Хүн бүрт хэзээ нэгэн цагт буйл хөндүүрлэн мэдрэг болж үрэвсэх асуудалтай тулгарч байсан туршлага бий. Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед ч тэр хэсэгтээ хөндүүрлэн эмзэг болж байсан байж магадгүй. Энэ бол буйлны үрэвсэлт өвчин юм.
Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр ба нянгийн гаралтай биохальсны хорт бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм. Биеийн бусад эрхтэн тогтолцооны үрэвсэлүүдээс ялгаатай нь үрэвслийн шинж тэмдэг төдийлөн хүчтэй тод илрэхгүй тул буйлны үрэвсэлийг дийлэнх хүмүүс үл тоомсорлосноор илүү хүнд үе шатанд орсон хойно нь эмнэлэгт хандах нь элбэг. Буйлны үрэвсэл бол эмчлэгддэг өвчин. Харин үүнийг цаг тухайд нь эмчлэлгүй үл тоомсорлох юм бол илүү ноцтой үр дагаварт хүргэх дараагийн үе шат буюу шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болон хүндэрдэг. Иймд буйлны үрэвсэлийг цаг тухайд нь таслан зогсоож, эмчлэх шаардлагатай.
Буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
Шүдээ тогтмол цаг хугацаанд байнга цэвэрлэх
Цэвэрлэлгүй орхисон шүд нь өнгөр үүсэх, хуримтлагдах гол шалтгаан болно. Өнгөр нь аажимдаа хатууран буйлны гүн хэсэгт шүдний чулуу болон хувирсанаар буйланд сөрөг нөлөө учруулж эхлэнэ. Амны эрүүл ахуйг сахилгүй, шүдний чулууг авалгүй энэ чигт нь орхивол тэр хэсэгт буйлны үрэвсэлт өвчин үүсэх бөгөөд үрэвсэлийн улмаас амны хөндийд ил шархлаа үүсэж нян бактери хүний биед нэтрэх үүд хаалга болж өгнө. Үүний улмаас амны хөндийн хөнөөлт нян бактериуд цусны урсгалд нэвтрэн амны хөндийгөөс бусад эрхтэн тогтолцооруу дамжин халдварлах боломж нээгдэнэ. Ийм нөхцөл байдлын таслан зогсоох, үүсгэхгүй байх нь маш хялбархан. Өдөрт шүдээ хоёр удаа угаах, шүд хоорондын завсараа ердөө ганцхан удаа цэвэрлэхэд л хангалттай. Хэрэв боломжтой бол хоол идэх болгоныхоо дараа шүдээ угаадаг байх нь бүр илүү тустай.
Хангалттай тэжээлэг хоол хүнс хэрэглэх
Буйлны үрэвсэлийн гол шалтгаан бол нян бактери бөгөөд түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүд юм. Хэрэв та витамин ба тэжээлэг хоол хүнс хэрэглэж байгаа бол энэ нь таны биеийг нянгийн довтлогооноос хамгаалах хамгаалалт үүсгэхэд туслана. Болж өгвөл хоол хүнсэндээ хүсний ногоо, жимс ихээр хэрэглэж давс чихрийн агууламж өндөр боловсруулсан хоол хүнснээс зайлсхийх нь зөв.
Мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ нэн чухал
Хэрэв та өөртөө буйлны үрэвсэл үүссэн байна гэж сэжиглэж байгаа бол тулгуур эдийн өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмчид хандах нь зүйтэй. Мэргэжлийн эмч таны шүдийг шаардлагатай түвшинд хүртэл цэвэрлэж өгч, буйлны үрэвсэлээс сэргийлэх болон үрэвсэлийг таслан зогсоох баталгаатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болно. Хэдийгээр шүдээ угаах болон шүд хоорондын завсараа өөрөө цэвэрлэх нь шүдний өнгөр тогтохоос сэргийлэх боловч зарим нэг шүдний нүдэнд үл харагдах, хүрэхэд хэцүү хэсгүүдийн өнгөрийг иж бүрэн цэвэрлэж чаддаггүй сул талтай. Иймд 6 сар тутамд шүдний эмчид очиж шүд болон буйлны хэсгүүдээ хянуулж, мэргэжлийн амны хөндийн эрүүл ахуйн үйлчилгээ авч байх нь зөв.
Шүдээ угаах ба цэвэрлэх аргачлалыг зөв гүйцэтгэхэд анхаарлаа хандуул
Шүдээ угаахаасаа өмнө шүд хоорондын завсараа зориулалтын утсаар цэвэрлэх нь зөв. Энэ нь шүд хоорондын завсарт тээглэсэн хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэхэд туслана. Үүний дараа шүдний гадаргуунуудыг шүдний оо ашиглан сойзоор угааж цэвэрлэнэ. Шүд хоорондын завсараа утсаар цэвэрлэхдээ нэг завсарыг олон удаа давтан цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй ба ийнхүү олон удаа ухаж төнхөх нь хоол хүсний үлдэгдэл болон нян бактерийг буйлны гүнлүү чигжих шалтгаан болж болзошгүй.
Дээр дурдсан зүйлсийг анхааралдаа авч мөрдлөг болгосон байхад буйлны үрэвсэл үүсэх, хүндрэх эрсдлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Шүд ба буйлны үрэвсэлт өвчнүүд нь таны биеийн ерөнхий эрүүл мэндийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлдөг гэдгийг байнга санаж шүд, буйлны үрэвсэл үүсэхээс байнга сэргийлж, үүссэн бол цаг тухайд нь эмчид хандаж байхыг шүдний эмч нар зөвлөж байна.
Эх сурвалж: yourwellness.com