Сүүн шүдний зай хадгалах эмчилгээ (Space management)-ний заалт, эсрэг заалт, давуу болон сул талууд, зэмсгийн төрлүүд
2017.05.22 5.0 0

Шүдний гажиг үүсэхэд нөлөөлдөг голлох шалтгаан нь байнгын шүд шүдлэх зай байхгүй байснаас болж шүднүүд давхарлан ургах явдал юм. Шүд давхарлан ургах нь голдуу сүүн шүдийг гэмтэл, шүд цоорол болон шүдний зөөлөн эдийн эмгэгийн улмаас цагаас нь эрт авхуулсанаас болж үүснэ. (Зураг 26-1) Сүүн шүдний зайг ямар нэгэн аргаар хадгалж авч үлдэх нь шүдний зайгүйдлээс шалтгаалан үүсэх алс хэтийн асуудлуудаас сэргийлэлт болж өгнө. Шүдийг авхуулсаны дараа зайг хадгалах зэмсэг хэрэглэх нь шүд хоорондын хоршихуйн өөрчлөлтийг тэнцвэржүүлж өгсөнөөр шүдэнд өнгөр хуримтлагдах болон улмаар цоорол үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой боловч амны эрүүл ахуйг муу сахидаг хүүхдэд зэмсэг өөрөө эрүүл ахуйн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөлх хүчин зүйл болж болзошгүй тул шийдвэр гаргахын өмнө энэ талаар бодолцож, зөвшилцөх нь зүйтэй. Хэрэв амны эрүүл ахуйн байдал муу бол энэ нь завсар хадгалагч хэрэглэхэд эсрэг заалт болно. Иймд шүдний зай хадгалагч зэмсгийг хүүхдийн хоршихуйн төлөв байдал өөрчлөлтийн нөхцөл байдлыг сайтар үнэлж үзсэний үндсэн дээр тухайн хүүхдээс шалтгаалах хүчин зүйлс буюу зан төлөв, зовиур, амны эрүүл ахйн нөхцлийг бодолцож үзэж байж хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй.

 

Сүүн шүд ба холимог зуултын үед шүдний зай алдагдах үндсэн шалтгаанууд

- Сүүн шүдийг хугацаанаас нь эрт авхуулах

- Төрөлхийн шүдгүйдэл

- Шүдний түшилцэх гадаргын цоорлыг эмчлээгүй байх

- Байнгын шүдний хэвийн бус ургалт

- Анкилоз

- Microdontia  хэлбэрийн шүдний хэлбэрийн гажиг

Зай баригч хэрэглэх заалт

  • Сүүн нэгдүгээр араа шүдийг цагаас нь өмнө ямар нэгэн шалтгааны улмаас авхуулсанаас үүсэх шүд давхарлалтын гажиг нь эмчлэхэд нэлээд бэрхшээлтэй байдаг тул шүдийг авхуулсаны дараа зайг заавал хадгалах хэрэгтэй
  • Шүдний нуманд хангалттай зай байгаагаас бусад тохиолдолд сүүн хоёрдугаар араа шүдний алдагдал

Бусад заалтууд:

  • Байнгын дээд үүдэн шүдний алдагдал
  • Илүү шүдний улмаас байнгын төвийн үүдэн шүдний шүдлэлт хүлээгдэх
  • Байнгын соёо шүдний ургалтанд зориулан нэгдүгээр бага араа шүдний зайг хадгалах (сүүн нэгдүгээр араа шүдийг авхуулсаны дараа)
  • Шүд давхарлан ургах нь тодорхой харагдаж байгаа бол

Шүдний зай баригчийг түүнийг байршуулахад хангалттай зай байгаа (шүдний эгнээ хэвийн, шүд давхарлаагүй эгнээнд) тохиолдолд л хэрэглэх шаардлагатай ба зай хангалтгүй бол түүний оронд зай бөглөгчийг ашиглаж болно.

