Энэ удаагийн дугаарт бид 15 гаруй жил НАС-ын салбарт шүдний эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлж байгаа Оюудент ХХК-ийн захирал С. Амаржаргалыг урилаа. Шүдний эмч мэргэжилтэй, тэр дагуу мэргэжил нэгт эмч нартаа бусад улс оронд хэрэглэгдэж байгаатай адилхан, чанартай сайн материал хүргэх зорилгоор Дэлхийд тэргүүлэх олон компанийн Монгол дахь төлөөлөгч болон ажиллаж байна. Үүнийхээ зэрэгцээ НАС-ын салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд орчин үеийн шинэ материал, эмчилгээний технологийн талаар сургалт зохион байгуулж тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах зорилгод хувь нэмэр оруулдаг. Тэрээр энэ жилийн 4 сард дараагийн том сургалтаа Dentaurum компанитай хамтран ХБНГУ-д зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Өөрийн ажил амьдралын түүхээс хуваалцаач?
Монгол улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. 1990 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдүгээр 10 жилийн сургуулийг төгссөн. Миний хувьд эцэг эхээс арвуулаа, өнөр өтгөн гэр бүлийн гишүүн. Анагаах ухаан болон эрүүл мэндийн талын ямар ч мэдлэг байхгүй, эмнэлэг уруу бараг явдаггүй тийм л орчинд өссөн хүмүүс шүү дээ. Ямар ч байсан заавал дээд сургуульд орно гэсэн зорилт тавьсан байсан. Уралдаант шалгалтанд орж, тэр үед Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний эмчийн ангийн гурав, хүүхдийн эмчийн ангийн гурав, шүдний эмчийн ангийн нэг, эм зүйчийн ангийн нэг хуваарь ирснээс шүдний эмчийн ангийг сонгосон. Багын найзын маань ээж Ч. Балжаа шүдний эмч хийдэг байсан. Бодвол тэр хүнийг дуурайх гэсэн юм уу даа. Бас ах эгч нар ч шүдний эмчийн анги зүгээр гэж зөвлөн 1990 онд Анагаах ухааны дээд сургуулийн шүдний ангийн оюутан болсон.
1995 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийн шүдний ангийг төгсөж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эмчээр томилогдон очсоноор миний ажил, амьдралын гараа эхэлсэн дээ. Тэр үед Улсын зардлаар сурсан учраас өөрийн сонирхлоор ажиллана гэх зүйл байхгүй шууд л аймгын удирдлагаас хувиарладаг байлаа. Хөдөө орон нутгийн эмчийн ажлын хүндрэл бэрхшээл, хүндлэл, сайханыг зах зухаас нь мэдэрсэн.
Дараа нь Улаанбаатар хотод ирж хүүхдээ энд төрүүлж, нөхөр минь ч сургуулиа төгсөж гэр орноо төвхнүүлэх зуур, хувийн хэвшилд шилжиж эхэлж байсан хувийн шүдний эмнэлгүүдэд шүдний эмчээр ажиллаж байлаа.
2000 оноос өөрийн шүдний эмнэлэг байгуулахаар шийдэн Оюудент ХХК-ийг үүсгэн байгуулж, Төмөр замын эмнэлгийн хажууд анх шүдний эмнэлэгээ байгуулан нэг сувилагч, нэг асрагчийн хамт гурвуулаа ажиллаж эхэлсэн. Тэр үед хүмүүс хувийн эмнэлэг олноор байгуулж эхлэн, зах зээлийн төлөө өрсөлдөөн ид явагдаж байлаа. 2001 он хүртэл мэргэжил дээшлүүлж хиймэл шүд болон эмчилгээний курст сууж суралцсан байсан. Тэр чиглэлээрээ хувийн эмнэлэгтээ үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Гэртээ ойрхон учраас Төмөр замын эмнэлэг хавьдаа 2, 3 жил түрээсийн байранд ажиллаж байгаад Хан-Уул дүүрэгт байр худалдаж аваад хэсэг хугацаанд ажиллаж байсан. ТБД Андууд, Төмөр замын дунд нэг байранд нүүж ороод тэндээ суурьшин 10 гаран жил ажилласан. Ер нь бүхнийг дороос нь эхэлж өөрийн гараар бүтээж, хийнэ гэдэг амттай байдаг шүү дээ.
