Балчир наснаас өсвөр нас хүртэл шүднүүд хэрхэн шүдлэдгийг тоймлон үзүүлбэл: төвийн үүдэн шүд, хажуугийн үүдэн шүд, нэгдүгээр араа шүд, бага араа шүд, соёо тэгээд хоёрдугаар араа шүд, хамгийн сүүлд агт араа шүд. Эдгээрээс хамгийн ойлгомжгүй боловч анзаарахын аргагүй нь хамгийн сүүлийн шүд буюу агт араа шүд юм. Агт араа шүд гэж юу вэ? Шүдний мэргэжлийн салбарынхан түүнийг ихэнхдээ гуравдугаар их араа шүд гэж томьёолдог бөгөөд эрүү ба хоншоорын шүдний эгнээний хамгийн арын зайд ургадаг шүд юм. Зарим нэг хүний хувьд агт араа шүд нь огт анзаарагдалгүй ургадаг бол ихэнх хүмүүст энэ шүд нь ургах үедээ өвдөлт, халдвар таагүй байдал үүсгэх төдийгүй томоохон асуудал дагуулах нь ч бий.
Агт араа шүд хэзээ хаана шүдэлж гарч ирдэг вэ?
Хүн болгонд дөрвөн ширхэг агт араа шүд байх бөгөөд хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн арын зайнд шүдлэдэг. Америкийн Шүдний Эмч нарын Холбооны мэдээллээр энэ шүд нь ихэнхдээ 17-21насанд шүдлэдэг. Америкийн Анестезиологи Эмч нарын Холбооны гишүүн Fred Quarnstrom эмч агт араа шүд нь цөөн тохиолдолд зөвхөн шүдний хэсэг нь л цухуйсан байдалтай тохиолддог бол ихэнхдээ шүдэлж гарч ирэлгүйгээр буйлан дотор үлддэг гэж тайлбарлаж байна. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа”гэж нэрлэдэг.
Агт араа шүд заавал шүдлэх шаардлагатай юу?
Агт араа шүд нь ихэнхдээ томоохон асуудал дагуулдаг бөгөөд зажлах үйл ажиллагаанд бараг ач холбогдолгүй тул шүдний эмч нарын хувьд түүний үүрэг нь байнга эргэцүүлэн бодох шаардлага гардаг асуудалуудын нэг юм. АНУ-ын Хьюстон хотын Техас Их Сургуулийн Эрүүл мэндийн төвийн эмч Kamal Busaidy, BDS, FDSRCS-ын хэлж байгаагаар агт араа шүд нь хүний бусад шүд шиг хүүхдийг төрөх үед эсвэл төрөхөөс өмнө эх үүсвэр нь тавигддаггүй бөгөөд хүүхдийн долоо орчим настай байхаас ургаж эхэлдэг гэнэ.
Хүний түүхийн эрт үед хоол хүнс илүү хатуулаг байсан бөгөөд хатуу хоол хүнсийг байнга зажилсаны улмаас их араа шүднүүд яагаачгүйэрт элэгдэж дуусахад агт араа шүд түүний оронд урган гарч ирж үүргийг нь орлон гүйцэтгэдэг байсан байж болзошгүй гэсэн таамаглал байдаг. Гэтэл өнөө үед хоол хүнс зөөлөн болсоноор араа шүд элэгдэх асуудал үгүй болжээ. Үүний улмаас агт араа шүд ургах орон зай байхгүй болсон байна. Мөн түүнчилэн Fred Quarnstrom эмчийн батлаж байгаагаар орчин үеийн хүний эрүүний хэмжээ нь эрт үеийн хүмүүсийн эрүүний хэмжээнээс жижиг гэнэ.
Агт араа шүд ургах үед юу болох вэ?
Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсран явагддаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймд агт араа шүдийг угаахдаа зориулалтын урт бариултай нимгэн сойз ашиглах хэрэгтэй. Агт арааны бас нэг томоохон асуудал нь саатсан агт араа шүдний ойролцоо эрүүний ясанд уйланхай буюу киста байх явдал юм. Энэхүү киста нь эрүүний ясыг идэж хатингаршуулах бөгөөд мэдрэлийг дарж үрэвсүүлдэг.
Агт араа шүдтэй холбоотой асуудал нь зөвхөн агт арааг авсан тохиолдолд л зүгээр болно. Иймд шүдний эмч нар шилжилтийн насны төгсгөлөөр буюу 20 наснаас өмнө, агт араа шүдийг асуудал үүсгэхээс нь өмнө авхуулахыг зөвлөдөг. Яг энэ насан дээр агт араа шүдний ёзоор эрүүний ясанд гүн сууж ургаагүй байх тул хожуу үеийг бодвол илүү хялбар байдлаар авах боломжтой. Агт араа шүдийг хожуу оройтож авхуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй. Мөн эрт авхуулах бас нэг шалтгаан нь залуу хүмүүс тайвшруулах эмчилгээний дараа маш түргэн эргэж сэргэдэгт оршино.
Хэрэв өсвөр насны хүүхдүүд шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж зэмсэг зүүж байгаа бол агт араа шүдийг эмчилгээний төгсгөлд авхуулах нь зүйтэй. Учир нь агт араа шүдийг яаралтай заалтаар авхуулах нь гажиг заслын эмчилгээний үр дүнг өөрчилж тэгширсэн шүдийг буцаан байраа өөрчлөх шалтгаан болж болзошгүй.
Дээрх бүгдээс үндэслэн та агт араа шүднийхээ талаар аль болох эрт шүдний эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй болохыг ойлгосон байх. Хэдий чинээ эрт агт араа шүдний асуудлыг шийдвэрлэж чадна төдий чинээ томоохон хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна шүү.