Амны хөндийн өвчин, шүдний өвчин нь бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн шалтгаан болдог талаар шинжлэх ухааны мэдээ мэдээлэл сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр, хүрээгээ тэлсээр байна. Иймд эдгээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга нь амны эрүүл ахуй, эрүүл мэнд юм.
Амны хөндийн зүгээс бие эрхтэн тогтолцоонд нөлөө учруулах гол хүчин зүйл нь амны хөндийн хөнөөлт нянгууд болох нь тогтоогдсон байдаг. Амны хөндийн өвчлөлийн шалтгаан болсон хөнөөлт нян, бактериуд нь цусаар дамжин бусад эрхтэн тогтолцоонд очсоноор тэр хэсэгтээ халдварын голомт үүсгэж, эд эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулан өвчлөлд хүргэдэг.
Хэдийгээр өнөөг хүртэл амны хөндийн нян бактериуд нь зүрхний шигдээс, цус харвалт, хөхний хорт хавдарын шалтгаан болдог нь нэгэнт тодорхой болсон ч сүүлийн үед хийгдсэн судалгаануудаар дараах өвчлөлийн шалтгаан болдог нь мөн тогтоогдоод байна.
Нойр булчирхайн хорт хавдар
Өмнө нь амны хөндийн хөнөөлт нянгууд нь уушиг, хөх, хамар залгиурын хорт хавдарын шалтгаан болдог талаар тогтоогдоод байсан бол сүүлийн үеийн судалгаагаар нойр булчирхайн хорт хавдарын шалтгаан болдог нь мөн тодорхой болоод байна. Одоогийн байдлаар амны хөндийн хоёр төрлийн нян нойр булчирхайн хорт хавдартай холбоотой байгааг нотолжээ.
Хэрлэг өвчин
Үений маш хэцүү шархирсан өдвөлт, таагүй мэдрэмж нь шүдний тулгуур эдийн өвчинтэй холбоотой болохыг Johns Hopkins Их сургуулийн судлаачид тогтоогоод байгаа ба хэрлэг өвчин үүсэх нэг гол шалтгаан нь амны хөндийн хөнөөлт нянгууд гэж тодорхойлоод байна. “Энэ судалгааг хийснээр бид Хэрлэг өвчний үндсэн шалтгааныг нээж илрүүлэхэд маш дөхөм болж ирлээ” гэж Johns Hopkins University School of Medicine-ы судлаач Massachusetts General Hospital-ын эмч Maximilian Konig үзэж байна.
Уушигны хорт хавдар
Буйлны үрэвсэл гэдэг нь зөвхөн амны хөндийн л асуудал биш юм. Энэ нь амьсгалын замд маш хүчтэй сөрөг нөлөө учруулдаг. Иймдээ ч судлаачдын олж илрүүлсэнээр шүдний тулгуур эдийн өвчин нь тухайн хүнд уушигны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэнэ.
Уушигны хатгаа
Амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүдээ эрүүлжүүлэх гэдэг нь зөвхөн шүдэнд л хамааралтай асуудал биш юм. Судлаачдын олж илрүүлсэнээр уушигны хатгаа ба амны хөндийн нянгийн хооронд маш хүчтэй хамаарал байгаа бөгөөд амны эрүүл ахуйн дэглэмийг сахих, тогтмол шүдний эмчид хандаж үйлчилгээ авах нь уушигны хатгаа тусах эрсдлийг бууруулна.
Тестостероны хэмжээ багасах
Сүүлийн үеийн нээлтээр туршилтын сармагчин дээр шүдний тулгуур эдийн өвчин ба тестостероны хэмжээ багасахын хооронд хамаарал байгаа нь тогтоогдсон байдаг. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь эрэгтэй хүн дээр ч мөн адил байх магадлалтай гэнэ. Иймд амны эрүүл ахуйн хангалтгүй байдал нь эрчүүдэд сэтгэлзүйн таагүй байдал үүсгэх, өөхний хэмжээ ихсэж, булчингийн масс багасах зэргээр эмэгтэйлэг шинж давамгайлахад нөлөөлдөг байж болзошгүй.
Зөнөх, тэнэгрэл үүсэх
Судлаачдын баталгаатай олж тогтоосноор шүдний тулгуур эдийн өвчин нь хүнд хэлбэрийн тэнэгэрэлийн хам шинжийн хооронд шууд хамааралтай, Альцгеймер өвчний үед танин мэдэхүйн чадварын доройтолтой тодорхой хэмжээнд хамааралтай байна.