчилгээ шинэ түвшинд гарч хөгжөөд байгаад эргэлзэх хэрэггүй.

 

 

 

 

 


Tag:endodontics, сувгийн эмчилгээ, Шүдний эмчилгээ, сүүн шүд
Бусад
avatar