Социализмын үед ажиллаж байсан бидний эцэг эхэд өв хөрөнгө гэх зүйл байхгүй. Банкнаас зээл аваад л эмнэлэгээ нээж байсан. Эмнэлэг байгуулаад үйл ажиллагаа явуулж эхлэхэд олон төрлийн материал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж шаардагдана. Гэвч материал нь хүрэцлээгүй, олдоц муутай, улсын эмнэлгүүдэд улсаас хангаад өгчихдөг, хувийн эмнэлгүүд бол одооных шиг гүйж очоод авчих газар байгаагүй. Ц. Норовпил багшийн Арона эмнэлэг дээр бага хэмжээний материал хэрэгсэл байдаг, өөрсдөдөө хэрэглээд илүү гарсныгаа бусад эмнэлгүүдэд борлуулдаг байлаа.
Мэргэжлийн хүний хувьд, хувийн эмнэлэг ажиллуулж байгаагийн хувьд тулгараад байгаа энэ бэрхшээлийг шийдэхээр зориг шулуудан шүдний материал, хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагааг эрхлэхээр шийдсэн. 2006 оноос шүдний эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу ЭМЯ-аас авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анх эмнэлэг дээрээ хамт зардаг байснаа өргөжиж ханган нийлүүлэх хэсэгээ тусад нь болгосон. Өөрсдийн хүч хөдөлмөрийг зарцуулж олсон цалин мөнгө, бүх орлогоо л ханган нийлүүлэх үйл ажиллагаандаа оруулж их л хөдөлмөр зарцуулж босгосон доо. Шүдний материалын зах зээлийн хангалтыг сайжруулахаар янз бүрээр оролдож Арона, Зонне эмнэлэгүүдтэй хамтран хэрэглээний материалуудаа багцлаад дундаасаа нэг худалдагч гарган материалын нэгдсэн худалдаа хэлбэрээр юм байгуулах гэж хүртэл оролдож эхлүүлж байлаа.
Оюудент компаний бүх ажилчид, гэр бүл, найз нөхөд, манай салбарын бүх мэргэжил нэгтнүүд та бүхэн дэмжиж байгаагийн үр ачаар үйл ажиллагаа маань өргөжин тэлж НАС-ын салбарын материал, хэрэгсэлийн хангалт сайжран хөгжиж байна.
Таны баримталдаг зарчим, үнэт зүйл юу вэ?
Хичээнгүй хөдөлмөрлөж зөв замаар, зөв удирдаад явбал өмнөх зам чинь өөрөө гэрэлтэж байдаг. Тэр утгаараа аливаа асуудалд бүтэхгүй байна гэж хойш суулгүй аль болох бүтээх талаас нь ингээд хийчихье, өөрчилчихье гээд хичээж ажиллахыг боддог. Хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг, хийх гэж барьж авсан зүйлээ хийчихнэ. Тэрнийхээ тусламжтайгаар олон давааны ард гарсан байх.
Миний хувьд хамгийн үнэт зүйл гэвэл эрүүл мэнд, эцэг эх, гэр бүл, эрдэм мэдлэг. Дараа нь юу юунаас илүү үнэ цэнэтэй миний мэргэшсэн мэргэжил минь. Эзэмшсэн мэргэжилээ үнэхээр сайхан гэж бодож, бахархаж явдаг. Анхандаа эмчээ л хийдэг, тэрэндээ дуртай, материал худалдааны ажилд бараг оролцдоггүй байсан ч хариуцсан мэргэжилтэн маань ажлаасаа гарсан учраас түлхүү оролцохоос өөр сонголтгүй болсон. Анагаахын сургууль хамт төгссөн шүдний эмч Ж. Ариунсанаа, найз минь ирж ажилласнаар эмнэлэгээ хариуцлагатай, найдвартай эмчид хариуцуулаад өөрөө материал худалдаандаа сүүлийн жилүүдэд анхаарч байна.
Одоо хийж байгаа ажлын онцлог тал юу вэ?
Материал худалдаан дээр ажиллахад эмчийн ажлаас тэс өөр бичиг цаас, эмхлэх цэгцлэх, компьютер дээр хийх зүйлс ихтэй түүнийгээ дагаад ажлын цагийн дэглэм эрс өөрчлөгдөж байна.
Манай Оюудент ХХК-ий шүдний эм, хэрэгсэлийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа нилээн өргөжиж энэ чиглэлийн дэлхийн том том үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах боллоо. Одоогоор манайх 15 улсын 40 гаран үйлдвэрлэгч болон борлуулагч компаниудтай хамтран ажиллаж бүтээгдэхүүнүүдийг нь импортлож Монголын НАС-ын зах зээлийг хангаж байна. Эдгээр компаниудын жагсаалтыг ярилцлагын сүүлд хавсаргавал НАС-ын мэргэжилтнүүдэд маань сонирхолтой байх болов уу гэж бодож байна.
