Хүүхдийн шүдний эмчилгээний практик дахь хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлөх, удирдах behaviour management-ын тухай
2017.08.10 5.0 0

Хүүхдэд бүхий л амьдралынх нь туршид шүдний эмчилгээний талаар айдас төрүүлэм сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байхын тулд шүдний эмчилгээ хийлгэхэд хэрхэн удирдан чиглүүлэх вэ гэдэг нь хүүхдийн шүдний эмч нарын хувьд зайлшгүй сурах ёстой ур чадварын нэг юм.

Хүүхдийг амжилттай удирдан чиглүүлж эмчилнэ гэдэг нь хүүхдийн эцэг эх, гэр бүлийн хүн, шүдний эмч, шүдний эмнэлгийн хамт олны багийн ажиллагааны хичээл зүтгэлээс хамаарах төдийгүй шүдний эмнэлгийн орчин болон эмчилгээний орчмын бүх зүйлс хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлдөг гэдгийг анхаарах нь зүйтэй.

 

Шүдний эмчийн гадаад төрх ба үйлдэл

Хүүхдийн шүдний эмч нь яг хүүхэд шиг эмчилгээ эхлэхээс авхуулаал хүүхдийн ойлгох, хүлээн авах түвшинд нь тааруулан харьцаж, харилцаа үүсгэж чаддаг байх нь зүйтэй. Шүдний эмчилгээний үзлэгийн багаж, эмчилгээний ажилбарын талаар тайлбарлахдаа үг яриа, нэр томьёог “хүүхэджүүлэх”, хүүхдэд ойлгохоор болгох нь харилцахад дөхөм болгоно. Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол үндсэн зорилго нь ердөө л тэдэнд ямар ч аюулгүй, найдвартай гэдгийг л мэдрэхэд туслах явдал юм. Зарим нэг эмч нар энэ чадварыг заавал суралцах шаардлагагүйгээр төрөлхийн хүүхдийг ойлгох мэдрэмжтэй байдаг бол өөр бусад нэгний хувьд энэ чадварыг сурч эзэмших зайлшгүй шаардлага гарна.

Угтаа хүүхдийн шүдний эмчилгээний хувьд шүдний эмчийн гоёл чимэглэл, хувцас хэрэглэл нь эмнэлгийн салбарт баримталдаг цэвэр цэмцгэр, нягт нямбай байх зэрэг ерөнхий шаардлагатай адил төдийлөн ач холбогдолгүй. Харин тухайн мэргэжилтний хувийн ариун цэвэр маш чухал. Гэхдээ зарим тохиолдолд хүүхдүүд цагаан халаттай хүнээс айх айдастай байдаг тул хүүхдэд таатай харагдах хувацас өмсөх нь айдас төрүүлэхгүй байх сайн талтай.

Халдвар хамгааллын хэрэгсэлүүд болох амны маск болон малгай зэргийг тэдгээрийн үүрэг болон ашиг тусын талаар хүүхдэд эхлээд тайлбарлаж ойлгуулсаны дараа өмсөх хэрэгтэй.

Хүүхдэд итгэл төрүүлэх, хүүхдийг ойлгох мэдрэмж зэрэг нь шүдний эмнэлгийн орчинд хүүхдийг удирдан чиглүүлэх менежементийн маш чухал суурь зарчмууд юм. (Зураг 4-1) Хүүхэд эмчдээ итгэх нь эмчилгээнд хандах хандлагыг сайжруулж эмчилгээ амжилттай болох үндэс бөгөөд энэ нь хүүхэд эмчдээ болон шүдний эмчилгээний аюулгүй байдалд гүн бат итгэх, итгэл найдвар төрөх үндэс юм.

 

Шүдний эмнэлгийн орчин

Хүүхдийн шүдний эмнэлгийн орчин нь хүүхэд тэнд нэвтрэхэд таатай, эерэгээр хүлээн авахаар дизайн төлөвлөлтөөр тохижуулагдсан байх хэрэгтэй. Эмнэлгийн орчинд орсон хойноо хүүхэд айх аюулгүй, найдвартай гэсэн мэдрэмж авахыг бодолцон эмчилгээний төхөөрөмжүүдийг байршуулах нь зүйтэй.

