Идэвхжүүлсэн нүүрстэй оогоор шүдээ угаах, ургамлын тосоор амаа зайлах, жимсний хальсаар шүдээ зүлгэх зэрэг нь хэр үр дүнтэй вэ?
2017.08.11 1.0 0

Цасан цагаан шүд нь амжилттай яваа хүний илэрхийлэл гэсэн ойлголт хөгжингүй орнуудад байдаг. Иймд хүмүүс шүдээ ямар нэгэн аргаар цайруулж цасан цагаан инээмсэглэлээр гийгүүлэхийг эрмэлздэг нь нууц биш. Шүд хэрхэн цайруулах талаар өнөө үед интернэтийн орчинд төрөл бүрийн мэдээлэл байх бөгөөд нүүрс агуулсан шүдний оогоор шүдээ угаах, ургамлын тосоор амаа зайлах, жимсний хальсаар шүдээ зүлгэх зэрэг аргуудын талаар зөвлөгөөг хэн бүхэн харсан, сонссон байх. Тэгвэл эдгээр мэдээллүүд үнэнд хэр нийцэх талаар Австралийн Сидней хотын шүдний гоо сайхны эмч (cosmetic dentist) Dr Luke Cronin-ы Mail Online веб хуудсанд тавьсан зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

 

Идэвхжүүлсэн нүүрс агуулсан шүдний оо

Энэ нь идэвхжүүлсэн нүүрс бүхий шүдний оо ашиглан шүдээ угааж цайруулах аргачлал бөгөөд идэвхжүүлсэн нүүрс нь капсулд савласан эсвэл нунтаг байдлаар ирдэг. Үүнийг усаар зуураад шүдний оотой хольж шүдээ угаана.

Энэ аргачлалын гол зарчим нь идэвхжүүлсэн нүүрс нь кофе, цай болон улаан винонд агуулагддаг шүдний гадаргууд наалдаж өнгийг өөрчилдөг танин хэмээх нэгдэлийг шингээж авахад чиглэгддэг. Мөн идэвхжүүлсэн нүүрсэнд агуулагдах бусад нэгдэлүүд нь амны хөндийн эмгэг төрөгч нянгуудыг устгаснаар амны эвгүй үнэрийг арилгадаг гэж үздэг.

Хэдийгээр өнөөдөр худалдаанд гайхамшигтай цайруулах шинж чанартай гэж рекламдаж буй төрөл бүрийн идэвхжүүлсэн нүүрс худалдаалагдаж байгаа ч Luke Cronin эмч энэ аргачлал нь хүний биеийн эрүүл мэнд болон шүдэнд сайн эсэх талаар шинжлэх ухааны нотолгоо хангалттай биш байгааг анхааруулж байна.

“Энэ аргачлал нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа шиг тийм аюулгүй аргачлал мөн үү? гэдэг нь одоо ч тодорхой бус төдийгүй оонд агуулагдах нүүрс нь шүд болон буйлыг хэт их үрж гэмтээдэг байж болзошгүй” гэж тэрээр хэллээ.

 

Ургамлын тосоор амаа зайлах

Энэ аргачлал нь хоёр хоолны халбага хэмжээний ургамлын тосоор ам зайлагчийн нэгэн адил амаа зайлах явдал бөгөөд аюурведийн анагаах ухааны ургамлын тосонд агуулагдах нэгдэл нь амны хөндийд агуулагдах нянгийн гаралтай хорт нэгдэлүүдийг зайлуулдаг гэсэн ойлголтод үндэслэгдсэн. 20 минут орчим амаа зайлсаны дараа аман доторх эвгүй үнэр, амт алга болно гэж үздэг.

Dr Luke Cronin эмчийн хувьд энэ аргачлалыг хурцаар шүүмжлээд байдаггүй ч хүмүүст зөвлөдөггүй. “Хэрэв та энэ аргыг хэрэглэх гэж байгаа бол энэ аргачлалын сөрөг үр дагаварын талаар ямар нэг мэдээлэл байхгүй гэдгийг хэлэхэд таатай байна. Гэвч миний хувьд амаа зөвхөн ургамлын тосоор зайлсанаар амны хөндийн эрүүл мэндийн шаардлагыг бүрэн хангана гэж хэлэхгүй” гэж тэрээр анхаарууллаа.

Жимсний хальсаар шүдээ үрэх

Жимсний хальсны ашиг тусын талаар шүтэн бишрэгчид жүржийн болон гадил жимсний хальсаар шүдээ зүлгэснээр шүдний гадаргуу дээр тогтсон өнгө хувиргагч нэгдлүүдийг хялбархан арилгах боломжтой гэдэгт итгэлтэй байдаг. Харин Luke Cronin эмчийн хувьд энэ аргачлалд тийм ч итгэлтэй байдаггүй. Хэдийгээр энэ аргачлал нь нэг талаас шүдэнд ямар нэгэн аюул, эрсдэлгүй мэт харагдавч үр дүнтэй эсэх талаар эмнэлзүйн баримт нотолгоо байхгүй гэнэ. Тэрээр нэн ялангуяа жүржийн болон нимбэгийн хальсаар шүдээ зүлгэхдээ болгоомжлох хэрэгтэйг анхаарууллаа.

“Гадил жимсний хальс нь үндсэндээ аюулгүй боловч жүржийн болон нимбэгийн хальс нь өөртөө хүчил агуулдаг тул шүдний гадаргууг гэмтээж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж тэрээр хэллээ.

 

Эх сурвалж: Dailymail.co.uk


Tag:шүд цайруулах, амны эрүүл ахуй, гоо сайхан
Бусад
avatar