Сийлант гэдэг нь шүдний цоорлоос сэргийлэх зорилгоор байнгын бага араа болон араа шүдний зажлах гадаргууд тавьдаг хуванцар хамгаалалт, ломбо юм.
Ховил битүүлэх ломбыг шүдэнд яагаад хэрэглэдэг вэ?
Бага араа болон араа бүлгийн шүднүүд нь зажлах гадаргуудаа гүнзгий ховил хонхор ихтэй байдаг бөгөөд тэдгээр ховилуудад хоол хүнсний зүйлс хуримтлагдаж, угаагдах боломжгүйн улмаас шүд цоорох өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг. Эдгээр ховилууд нь зарим нь хэт гүнзгий байдаг бол зарим нь хэт гүнзгий мөртөө хэт нарийхан буюу ердөө сойзны ганц үс орохоор зайтай байх нь бий. Ийм нарийн гүн ховилд тогтсон шүдний өнгөрийг цэвэрлэх бараг боломжгүй байдаг. Иймд энэ хэсэгт өнгөр хуримтлагдан нян үржиж нянгийн бодисын солилцооны бүтээгдэхүүн болох хүчил ялгарч шүдний пааланг түлж гэмтээснээр паалан цоорч хөндий үүсдэг. Тэгвэл сийлант нь эдгээр ховил хонхорыг битүүлж өгсөнөөр шүдний ховилд өнгөр тогтож нян үржих боломжгүй болно.
Сийлантыг хэзээ тавиулах нь зүйтэй вэ?
Сийлантыг сүүн ба байнгын шүдэнд хэрэглэж болно. Байнгын шүдний хамгаалалтын зорилгоор нэгдүгээр араа шүд буйлнаасаа цухуйж гарч ирсэний дараа хамгийн анх тавиулах нь зүйтэй гэж үздэг. Энэхүү нэгдүгээр араа шүд нь сүүн шүднүүдийн ард байх хоосон орон зайд ургадаг. Шүдний зажлах гадаргууг сийлантаар хааж өгсөнөөр шүд цооролд өртөх эрсдэл арилна. Үүний дараа бусад араа ба бага араа шүднүүд шинээр ургах болгонд сийлант тавиулах нь зүйтэй.
Сийлантыг бага араа ба араа шүднүүдийн л зөвхөн зажлах гадаргууд хэрэглэх үү?
Смйлантуудыг ихэнхдээ бага араа, араа шүднүүдийн зажлах гадаргууд тавьдаг нь энэ гадаргууд гүн гүнзгий ховил хонхор байдагтай холбоотой. Гэхдээ сийлантыг бусад бүлгийн шүднүүдэд ч мөн хэрэглэж болно. Хэрэв шүднүүдэд гүнзгий ховил хонхор байх л юм бол түүнийг сийлантаар таглаж өгөх нь зүйтэй. Хүүхдийн сүүн араа шүднүүдэд ч гүн ховил хонхор байдаг тул шүдний эмч нар сүүн шүдэнд сийлант хэрэглэдэг.
Сийлантыг насанд хүрсэн хүмүүс хэрэглэж болох уу?
Болно. Насанд хүрсэн хүмүүсийн шүдэнд цооролд өртөх эрсдэлтэй гүн гүнзгий ховил хонхор байвал сийлантаар таглаж өгөх хэрэгтэй.
Сийлант шүдэн дээр хэр удаан тогтох вэ?
Сийлантуудыг 1970-аад оноос шүдний салбарт ашиглаж эхэлсэн. Маш олон эмнэлзүйн туршилт судалгаагаар энэ нь шүдний цоорлоос сэргийлдэг болох нь тогтоогдсон байдаг. Сийлант нь шүдэнд удаан хугацаанд тогтох чадвартай нь олон туршилтаар батлагдсан. Технологийн зарим хүчин зүйлсийн улмаас сийлант унавал солиулж дахин тавиулж ч болно.
Сийлант хэрэглэж байгаа үед фтортой оо давхар ашиглах хэрэгтэй юу?
Тиймээ. Фтортой оо ашиглах хэрэгтэй. Учир нь сийлант нь зөвхөн шүдний зажлах гадаргууг л хамгаалж тавьсан байдаг. Фтортой оо нь шүдний бүх гадаргууг хамгаалж цооролд өртөхөөс сэргийлж өгдөг сайн талтай