 

Эцэг эхчүүд ба үе тэнгийнхэнийх нь нөлөөлөл

Эцэг эхчүүд болон үе тэнгийнхэнийх нь шүдний эмчилгээнд хандаж буй хандлага хүүхдэд маш хүчтэй нөлөөлдөг. Хэдийгээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд эцэг эхчүүдийн идэвх чармайлт, идэвхтэй байдал чухал үүрэгтэй ч шүдний эмчилгээний явцад эцэг эхчүүд хамт байх нь шүдний эмчийн хувьд зарим хүндрэл бэрхшээлүүдийг үүсгэх шалтгаан болно. Ялангуяа эцэг эхчүүд эмчилгээний явцад хүүхдийнхээ өвчин эмзэглэлийг биеэрээ мэдэрч нүүрний хувирал гаргах, хүүхэдтэйгээ харилцах боломжтой байх нь тийм ч зохимжтой зүйл биш. Хэдийгээр өнөөг хүртэл эмчилгээний явцад эцэг эхчүүд байх, байхгүй байх нь дээр талаар шинжлэх ухааны баталгаатай нотолгоо байхгүй байгаа ч эцэг эхчүүд байснаараа хүүхдийн зан авирт ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг нь тодорхой. Иймд дараах нөхцөл байдалд л эцэг эхчүүдийг байлгах нь зүйтэй гэдгийг өнөөдөр өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөөд байна.

  • Бүх сургуулийн өмнөх насны хүүхдийн эмчилгээ
  • Биеийн, сэтгэцийн, үйлийн хямрал бүхий хүүхдүүдийн эмчилгээ
  • Өвчний шинжилгээ хийгдэх үе шатанд (Таниулсан зөвшөөрөл авах, рентген зураг авах)
  • Эцэг эхчүүд эсвэл хүүхэд өөрөө эмчилгээний явцад заавал хамт байх шаардлагатай гэж шаардаж буй бол

Гэхдээ шүдний эмчилгээний явцад эцэг эхчүүдийг хамт байлгах уу үгүй юу гэдэг шийдвэр гаргалт нь заавал тийм байх ёстой гэсэн хатуу биш харин шүдний эмчийн, эцэг эхчүүдийн, хүүхдийн хүсэл сонирхолд тулгуурласан чөлөөт шийдэл юм. Энэ нөхцөл байдалд аль нь дээр вэ? гэдгийг тухайн нөхцөл байдалд тохируулан хамтын зөвшилцөлөөр харилцан ойлголцон гаргах нь зүйтэй.

 

Behaviour management-ийн суурь техникүүд

Хүүхдийн шүдний эмчилгээний behaviour management-ийн суурь техникүүдэд хүүхдийг эерэгээр ятган ойлгуулах, удирдахад чиглэгдсэн:

  • Хэлэх-Харуулах-Хийх
  • Ятган сэнхрүүлэх
  • Загвар өвчтөнийг харуулах
  • Анхаарал сарниулах аргуудыг ашиглана.

Эдгээр бүх техникүүд нь хүүхэдтэй идэвхтэй харилцан яриа өрнүүлэх, дуу хоолойныхоо тоныг тохируулж харьцах зэрэгтэй хавсран хүүхдийг шүдний эмчилгээнд дасгахад чиглэгдэнэ. Дуу хоолойныхоо тоныг тохируулж харьцах гэдгийг хүүхэдтэй харьцах практик туршлагаар олж авах бөгөөд хүүхдийн сэтгэлзүйн нөхцөл байдалд тохируулан дуу авиагаа өндөрсгөх намсгах байдлаар ятган сэнхрүүлэх явдал юм.

 

(Үргэлжлэл бий)

 


Tag:хүүхдийн шүд, behaviour management
Бусад
avatar