Хэлний хээ (tongue print) гэж мэдэх үү?
2018.07.12 0.0 0

Та бүхэн мэдээж хурууны хээ, алганы хээ, солонгон бүрхэвчийг компьютерээр уншуулах, дуу хоолой ба нүүр таних программ зэргийг хувь хүнийг ялган таних зорилгоор олон салбарт ашигладгийг мэдэх байх. Орчин үеийн дижитал төхөөрөмжүүд болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар эдгээр онцлог шинж тэмдэгүүдийг маш сайн таньж илрүүлж чаддаг болсон. Тэгвэл хувь хүнийг ялган таних шинжлэх ухаан технологийн хөгжил илүү өндөр түвшинд хөгжөөд байгаа өнөө үед хүний хэлний хээ буюу tongue print хувь хүнийг ялган таних бас нэг дараагийн томоохон шинж тэмдэг мөн үү эсэх дээр хэлэлцүүлэг өрнөж байна.

Хэлний анатоми

Хэл гэдэг нь угтаа хүний биеийн дотор байрлалтай боловч мэдрэхүйн зорилгоор биеэс гадагш цухуйж гардаг цорын ганц эрхтэн юм. Булчинлаг бүтэцтэй боловч гадуураа ягаан өнгийн чийлэг эдээр хучигдсан байх нь салст гэж нэрлэдэг. Нарийн томруулж харвал өөртөө олон тооны жижиг булцуут зүйл агуулах ба түүнийг хэлний хөхлөг гэнэ. Энэхүү хэлний хөхлөгүүд нь хэлний гадаргууг барзгар болгож гадаргуугийн өвөрмөц хэлбэр үүсгэнэ. Хэлний хөхлөгийн гадаргуу дээр мянга мянган амтлагч булцуунууд байрлана.

Хэлний үүрэг

Хүний зүрх тасралтгүй ажиллаж байдгийн адил хэл ч мөн тасралтгүй ажиллагаанд оршино. Хэл нь хүний биеийн хүчирхэг булчингуудын нэг юм. Амаар орсон хоол хүнсийг хооронд нь болон шүлстэй хольж залгихад хялбар болгоно. Дуу авиа, үг яриаг зохицуулах үүрэг гүйцэтгэнэ. Гаднаас амны хөндийд орж буй нян бактериудыг шүүх үүрэгтэй. Мөн дотор эрхтний толь болж өгөх тул эмч нар өвчний онош тавихдаа заавал хэлийг хардаг гэх мэт олон үүрэгтэй эрхтэн юм.

Хэлний хээ (tongue print) гэж юу вэ?

Хүнийг ялан таьдаг бусад онцлог шинжүүдийн нэгэн адил хүний хэл нь бусад өөр хүнээс ялгагдах онцлог шинжүүд агуулдаг. Үүнийг tongue print гэх бөгөөд үүнд хоёр чухал шинж чанарыг тусгаж өгнө. Нэгдүгээр чухал зүйл нь хэлний хэлбэр. Бид зарим хүний хэл урт, зарим нь богино байдгийг мэднэ. Гэвч энэ бол зөвхөн анхдагч ойлголт бөгөөд шинжлэх ухааны нотолгоогоор хүний хэлний гайхамшигтай олон төрлийн хэлбэр тогтоогдоод байна. Хоёрдугаар чухал шинж тэмдэг нь гадаргуугийн хэлбэр дүрс. Хэл нь маш олон төрлийн атираа, ирмэг, хөвөө, ул мөр агуулдаг. Эдгээр нь хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Энэ онцлог шинж чанарыг тодруулах зорилгоор Хятадын судлаачид хэлний 3D дүрслэлийн мэдээллийн сан байгуулахаар ажиллаж байна. Үүний тулд дээд зэргийн өндөр нарийвчлалтай дижитал камераар хэлний tongue print дүрсийг буулгаж, буулгаж авсан дүрслэлээ компьютерийн программд оруулж хувь хүнийг ялган таних мэдээллийн санд нэгтгэж хурууны хээний нэгэн адил хувь хүнийг ялган таних онцлог шинж тэмдэг болгон ашиглахаар бэлтгэж байгаа гэнэ.

Хувь хүнийг ялган таних tongue print-ийн нэгэн адил бас нэг онцлог шинж тэмдэг нь хэлэн дээр агуулагдах нян бактерийн онцлог байдал юм. 100 хүнийг хамруулсан судалгаагаар хэлэн дээрээс 400 өөр төрлийн нян бактерийн омгууд илрүүлсэнээс зөвхөн 2% нь л өөр хоорондоо адил байсан байна. Иймд нян бактериуд мөн хувь хүнийг ялган таних онцлог “signature” гэдэгтэй хэн бүхэн санал нэгдээд байна.


Tag:хэлний хээ, Анатоми, олон нийтэд
Бусад
avatar