Шүдний гажиг заслын практикт хамгийн өргөн ашигладаг 5 төрлийн брекет зэмсэгүүд
2017.07.05 0.0 0

Хэрэв таны шүд давхралдаж ургасан гажигтай бол шүдний гажиг заслын зэмсэг зүүх нь сайхан инээмсэглэлтэй болох хамгийн дөт арга зам юм. Ихэнх хүмүүс шүдний гажгийг хүүхэд насанд л засах боломжтой гэж ташаа ойлгодог. Тэгвэл орчин үеийн шүдний гажиг заслын зэмсэгүүд нь насанд хүрсэн хүний шүдийг ч засах тэгшлэх чадвартай болсон байна. Орчин үеийн шүдний гажиг заслын эмсэгүүд нь нэлээд олон төрөл байдаг нь анхны мэдэгдэхүүнгүй өвчтөний толгойг эргүүлж ямар төрлийн зэмсэгийг сонгон эмчлүүлэх вэ? гэдэг дээр асуудал үүсгэж байж болох юм. Гэвч та шүдний гажиг заслын эмч дээр очиж гажиг заслын эмчилгээнд шаардлагатай дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэснээр ямар гажиг заслын зэмсэг зүүх шаардлагатай болохыг мэдэж авах боломжтой. Шүдний гажиг заслын зэмсгийн гол үүрэг нь шүдийг тэгшилж хэвийн байрлалд нь оруулах боловч зохиомж, үйл зүй, харагдах байдлын хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг.  

Шүдний гажиг заслын салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг зэмсгүүдийн төрлийн талаар энэ мэдээллээс танилцана уу.

1.Гажиг заслын эмчилгээний уламжлалт метал брекет (Metal Braces) зэмсэг

Энэ төрлийн зэмсэг нь дээд зэргийн сайн зэвэрдэггүй гангаар хийсэн хоёр төрлийн хэсгээс бүрдэх ба метал брекет хэсэг нь шүдэн дээр наагдах бол уян харимхай ган нум нь шүдний эгнээний дагуу шүд хоорондын холбоо үүсгэж шүдийг тасралтгүй зөөлөн хүчээр татаж байрнаас нь хөдөлгөнө. Шүдийг маш зөөлөн татах тул шүдийг хүссэн байршилд аваачихад нэлээд хугацаа шаардлагатай. Дулааны боловсруулалт хийсэн метал нум нь зөөлөн хүчээр үйлчлэх тул шүдэнд өвчин эмзэглэл үүсгэх нь бага хүүхэд болгоны сонирхолд тохируулан төрөл бүрийн өнгийн резин холбоос сонгох боломжтой. Метал брекет зэмсэг нь бусад төрлийн зэмсгүүдээс илүү үнэ өртөг хямд бөгөөд сүүлийн үеийн дизайнууд нь эртний хэлбэрүүдээсээ илүү жижиг, нүдэнд өртөх нь бага болсон

2. Шаазан брекет (Ceramic Braces)

Хүмүүс шаазан брекет зэмсэг нь шүдний өнгө дагуу тул металл брекетээс илүү шаазанг зүүх дуртай байдаг. Энэ төрлийн зэмсэг нь хэлбэр болон хэмжээний хувьд уламжлалт метал брекеттэй адил боловч шүдний өнгөнд тохируулан өнгө сонгох боломжтой байдаг. Тэлэгч нумыг мөн шүдний өнгөнд тохируулан өнгө оруулах боломжтой. Гэвч шаазан брекет зэмсэгийн нэг сөрөг тал нь үнэ өртөг илүү өндөр байдаг явдал юм.

