Бид бүхний халамжит хань, элбэрэлт ээж, хайр хүндэтгэлийг хүлээсэн дүү,эгч ,анд найз Жүрмэдийн Баяраа нь 2021 оны 10 дугаар сарын 30 ний өдөр өвчний улмаас насан эцэслэж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиолоо.
Бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн Жүрмэдийн Баяраа нь 1952 онд Завхан аймгийн Завханмандал суманд төрж,1977 онд АУДэС- ийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгсөж,Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа нүүр ам судлалын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт тасралтгүй 44 жил ажиллаж зүрх сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн.
Ж.Баяраа нь 1977-1989 онд Сүхбаатар районы хүүхдийн нэгдсэн II эмнэлэгт тасгийн эрхлэгчээр, 1989-1998 онд клиникийн нэгдсэн II эмнэлэгт Хүүхдийн нүүр амны тасгийн эрхлэгчээр,1998-оноос “Инээд Баясал” шүдний эмнэлгийн захирал, зөвлөх эмчээр өнөөг хүртэл ажиллаж ирсэн чадварлаг зохион байгуулагч, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн алтан гартай эмч байлаа.
Тэрээр 1992 - 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүдний эмчээр итгэмжлэгдэн сонгогдож төр засгийн тусгай үйлчилгээний нэр хүндтэй албанд үнэнчээр хүчин зүтгэж байсан юм. Ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндрөөр үнэлж Монголын хүүхдийн нүүр амны зөвлөх эмч, Клиникийн профессор, Анагаах ухааны магистр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан юм.
Таны минь гэгээн төрх, энэрэнгүй сайхан сэтгэл, ажилч хичээнгүй , шударга дайчин зан чанар бидний зүрх сэтгэлд үеийн үед мөнхрөн үлдэх болно. Үр хүүхдийнхээ ачлалт ээж, өрх гэрийнхээ халамжит хань, ах дүү,найз нөхдийнхөө өмөг түшиг, үлгэр жишээ болсон та минь эх болсон дэлхий, энхрий монгол нутагтаа, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөөрэй. Ум сайн амгалан болтугай!
ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, АХАН ДҮҮС