Жирэмсэн эмэгтэйчүүдийн амны хөндийн эрүүл мэндийн талаар анхаарал татах 4 асуудал
2017.05.18 0.0 0

Саяхныг хүртэл шүдний эмч нарт жирэмсэн эмэгтэйчүүдтэй хэрхэн ажиллах талаар удирдамж болохоор зүйл байхгүй байсан бол 2013 онд Америкийн Эх барих, Эмэгтэйчүүдийн Коллежоос жирэмсэн эмэгтэйчүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамж гаргасан нь жирэмслэлтийн явцад амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалахын ач тус, жирэмсний явцад шүдний эмчилгээний аюулгүй байдал, амны хөндийн эрүүл мэндийн сахих нь жирэсэн эхчүүд ба төрөх хүүхэд хоёрын хэн хэнд нь ач тустай байх зэрэг асуудлуудыг багтааж өгсөн байна.  Ийнхүү жирэмсэн эмэгтэйчүүдийн амны хөндийн тусламж үйлчилгээний удирдамжууд практикт нэвтэрсэнээр шүдний чиглэлийн их сургуулиуд, коллежиудын хөтөлбөрт тусгагдаж энэ чиглэлээр тусгайлан авч үзэж хичээл заадаг болоод байна.

Шүдний тусламж үйлчилгээний чиглэлийн байгууллагууд ба эх барих, эмэгтэйчүүдийн салбарыг холбож өгч байгаа нэг төсөл нь University of Detroit Mercy School of Dentistry-н гаргасан Double O 3T Program хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг Melanie Mayberry, DDS ба Bernard Gonik, MD нар боловсруулсан ба Wayne State University ба Детройт хотын Hutzel Women's Hospital-ын шүдний салбарын оюутнууд ба эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлийн резидент эмч нарыг хамруулан хэрэгжүүлж байна.

“Амны хөндийн эрүүл мэндийн асуудалтай эхчүүд өөрийн шүд цоорох өвчин үүсгэгч нянгуудыг хэдийгээр шинээр төрөх хүүхэд шүдгүй байгаа ч халдаах өндөр эрсдэлтэй” гэж Melanie Mayberry, DDS эмч анхааруулж байна.

Detroit Mercy School of Dentistry-н амны хөндий ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн тэнхмийн дэд профессор Melanie Mayberry, DDS жирэмсэн эмэгтэйчүүдийн амны хөндийн эрүүл мэндийн анхаарал татах 4 асуудлын талаар мэдээлэл бэлтгэсэн байна.

 

1.Амны хөндийн эрүүл мэнд нь жирэмслэлтийн эцсийн үр дүнд нөлөөлдөг

Амны хөндийн эрүүл мэнд нь жирэмсний эцсийн үр дүнд нөлөөлдөг нь баримтаар нотлогдсон. Судалгаагаар тулгуур эдийн өвчний халдвар ба дутуу төрөлтийн хооронд холбоо байгааг олж илрүүлсэн байдаг. Үүний зэрэгцээгээр судлаачид амны хөндийн өвчин эмгэгийг эмчилсэнээр жирэмсний эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлж болно гэдэгт санал нэгддэг.

“Амны хөндийн эрүүл мэндийн таагүй байдал нь хүүхдийн төрөлтөнд сөргөөр нөлөөлдөг” гэж Dr. Mayberry эмч DrBicuspid.com сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Архаг хэлбэрийн үрэвсэлээс сэргийлэх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь жирэмсэн эхчүүдэд чухал юм гэж тэрээр хэллээ.

Anupama Tate, DMD, MPH хүүхдийн эмч амны хөндийн эрүүл мэнд ба биеийн ерөнхий эрүүл мэндийн хоорондын хамаарлын талаар “Амны хөндийн эрүүл мэндийн хангалтгүй эсвэл муу байдал нь ургийн хөгжилд нөлөөлж хүүхэд дутуу төрөх, манас таталт, хүүхдийн жин дутуу байх зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг” гэж хэлж байна.

 

2.Жирэмсний үед шүдний эмчилгээ хийлгэх нь аюулгүй

Олон удаагийн эмнэлзүйн судалгаагаар жирэмсний явцад шүдний чулуу түүлгэх, ломбо тавиулах, шүд авхуулах, дүрс оношлогоо хийлгэх болон бусад ажилбаруудыг хийлгэх нь аюулгүй болох нь тогтоогдсон байдаг.

“Жирэсний гурван үе шатын турш аль ч үе шатанд зориулалтын хамгаалах хэрэгсэл ба мэдээ алдуулалтыг зөв хэрэглэж шүдний эмчилгээ хийлгэх, рентген зураг авхуулах нь аюулгүй” гэж George Washington University School of Medicine-ы дэд профессор, хүүхдийн эмч Anupama Tate, DMD, MPH батлаж байна.