3. Хэлний нум (Lingual Braces)

Энэ нь уламжлалт брекет зэмсэгүүдтэй хэлбэр хэмжээний хувьд бараг адилхан боловч шүдний эгнээний дотор талд бэхэлдэгээрээ ялгаатай. Шүдний эгнээний гадна талд бэхлэхгүйн томоохон давуу тал нь шүдний гажиг заслын зэмсэг зүүсэн нь хүмүүст мэдэгдэхгүй. Амаа ангайх, ярих үйл зүйн үед ч бараг мэдэгдэхгүй сайн талтай. Хэлний нум буюу брекет нь метал болон шаазан аль алинаар нь хийсэн байдаг. Гэвч хэлний нумны нэг томоохон дутагдал нь шүдний эгнээний хүнд хэлбэрийн гажигуудын үед ашиглах боломжгүй байдал юм. Мөн цэвэрлэхэд бэрхшээлтэй, бусад гажиг заслын зэмсгүүдтэй харьцуулахад хэл яриаг өөрчилдөг зэрэг дутагдалтай талуудтай. Мөн энэ төрлийн зэмсэг нь ердийн зэмсэгийг бодвол үнэ өртөг өндөр бөгөөд эмчилгээний үр дүн удаан гардаг тул гажиг заслын эмчилгээний салбарт маш ховор ашиглагддаг.

4. Өөрөө түгжигдэгч механизм бүхий Self-Ligating Brace зэмсэг

Брекет болон металл нум агуулдаг зохиомжоороо уламжлалт брекет системтэй ижил боловч зарчмын гол ялгаа нь резинэн холбогчийн оронд түгжээ болон хавчуурга бүхий шилжүүлэх механизм ашигладаг явдал юм. Резинен холбогчийн оронд түгжээ болон хавчуурга ашигласан нь ашиглахад хялбар болсон төдийгүй хоол хүсний зүйл хуримтлагдах нь бага, цэвэрлэхэд хялбар болсон байна. Self-ligating brace зэмсэг ашиглах нь бусад зэмсэгтэй харьцуулахад эмч дээрээ хяналтанд очих нь илүү цөөн бөгөөд эмчилгээний хугацааг богиносгодог сайн талтай. Self-ligating brace зэмсэг нь металл шаазан аль алинаар нь байж болох ч өвчтөний нөхцөл байдлаас шалтгаалан бүх өвчтөнд хэрэглэхэд тохиромжтой биш байж болох юм.

5. Тунгалаг, авагддаг гажиг заслын зэмсгүүд (Clear & Removable Aligners)

Шүдний хамгаалагчтай төстэй хэлбэртэй тунгалаг өнгөтэй шүд тэгшлэгч зэмсэгүүд нь сүүлийн үед өргөн хүрээнд ашиглагддаг болоод байна. Энэ зэмсэгийн давуу тал нь тунгалаг өнгөтэй тул бараг анзаарагдахгүй төдийгүй шүдээ цэвэрлэх үедээ шүднээсээ салган авах, уулзалт зөвлөгөөн зэрэг олон нийтийн ажлуудын үед авчих боломжтой.

Гэхдээ шүд тэгшлэгч тунгалаг зэмсгүүд нь гажиг заслын өвчтөн бүрт ашиглах боломжгүй бөгөөд хөнгөн хэлбэрийн шүдний гажгийн үед хэрэглэнэ. Бас нэг сөрөг тал нь ердийн гажиг заслын зэмсэгээс илүү үнэ өртөг өндөр байдаг явдал юм. Иймд энэ нь түр хугацаанд үргэлжилэх гажиг заслын эмчилгээний уян хатан, тааламжтай нэгэн сонголт байдлаар ашиглагддаг. Мөн гажиг заслын эмчилгээний дараа шүдний байршлыг хадгалах байдлаар ашиглаж болох юм.

Танд гажиг заслын яг аль зэмсэг болон эмчилгээний хувилбар тохиромжтойг шүдний гажгийн байдал, таны амьдралын хэв маяг, хооллолт болон бусад нөхцөл байдалд тохируулан гажиг заслын эмч тань хамгийн зөв хувилбарыг санал болгох тул зэмсэгийн талаар илүү дэлгэрэнгүй асуух шаардлагатай бол гажиг заслын эмчид хандаарай.


Tag:гажиг заслын зэмсэг, orthodontic braces, шүдний гажиг засал, orthodontics
Бусад
avatar