Жишээлбэл: Гажиг заслын материал, багаж үйлдвэрлэдэг Германы Dentaurum компанитай хамтран ажиллаж байна. Дэлхийн бараг бүх улс орнуудад дистрибьютортой боловч Монгол улс хүн ам цөөтэйгөөс шалтгаалж борлуулалт бага байдаг боловч бидэнтэй хамтран ажиллаж байгаад бид баяртай байгаа. Одоо 2020 оны 4-р сард Монголоос анх удаа Dentaurum компани дээр “Мини имплантыг хэрэглэх нь” сэдэвт сургалт зохион байгуулах гэж байна. Дэлхийд нэртэй компаний мэргэжилийн профессороос хичээл сонсоно гэдэг гажиг заслын эмч нарт нилээд том боломж болох болов уу.
Мөн 4 жилийн өмнөөс Германы Kulzer компаний бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрээс нь нийлүүлж байна. Kulzer компанийг монголын нүүр ам судлалын мэргэжилтэнүүд Чаризма Смарт, Классик, Даймонд, Шаазан шүд хийдэг HeraCeram, Хуванцар тагнайн Meliodent материалаар нь аль хэдийн таньдаг болсон.
Сүүлийн үед манай компани Германы Ritter үйлдвэрийн Суурин шүдний машин бусад тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж Эмнэлэгүүдэд санал болгож байна. Манай эмч нар Европийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэтэй гэж боддог гэвч Хятад, Солонгосын үйлдвэрүүдийн үнэнээс тиймч өндөр биш харин чанар нь хамаагүй илүү байдаг.
Нүүр ам судлалын сургуулийн Согог заслын тэнхимтэй хамтарч Монголд анх удаа хоршилтын сургалтыг 2019 оны 5-р сард зохион байгууллаа. Энэ сэдэв орхигдоод байгаа юм байна, энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг өгсөн, олон эмч нар хамрагдсан үр өгөөжтэй сургалт болсон. Үүний үр дүнд манай томоохон эмнэлэгүүд болох Басхүү имплант, Зонне ,Орал кэй зэрэг шүдний эмнэлэгүүд орчин үеийн артикулятор Denar 330-ыг ашигладаг болсонд баяртай байна. Артикулятор ашигласнаар эмчилгээний үр дүн эрс нэмэгдэх болно.
10-аад жилийн өмнөөс Японы Мани компанийн албан ёсны төлөөлөгч болон ажиллаж байна. 2019 оны 10 сард тус компани болон Нүүр Ам Судлалын Сургуулийн Хүүхдийн тэнхим, Японы Ниппон Их Сургуулийн Эмчилгээний тэнхимтэй хамтарч профессор, доктор Казуо Китамура багшийн хамт сувгийн эмчилгээний сургалт зохион байгууллаа.
Цаашдаа ямар зорилго тавьж ажиллаж байна вэ?
Мэргэжил нэг шүдний эмч, техникчидээ дэлхийн стандартад нийцсэн, олон улс оронд дистрибьютортой компаниудыг сонгож, аль болох сайн, чанартай материалаар хангахыг л зорьж ажиллаж байна даа. Тэнд Герман, Англи эмчийн хэрэглэж байгаа материалыг энд монгол эмч ч адилхан хэрэглэдэг болгох. Би ч гэсэн энэ материалыг хэрэглэдэг шүү дээ гээд өөр улсын эмчтэй уулзахад хэлэх үгтэй байвал сайхан гэж боддог. Тэрнээс гадна чанартай материал хэрэглэвэл эмч хүний эмчилгээний үр дүн сайн гарна. Би сайн материалаар хийж байгаа учраас миний эмчилгээ сайн болно гэсэн бат итгэлтэй байхын тулд манай салбарын эмч нар манай материалаас авч эмчилгээндээ хэрэглэдэг болов уу.
Ер нь материал судлалын тэнхимтэй болвол хэрэгтэй юм шиг санагддаг. Шүдний эмч болоход хэрэгтэй суурь ойлголтуудын нэг. Материал судлалын салбар их хурдацтай өргөжин тэлж байна. Ийм химийн нэгдэл агуулсан ломбоор шүд ломбодвол яаж нөлөөлөх вэ, хэр бат бөх байх бол, Монгол хүнд хэр таарамжтай байх, идэж буй хоол хүнстэй хэрхэн тохирох вэ , хор хөнөөлтэй юу, агшилт өгөх үү, үрэвсэлийг хэрхэн дарж байна гээд л унших юм нилээн их байдаг. Эмч найрлагыг нь уншаад мэдчихдэг, ойлгочихдог байвал сайн эмчилгээ хийхэд хэрэгтэй.
