Улаан вино - Шүдний өвчнөөс сэргийлэх ам зайлагчаар ашиглаж болох уу?
2018.08.30 0.0 0

Үдэш унтахдаа шүдний эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэн шүдээ угааж, шүд хоорондын завсар хоорондохоо шүдний утсаар цэвэрлэж бас зарим нэг нь нэмэлтээр ам зайлагч уусмалаар амаа зайлдаг. Тэгвэл эдгээр зүйлс дээр нэмэлтээр хэрэглэж болох нэг баяртай мэдээ дуулгахад унтахдаа вино уух нь шүдний эрүүл мэндэд тустай байж болох тухай нэгэн судалгааны материал нийтлэгдсэн байна.

Тодруулбал вино уух нь шүдний эрүүл мэндэд хор хөнөөлтэй нян бактерийн үржиж олшрох идэвхийг таслан зогсоодог тухай шинжлэх ухааны өгүүлэл ACS’ Journal of Agricultural and Food Chemistry сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Маш олон төрлийн ургамал болон жимс өөртөө полифенол хэмээх эрүүл мэндийн ашиг тустай нэгдэл агуулдаг. Полифенол нь зүрх судасны өвчин ба чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ашиг тустай болох нь нэгэнт тогтоогдсон байдаг. Үүний зэрэгцээгээр полифенолын бас нэг чухал үүрэг нь ходоод гэдэсний замын нян бактерийн өсөлтийг таслан зогсоодог явдал юм. Энэ үйлчлэл нь амны хөндийн эрүүл мэндийн ашиг тустай.

Полифенол өөрөө нянгийн эсрэг өндөр идэвхтэй үйлчлэлтэй ч харамсалтай нь улаан дарсанд маш бага хэмжээний полифенол агуулагддаг. Энэ нь дангаараа амны хөндийн нян бактерийн эсрэг шууд үйлчилж дийлэхгүй боловч полифенолын бас нэг чухал шинж чанар нь нян бактерийг эстэй холбогдох явцыг удаашруулах, саатуулах үйлчлэлтэй.

Шүдний өвчлөлийн гол шалтгаан болдог Streptococcus mutans бактери л гэхэд полифенолын үйлчлэлээр 20-40%-аар үйл ажиллагааны идэвхээ алдаж байгааг тогтоосон байна. Мөн шүдний тулгуур эдийн өвчний гол шалтгаан болдог Porphyromonas gingivalis нян ч идэвхээ алдаж байжээ.

Судлаачид өгүүллийн дүгнэлт хэсэгтээ “усан үзэмний гаралтай полифенолыг шүд цоорох өвчин ба шүдний тулгуур эдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх байгалийн гаралтай аргачлал байдлаар дангаар нь ашиглаж болохоос гадна бусад эмчилгээтэй хавсруулан ашиглаж болно” гэж дүгнэснийг дуулгахад таатай байна.

Улаан вино мэдээж шүдний өнгө хувиргадаг сөрөг талтайг мартаж болохгүй ч шүдний өвчөөс сэргийлэх ашиг тусыг нь бодвол оройдоо ганц хундага виногоор амаа зайлахад юу нь болохгүй гэж...


Tag:урьдчилан сэргийлэлт, шүдний өвчин, вино
Бусад
avatar