Тэрээр мөн фтортой оогоор шүдээ угаах, сахар агуулаагүй бохь зажлах, өдөрт тэжээллэг хоол хүнс бага багаар хэрэглэх нь шүд цоорох өвчнөөс сэргийлэх болохыг зөвлөсөн байна.

Жирэмсний явцад амны хөдийн эрүүл мэнд, амны хөндийг сахин хамгаалах нь маш чухал гэж University of North Carolina-ы эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн профессор Kim Boggess, MD мөн санал нэгтэй байна.

Kim Boggess жирэмсэн эмэгтэйчүүдэд шүдний чулуу авах, цэвэрлэх бусад төрлийн шүдний эмчилгээг жирэмсний үе шат хамаарахгүй хийж болох ч рентген зураг авхуулахыг жирэмсний 1-р үе шат дуустал түр хүлээх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалж шүд цоорох өвчин болон бусад төрлийн өчнүүдэд өртүүлэхгүй ангид байлгах нь жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд өвдөлт, хаван, хавдар, архаг үрэвслийн голомт зэрэг жирэмсний явцад сөрөг нөлөөтэй антибиотик болон өвчин намдаах эм хэрэглэхээс өөр аргагүй болгодог нөхцөл байдлаас сэргийлэх боломж олгоно гэж Dr. Mayberry эмч цохон тэмдэглэлээ.

 

3.Жирэмсний үе шатанд бие организмд гарах өөрчлөлт нь амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлдөг

Жирэмсний явцад амны хөндийн төлөв байдал өөрөө аяндаа өөрчлөгддөгийг эрүүл мэндийн салбарын ажилтнууд батлаж байна. Жирэмсний явцад бие эрхтэн тогтолцоог хамран гарах зарим өөрчлөлт нь амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэж Albany Medical Center-ын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Renee Samelson, MD анхааруулж байна.

Амны хөндийд гарах эдгээр өөрчлөлтүүдэд шүдний тулгуур эдийн өвчин сэдрэх, шүд цоорох, гулгилт бөөлжилт ба шүлс ялгаралт ихэссэнтэй холбоотой шүд хэт мэдрэгших зэрэг хамаарна.

Жирэмсэний улмаас дотор эвгүйрхэн огиулах нь ходоодны хүчил амны хөндийд ялгарах боломж олгоно. Амны хөндийд ялгарсан ходоодны хүчил нь шүдийг гэмтээх аюултай учир огиулсаны дараа амаа 1 цайны халбага сода хийсэн усаар зайлах хэрэгтэй гэж шүдний эмч нар ба эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөж байна. Огиулсаны дараа шүдээ шууд сойзоор сойздож угааж болохгүй бөгөөд ингэх нь шүдийг элэгдэхэд хүргэж болох тул 1 цаг орчим хүлээх хэрэгтэй гэж Anupama Tate эмч зөвлөлөө.

Cetylpyridinium chloride найрлагандаа агуулсан ам зайлагч уусмал хэрэглэх нь жирэмсний явцад амны хөндийд нян бактери хуримтлагдахаас сэргийлэх сайн талтай гэж Dr. Samelson эмч нэмж зөвлөгөө өглөө.

 

4.Хэрэв шүдийг эмчлүүлэхгүй орхигдуулвал юу болох вэ?

Хэрэв жирэмсэн эхчүүд амны хөндийн асуудлаа хайхралгүй орхигдуулвал эмчлэгдээгүй шүдний асуудал нь түүний хүүхдэд дамжина гэж мэргэжилтнүүд санал нэгтэйгээр анхааруулж байна. Эхчүүдийн амны хөндийн асуудал хүүхдэд дамжиж хүүхдийн эрт үеийн шүдний цоорол үүсэх нь сэргийлэх боломжтой зүйл гэж мөн мэргэжилтнүүд зөвлөж байна.

“Хэрэв эхчүүдийн амны хөндийд цоорол байгаа л бол хүүхдийн амны хөндий цооролтой болно. Энэ бол биологийн хамаарал” гэж University of North Carolina-ын хүүхдийн шүдний эмч Rocio Quinonez, DMD, MPH хэллээ. Иймд жирэмсний явцад амны хөндийн эрүүл мэндийг зүй зохистой сахин хамгаалах нь хүүхдийн шүдний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болох нь энэ бүхнээс тодорхой харагдаж байна.

 

 

 

 

 


Tag:хүүхдийн шүд, жирэмслэлт ба шүд цоорох өвчин, шүдний өвчин
Бусад
avatar