Бас нэг бидний хийх ёстой одоо орхигдоод байгаа асуудал бол Шүдний эмч өдөрт хэдэн цаг ажиллах ёстой, норматив нь хэд байдаг, шүдний эмчийн ажилыг хэрхэн үнэлгээ тооцох талаар ярих хэрэгтэй байна.
Өдөр тутам химийн бодис агуулсан материалуудтай харьцаж, түүгээр амьсгалж байна. Үйлчлүүлэгчийн амны хөндийд байгаа бактераар, бохирлогдсон агаараар амьсгалж байгаа зэргийг анхаарч ажлын байрны норм норматив, нөхцөл, эрүүл ахуйн стандартыг эргэн харж шүдний эмч нарын онцлогт тохируулан өөрчилж гаргах хэрэгтэй байна гэж бодож явдаг.
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж стрессээ хэрхэн тайлж байна вэ?
Эрүүл мэнд талаасаа анхаарч гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч цан, чаргаар гулгадаг. Мөн амарч байгаа өдрөө гэртээ хоол хийгээд өнгөрөөх сайхан байдаг. Би чинь хөдөө өссөн хүн болохоор өндөр байшингуудыг харахаар давчдаад байдаг юм. Агаар салхинд гарч уул ус харахаар өөрийн эрхгүй сэргээд л ирдэг. Тэр утгаараа зуны сайхан цагт Монгол орныхоо очиж үзээгүй байгалын сайхан газруудаар аялах дуртай.
Таны ажлын өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөө бүр хүүхдээ хүргэж өгнө. Тэгээд аль болох эртхэн ажилдаа ирнэ. Ирээд л янз бүрийн лиценз авах, хил гаалиар оруулж ирэх бичиг баримтыг нь бүрдүүлж өгнө, ажил төрлийн холбоотой хүмүүстэй утсаар ярина нэг захаас нь нэг нэгээр нь хийгээд цэгцлээд л тайлан тооцоо гаргаад л явдаг. Хажуугаар нь гэрийн эззэгтэйн ажлаа амжуулна. Ажил их шүү.
Манай том хүүхэд, 2002 онд сургуульд орсон үеэс л өглөө бүр эрт босч байна, 5:30 гэхэд л босчихдог. Энэ хэмнэлээрээ босоод хоол хийж идчихээд ажилдаа явдаг. Хүн өөрийн залуу цаг үедээ яаж хэвшсэн яг тэрүүгээрээ л байдаг юм байна.
Цагаа хэрхэн хэмнэж юун дээр төлөвлөдөг вэ?
Хийх ажлуудаа аль болохоор зөв зохицуулахыг хичээдэг. Өөрөөр хэлвэл цагийг үр ашигтай өнгөрүүлэхийг эрмэлздэг, минут ч гэсэн илүү гарвал нэг юм уншчих юмсан, хийчих юмсан гэж боддог. Бүх ажлуудаа төлөвлөдөг. Дэвтэр дээр, утсан дээр бичиж тэмдэглэнэ. Хийх зүйлүүдээ нэмээд хийж дуусгасан зүйлсээ хасаад маргааш дотор багтааж хийх зүйлсээ давхар жагсааж бичээд явдаг.
Хэр их уншдаг вэ?
Ихэнх цагийг уншихад л зориулж байна. Шинэ материал юу байна, интернэтээс хайж олж уншдаг. Өглөө орж ирээд компютероо нээгээд имэйлээ шалгана. Компаниудаас манайх ийм шинэ бүтээгдэхүүн гаргалаа гэх мэт ямар мэдээлэл ирсэн байна, үзнэ. Байнгын мэдээлэлтэй байдаг тул унших юм нилээд байдаг.
Мөн багаасаа уран зохиолын ном унших дуртай. Монголын уран зохиолыг түлхүү уншдаг. Одоогоор М. Л. Стедмэнийн “Tэнгисийн дундах гэрэлт цамхаг” номыг уншиж байна. Ном уншихаар бас стресс тайлагдана. Аль болох орхихгүй уншихыг л бодож явдаг.
Юунаас эрч хүч урам зориг авдаг вэ?
Гар нийлж ажиллаж буй хамт олон, ирж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчидээсээ урам зориг авна. Нэг хүн ороод гарахад танайх шинэ материалтай болсон байна, сайхан өргөжижээ гэхээр урам зориг авч энийг ингээд хийчих юмсан, сайн үйлчилчих юмсан гэх хүсэл төрдөг. Хайгаад явж байсан материалаа орж ирээд олоод аваад явчихвал өмнөөс нь их баярлана.
