Face lift dentistry - Шүдний гоо сайхны эмчилгээний нүүр өргөж залуужуулах увдис
2018.11.14 0.0 0
Шүд бол бидний ойлгодог шиг хоол хүнсийг зажилж бутлахаас илүү олон чухал үүрэгтэй. Үүний нэг нь хүний нүүрний төрх байдлыг тодорхойлох явдал юм. Үүний хамгийн энгийн жишээ нь хүмүүсийн насжилтын шалтгаантай нүүрэнд гарах өөрчлөлт. Анзаарч харвал нас ахиж шүд элэгдэхийн хэрээр хүмүүсийн хацар унжиж, шанаа ёнхойж тэр хэсгээр үрчлээс улам илүү болдог. Энэ нь хүмүүсийг наснаас нь илүү хөгшин харагдуулах шалтгаан болно. Тэгвэл Face lift dentistry нь хүний нүүрний ерөнхий гоо сайхныг нөхөн сэргээх, хадгалахад чиглэгдсэн шүдний гоо сайхны цогц эмчилгээний төрөл юм. Энэ нь нүүрэндээ ямар нэгэн мэс засал хийлгэлгүйгээр нүүрний ерөнхий төрхийг сэргээх, залуу харагдуулах боломжийг олгодог. 
 
Эмчилгээний үндсэн зарчим
Face lift буюу нүүр өргөх эмчилгээ нь шүдний эгнээ хоорондын хоршихуйд тохиргоо хийж, зуултыг өндөрлөх замаар нүүрний ерөнхий төрхийг өндөрлөх зарчимд тулгуурладаг. Насжилтийн улмаас шүдэнд үүссэн элэгдлийг нөхөн сэргээж зуултыг өндөрлөж өгөх нь хоол хүнс зажлах бутлах өдөр тутмын үйл ажиллагааг илүү сайн гүйцэтгэх боломж олгох төдийгүй үүнийхээ зэрэгцээгээр ам, хацар, шанаа ясыг залуу хүмүүсийн адил хэвийн харагдуулах боломжийг нээж өгнө. Эмчилгээний дараа шүд илүү гоо сайхан харагдаж тухайн хүний инээмсэглэл, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ. 
 
Face lift эмчилгээний ач тус
Энэ эмчилгээний үр дүнд шүдэнд тулгардаг олон согог гажигуудыг тухайлбал гүн болон зөрмөл зуултыг нэгэн зэрэг засварлаж нөхөн сэргээх боломж олгоно. Үүдэн шүднүүдийг өндөрлөж, хэлбэрийг зассанаар амны хөндий болон нүүр дагаж өргөгдөнө. Шүдний хоршихуйн иж бүрэн шинжилгээ хийж хоршихуйн иж бүрэн засвар хийх нь эрүү чамархайн үений эмгэг (TMD), өвдөлтөөс ч ангижрах боломж болгоно. Шүдний хэлбэр дүрс засагдаж амны хөндийн доторх зай уужуу болохын хэрээр түүнийг дагаж дуу авиа, хэл яриа илүү хурц тод болж сайжирна. 
Энэ ажилбар нь мэс заслын төрөлд хамаарахгүй тул гоо сайхны мэс заслын адил унтуулга мэдээ алдуулалт, мэс заслын үе дэх өвдөлт, мэс заслын дараах эдгэрэлтийн хугацаа зэрэг зүйл байхгүй. Мөн шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэх үеийн зүүхэд эвгүй брекет шүдэн дээр наах, байнга шүдний эмчид очиж хянуулах зэрэг бэрхшээлтэй асуудал мөн гарахгүй. 
Шүдний согог заслын томоохон эмчилгээний үеийнх шиг эрүүл шүдийг ч мөн хэт өрөмдөх зорох асуудал байхгүй. 
Тухайн хүний шүдний хэлбэр болон зуултын онцлогт тохируулан шүдний үндсэн өнгөтэй адил өнгөтэй шаазан нүүрэвч (veneer) шүдэн дээр наах замаар шүд хоорондын зай, зуултыг өндөрлөдөг. Шүдний гоо сайхны facelift ажилбар нь зөвхөн үүдэн шүдийг өндөрлөх бус бүх шүдний эгнээг нэлэнхүйд нь хамруулдагаараа бусад гоо сайхны эмчилгээнээс ялгаатай. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Tag:шүдний гоо сайхны эмчилгээ, face lift, veneer
Бусад
avatar