Буйлны үрэвсэл (Gum disease or Gingivitis) гэж юу юм бэ?
Энэ бол дан ганц шүд, буйл төдийгүй эрхтэн системийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг хэн бүхний асуудаг зүй ёсны асуулт юм.
Товчхондоо Буйлны үрэвсэл гэдэг нь “нянгаар үүсгэгддэг халдварт өвчин”. Аюул занал, хор уршгийг нь судалсан өндөр хөгжилтэй орнуудад түүнийг “чимээгүй тахал” ч гэж нэрлэдэг.
Та доор дурдсан шинж тэмдгийн аль нэг нь танд болон таны гэр бүл, ойр дотны хүмүүс, хүүхдүүдэд тань байна уу шалгаад үзээрэй гэж бид танд зөвлөх байна.
Үүнд:
• Шүд, буйлаа угаах үед бага зэрэг цус гарах,
• Буйлны хэсэгт сойз хүргэж угаах үед болон шүдээ чигчилэхэд хөндүүрлэж цус гарах,
• Шүлсээ сороод хаяхад цустай байх,
• Буйл хавагнаж үрэвсэх,
• Буйлны өнгө улаан, ягаан туяатай байх,
• Амнаас эвгүй үнэр гарах
Иймд буйлны үрэвсэлтэй байна гэж та өөрийгөө бодож байгаа бол, дээр дурдсан шинж тэмдэгүүдийн аль нэг нь танд байгаа бол шүдний эмнэлэгт үзүүлж хүндрэл, өвчлөлийн зэргээ шалгуулж хойш тавилгүйгээр эмчилгээ хийлгэх нь эрүүл байх, урт наслахдаа оруулж байгаа үнэт хөрөнгө оруулалт болно.
Хэрэв эдгээрийн аль нэг байвал буйлны үрэвсэл аль хэдийнээ үүссэн байна гэсэн үг юм.Эдгээр шинж цааш даамжирвал юм идэх үед буйлнаас цус гарах, буйл маш их хөндүүртэй болж амнаас байнга эвгүй үнэр гарах болно.
Буйлны үрэвсэлтэй холбогдуулаад шүдний чулууны талаар цухас дурдах нь зүйтэй байна.Зарим нэг хүн түүнийг хүний шүдэнд байхад ямар ч сөрөг нөлөөгүй байж л байдаг зүйл гэж ойлгох нь ч бий.Гэтэл чулуу нь буйлны үрэвсэл болон шүдний өвчин үүсгэгч, цооруулагч нянгуудын өсөж үржих, оршин амьдрах нэн таатай орчин болж байдаг байх нь .
Буйлны үрэвслээр олон жил шаналсан хүмүүсийн хувьд буйл нь их хөндүүртэй байдгаас маш зөөлөн үстэй сойз хэрэглэх, мөн сойз хүргэхээс зайлсхийсээр угаалт муудсан буюу маш бага угаадаг, буйл шүдний завсарт цайвар шар өнгийн өнгөр тогтсон, маш их чулуутай байх нь түгээмэл байдаг.Мөн шүд “шууд өөрөө сугараад” унасан гэсэн тохиолдол их байдаг.
Цайвар шар өнгийн өнгөр гэдэг нь үнэн хэрэгтээ нянгаар үүсгэгдсэн идээт шингэн бөгөөд удаан явж архаг хэлбэрт шилжсэнийг харуулж байгаа юм.Энэ идээт шингэн нь амнаас гарах эвгүй үнэр үүсгэдэг.Идээт шингэн үүсээгүй байсан ч буйлны үрэвслийн хурц үед мөн амнаас эвгүй үнэр гардаг.
Энэ нь буйлны үрэвслийн нян маш их үржиж өвчлөлийн зэрэг хүндэрснийг харуулж байгаа юм.Өвчлөл даамжирсаар шүд суларч, сугарч унадаг. Хамгийн товчхоноор Буйлны үрэвслийн нянгаас гарсан Эндотоксин гэж нэрлэгдэг фермент нь шүдний ясыг идэж уусгаснаас ясгүй болсон шүд сугарч унаж байна гэсэн үг.
Тамхи татдаг хүмүүсийн хувьд буйлны үрэвсэл далд хэлбэрээр явагддаг.
Мэдээллийг бэлтгэсэн: Танадент эмнэлгийн захирал АУ-ы доктор С.Базаррагчаа