Амны хөндий дэх гальванизм буюу гальваны цахилгаан гүйдэл гэж юу вэ?
2018.07.08 0.0 0

Шүдний эмчилгээний салбарт метал ломбо буюу амальгаман ломбоны материалыг зажлалтын хүчийг даах чадвар, бат бөх, үнэ өртөг хямд, ашиглахад хялбар зэргээс нь болж он удаан жил ашигласаар байна. Амальгаман ломбоны материалын найрлаганд мөнгө, цайр, тугалга, зэс зэрэг металууд орохын зэрэгцээ найрлагын бараг тэн хагас нь мөнгөн уснаас бүрддэг.

Зарим хүмүүс амальгаман ломбоны зэрэгцээ алтан болон мөнгөн зоомол (inlay) ба метал шаазан бүрээстэй ч байх нь бий. Тэгвэл энэ хүний хувьд амандаа төрөл бүрийн металын нэгдлийг угуулж байгаа хэрэг бөгөөд эдгээр метал бүр нь өөр хоорондоо ялгаатай цахилгаан гүйдэл дамжуулах чадвартай байдаг. Ийнхүү амны хөндийд нэгэн зэрэг олон төрлийн метал байх нь тэдгээрийн хооронд цахилгаан цэнэгийн ялгаа үүсч гальваны цахилгаан гүйдэл үүсэх шалтгаан болно.

Гальваны цахилгаан гүйдэл буюу гальванизм нь амандаа өөр өөр төрлийн метал ломбо ба шүдэлбэр агуулсан ба тэдгээр нь цуварч эсвэл өөд өөдөөсөө харсан байрлалтай үед үүснэ. Мөн эрүү болон хоншоорын метал бүрээснүүдийн хооронд ч үүсч болно. Гальваны гүйдэл үүсэх гол шалтгаан нь метал ломбо болон шүдэлбэрийн гадаргуугаас металын ион ялгарч шүлсэнд уусах явдал юм.

Гальванизм буюу бичил цахилгаан гүйдэл нь метал ломбо юмуу бүрээсэнд санамсаргүй байдлаар метал халбага, савх эсвэл үзлэгийн багаж хүргэх үед тэдгээрийн хооронд цэнэгийн ялгаанаас болж хоромхон зуур цахилах байдлаар үүснэ. Энэ нь тухайн хүнд тэр хэсэгт хатгах, жирвэлзэх, ам халуу шатах, шорвог амт амтагдах, шүд хага таших, өвдөх зэрэг таагүй мэдрэмж үүсгэнэ. Гэхдээ амны хөндийн гальваны гүйдлийн хор уршиг нь зөвхөн амны хөндийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд бие эрхтэн тогтолцоонд системийн хэмжээнд үйлчлэл үзүүлж архаг хэлбэрийн ядаргаа, ой санамж муудах, толгой өвдөх, нойргүйдэх, цочромтгой болох зэрэг шинж тэмдэгээр илрэнэ. Энэ нь мөн төв мэдрэлийн системдч хор нөлөөгөө учруулдаг болох нь баримтаар нотлогдсон байдаг. Мөн амны хөндийн салстын эсүүдийг байнга ийнхүү цахилгаан гүйдлээр цочроох нь эсийн төлөв байдлыг өөрчилж хорт хавдарын шалтгаан болж болзошгүй.

Гэхдээ амны хөдийд олон төрлийн метал ломбтой хүн бүрт гальванизм үүсдэг гэсэн үг бас биш. Яг гальваны гүйдэл үүсч хүндрэх нь ховор тохиолдох зүйл бөгөөд үүний шалтгааныг тухайн хүний цахилгаан мэдрэг чанарын босго нам байгаатай холбон тайлбарладаг. Амны хөндийд хэр хэмжээний цахилгаан гүйдэл үүсч байгааг амны хөндийг гальваны гүйдэл хэмжигчээр хэмжиж тодорхойлно.


Tag:гальванизм, амны хөндий
Бусад
avatar