 

Зай баригч хэрэглэх эсрэг заалт

  • Бааштай, харьцахад хүндрэлтэй хүүхдүүдэд
  • Амны эрүүл ахуй хангалтгүй бол
  • Шүд цоорох өндөр эрсдэлт бүлгийн хүүхдүүд
  • Шүдний гажиг үүсэх нь зайлшгүй болсон бол
  • Шүдний зай хангалттай байгаа бол
  • Hypodontia
  • Бага араа шүднүүд цухуйсан бол

 

Эмчилгээний төлөвлөгөө зохиоход бодолцох зүйлс

  • Өвчтөний шүдний зай баригчийг хүлээн авах тэвчих чадвар: Үүнд өвчтөний харьцаа хандлага, сэдэл зэрэг хамаарахаас гадна амны хөндийн бусад шүдний асуудлууд өвдөлт зовиурууд мөн хамаарна.
  • Шүдний эгнээний урт (урдаас хойш чиглэлд): Шүдний эгнээний урт араа шүднүүдэд хангалттай хэмжээнд бол араа шүднүүдийн медиаль чиглэлийн шилжилт үүсэхгүй байж болно. Шүдний эгнээ хэт богино бол шүдний давхарлалт үүсэх нь гарцаагүй тул зай баригчийг энэ тохиолдлуудад хэрэглэх нь хязгаарлагдмал.
  • Шүдний насжилт: Энэ нь шүдний нөхцөл байдлыг үнэлэхэд ашиглагддаг тул биологийн насжилтаас чухал ач холбогдолтой. Байнгын шүдний хэзээ ургахыг таамаглахын тулд шүд ургалтын дараалал ба сурвалжийн хэлбэржилтийг зөв үнэлэх хэрэгтэй.
  • Яг одоогийн хоршихуйн өмнөх төлөв байдал
  • Шүд ургалтын дараалал
  • Сүүн шүдийг орлогч байнгын шүдний цухуйлт ба сурвалжийн хөгжил
  • Байнгын шүдийг бүрхэж байгаа түүшин ясны хэмжээ.
  • Өвчтөний өвчний түүх, амны эрүүл ахуйн дадал зуршил, эрүүл ахуйн төлөв

 

Зай баригчийн төрлүүд

Нэлээд хэдэн төрлийн авагддаг хэлбэрийн зай баригчийн зохиомжуудыг ашиглах боловч эдгээр нь өвчтөнд ашиглахад бэрхшээлтэй, зовиуртай тул хэрэглэхээс зайлсхийдэг.

Дараах авагдаггүй зай баригчийн зохиомжуудыг ашиглана:

  • Nanceын зэмсэг – зөвхөн хоншоорын шүдний эгнээнд ашиглана (Зураг 26.2)
  • Тагнай дамнасан нум- зөвхөн хоншоорын шүдний эгнээнд ашиглана (Зураг 26.3)
  • Бүрээс ба гогцоо – хоншоор болон эрүүний шүдний эгнээнд аль алинд нь ашиглана (Зураг 26.4)
  • Бөгж ба гогцоо (Зураг 26.5)
  • Хэлний нум – зөвхөн эрүүний шүдний эгнээнд ашиглана

 

Nanceын зэмсэг

Тагнай дамнасан нум

Бүрээс ба гогцоо

Бөгж ба гогцоо

 

Давуу тал

  • Хэрэв сүүн шүдийг орлон гарч ирэх байнгын шүд нь ойрын зургаан сарын дотор шүдлэх нь тодорхойгүй бол зай баригчийг ашигласнаар хөрш шүднүүд нүүж зайг бөглөхөөс сэргийлнэ
  • Сүүн шүд ба байнгын шүд хоорондын хэмжээний ялгаатай нөхцөл байдалд шүдний зайг хадгалсанаар байнгын шүд хэвийн шүдлэх боломж олгоно

 

Сул тал

  • Тухайн шүдэнд ирээдүйд гажиг заслын эмчилгээ шаардлагатай үгүйг таамаглах боломжгүй. Зай баригч ашигласнаар гажиг заслын эмчилгээ хийлгэхээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг биш
  • Удаан хугацаагаар ашиглавал амны хөндийн зөөлөн эд ба шүдний хатуу эдийг холгох, элэгдүүлэх боломжтой
  • Шүдний өнгөр хуримтлуулах өндөр эрсдэлтэй тул шүд цоорох өвчин үүсэх шалтгаан болж болзошгүй

 

Шүдний зай хадгалах эмчилгээний дараах хяналт

Хэрэв шүдний зай баригчийг 6 сараас дээш хугацаагаар хэрэглэх бол сүүн нэгдүгээр араа шүдэнд бөгжин тулгуур суулгасан бол түүнийг 3-4 сар тутамд авч шүдний гадаргууд фторт түрхлэг түрхэж эрдэсжүүлэх нь чухал. Фторт тррхлэгийн хэмжээг шүд цоорлын эрсдэлээс хамаарч ихэсгэх ба багасгах зэргээр тохируулж хэрэглэх хэрэгтэй.

 


Tag:сүү шүдний зай баригч, хүүхдийн шүд, шүдний гажиг засал
Бусад
avatar