Сүүлийн үед Монголд хэрэглэгдэж эхэлж байгаа MINISTAR аппаратны тухай
Нүүр ам судлалын согог заслын салбар нь эрчимтэйгээр хөгжин, жил бүр хүний ажлыг хөнгөвчилсөн шинэ техник технологиуд нээлтээ хийсээр байна. Үүний дагуу богино хугацаанд чанартай сайн шүдэлбэр хийх боломжтой MINISTAR аппаратны тухай товчхон мэдээ хүргэж байна.
Үйлчлүүлэгчээс хэв авч загвар дээр ажилладаг энэхүү аппарат нь сканнердах технологиор тоноглогдсон даралтын хэвтэй аппарат юм. Сканнер нь кодчилсон материалыг уншиж, халаах хугацаа, температур, хөргөлтийн цаг гэх мэт бүх чухал үзүүлэлтүүдийг програмчлах боломжтой. Хэрэглэхэд хялбар мембран товчлуур болон том дэлгэцтэй ба үйлдлийн бүх параметрүүдийг дэлгэц дээр харж хянадаг.
Уг аппарат нь миллиметрийн аравны нэгээс таван миллиметр хүртэл зузаантай янз бүрийн хэлбэртэй хуванцрыг шахдаг.
Аппарат дээр хийгддэг зэмсгүүд:
- Цайруулалтын аппарат,
- Гажиг заслын бэхжүүлэгч,
- Спортын хамгаалалт,
- Хавиралтын эсрэг хамгаалалт
- Зай барих авагддаг гажиг заслын зэмсэг
Давуу тал:
- Хурдан ажилладаг
- Алдаа бага гардаг
- Олон зэмсэг хийх боломжтой
Сул тал:
- Зарим зэмсгийг хийхэд 3D принтер хэрэгтэй
Одоогоор монголд Naradent, Digital Dental Office гэх эмнэлэгүүд дээр ашиглагдаж байна.
Мэдээлэл бэлтгэсэн, нийтлэлч: А.Бүжинлхам