Таны авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Шүдний ангид суралцаж байхад М. Ичинхорлоо, Л. Мөнгөнцэцэг, Н. Оюун, Б. Оюунбат, Н. Пүрэвжав, Б. Амарсайхан, талийгаач Х. Цолмон, Л. Давааням, Г. Нацагдорж, Д. Одончимэг багш нар маань мэргэжилийн хичээлүүдийг ордог байсан. Тэр үеийн багш нар их чанга байлаа. М. Ичинхорлоо багш бид нарыг бүтэн өдөржин суулгаж байгаад шүдний анатомийг баримлын шавраар хийлгэдэг байсан. Хэдэн сувагтай хаашаа тахир байна яг хийлгэж байгаад л гаргана. Бид нүдээрээ хараад гараараа бариад үзсэн юм шиг шүдний анатомийг хийдэг байлаа.
Манай ангид Б. Оюунбат багш эмчилгээний хичээл тасралтгүй орсон. Ангийнханы маань эмчилгээний арга барил яг Б. Оюунбат багшийн арга техник, хэлсэн зүйл, баримталдаг зарчимаар л явдаг. Бүгдээрээ амжилттай сайн эмчилгээ хийгээд явж байна. Зөвлөгөө гэхээсээ илүүтэй багш нарийхаа байгаа байдлаас нь харж их зүйл суралцсан даа. Тийм их зүйл сургаж зааж өгсөн багш нартаа их талархдаг. Одоо ч гэсэн зарим багш нартайгаа холбоотой ажиллаж байна.
Шүдний өвчлөл өндөр байгаад, та өөрийнхөө үзэл бодлоос хуваалцаач?
Шүдний өвчлөл сүүлийн үед нилээн ихсэж байгаа харагддаг. Хүүхдүүдийн амыг ангайлгаад харахад бүтэн эрүүл шүдтэй хүүхэд ер нь их цөөхөн байна. Миний олж харсанаар хүнсний аюулгүй байдалаас шалтгаалж байх шиг байна. Хүнс судлаачид буюу хүнсний эрүүл ахуйчид бас чухал үүрэгтэй оролцох ёстой болов уу. Одоо дэлгүүр ороод харахад сахар агуулаагүй хүнсний бүтээгдэхүүн, химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн авья гэхээр бараг олдохгүй байна. Үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Талх чихэр ХК, Атар өргөө ХК, Мах импекс ХК, Сүү ХК-иуд технологи нь алдагдаагүй байх гэж итгээд л авч байна.
Монгол сүү цагаан идээ эрүүл байлгах хамгийн сайн хүнс гэж боддог. Зөв хоол хүнсээ хэрэглээд, шүдээ зөв угааж чадвал шүдний цоорлоос бүрэн хамгаалах боломжтой.
Шүдний эмч болж байгаа залуу эмч мэргэжилтнүүдэд хандаж хэлэх таны зөвлөгөө юу вэ?
Эхлээд би юу чаддаг вэ гэдгийг олох, өөрийн чадварыг сорих. Манай салбар олон чиглэлээр хөгжиж байна шүү дээ. Энэ дундаас би яг энэ чиглэлийн мэргэжилтэн болоход чадна гэж төлөвлөж хамгийн түрүүнд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Мөн би чадна гээд бүх зүйлийг хийх гэж дайрах хэрэггүй, шүдний эмч гэдэг бүх зүйлийг хийх боломжтой мэргэжил биш. Өөрийнхөө яг сонгосон нэг зүйлийг барьж аваад шаргуу хөдөлмөрлөж, тэрнийхээ үр дүнг хардаг байвал сайн.
Яг төгсөөд клиник дээр гарах гэж байгаа оюутнуудад зөвлөхөд нэгдүгээрт хөдөлмөрлөхөд бэлэн бай, хөдөлмөрлөх тусам чиний үнэлэмж сайжирна, хоёрдугаарт шинэ зүйлсийг эрэлхийлж, суралцахад бэлэн бай, гуравдугаарт өсөх тохиромжтой цагыг мэдрээрэй гэж захья.
Манай дараа дараагийн дугаарт хэнийг санал болгомоор байна вэ?
НАС-ын салбарт өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулж байгаа эмч нар олон байна. Тэр дундаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг зөвлөгөө эмчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа Аз дентал эмнэлгийн үүсгэн байгуулагч О. Түмэндэмбэрэл эмчийг санал болгомоор байна.
Оюудент ХХК-тай хамтын ажиллагаатай гадаадын түншүүдийн жагсаалт