Америкийн Шүдний Холбоо (American Dental Association)-ы мэдээллээр бол шүдгүйдэлд хүргэж байгаа шалтгааны 90% нь холбоосын үрэвсэл болон шүдний цоорлын хүндрэл гэнэ. Америкийн Өвчний Хяналт Урьдчилан сэргийлэлтийн Төв (Centers for Disease Control and Prevention)-ийн мэдээллээр Америкийн иргэдийн бараг тэн хагас нь шүдний холбоос эдийн үрэвсэл өвчинд нэрвэгдсэн гэнэ. Яг энэ нөхцөл байдал дээр үндэслэн Loyola University Medical Center-ийн шүдний эмч нар шүдний холбоос эдийн эрүүл мэндийн төлөв байдлыг буйлны карманы гүнг хэмжиж тодорхойлдог аргад илүү их ач холбогдол өгөхийг зөвлөж байна.
Буйлны карман буюу хөндийн гүнийг хэмжихдээ зориулалтын хэмжигч зондыг ашигладаг. Тус эрүүл мэндийн төвийн ассистант профессор Dr. Martin Hogan “Шүдний эмч нар өвчтөний буйл болон холбоос эдийн эрүүл мэндийн төлөв байдлыг үнэлэхийн тулд буйлны ховилын гүнд хэмжилт хийдэг. Холбоосын үрэвсэлгүй эрүүл буйлны ховилын гүн 4мм-ээс ихгүй байдаг. Харин энэнээс их гүн ховил байх нь тэнд үрэвсэл байгааг илтгээд зогсохгүй эмчилгээ хийх шаардлагатай болсоныг илтгэнэ” гэж үзэж байна.
Буйлны ховилын гүн 1-3мм байхыг буйл, холбоос эд эрүүл гэж үздэг бол 5мм-ээс дээш байх нь холбоос эдийн асуудал үүссэнийг илтгэх бөгөөд үрэвсэлийг цаашид даамжирахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Энэ тохиолдолд шүдний эмч нар тухай өвчтөнд холбоос эдийн эрүүл мэнд хэвийн болтол 3 сар тутамд шүдний эмнэлэгт ирж цэвэрлэгээ хийлгэж байхыг зөвлөдөг. Ховор тохиолдолд буйлны гүн 6 мм хүрсэн үед мэс засал хийх шаардлагатай болдог. “Буйлыг далбан гаргаж зүсэх нь ховилд цэвэрлэгээ хийхэд илүү гүнд нэвтрэх боломж олгох бөгөөд дараа нь буцаагаад оёчихдог тул айх аюулгүй” гэж Hogan эмч тайлбарлаж байна.
Шаардлагатай шүдний тусламж үйлчилгээг цаг тухайд нь хийснээр шүдний холбоос эдийн өвчинөөс маш хялбархан урьдчилан сэргийлж болно. Амны хөндийн зарим төрлийн нян болон хоол хүнсний үлдэгдэл зэрэг нь цэвэрлэхгүй бол тухайн орчиндоо үрэвсэл үүсгэх чадамжтай байдаг тул түүнийг цаг тухайд нь шүдээ угаах, буйлны завсрын утас хэрэглэх, шүдний эмнэлэгт очиж мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх гэх мэтээр тухай бүрт нь цэвэрлүүлж байх нь чухал.
Холбоосын үрэвсэл нэгэнт үүссэн үед түүнийг эмчлэх нь өртөг өндөртэй цаг хугацаа их шаардсан эмчилгээ болдог тул амны хөндийн эрүүл ахуйн хэрэгсэлүүд болон тодорхой хугацаанд эмнэлэгт хандсанаар түүнээс урьдчилан сэргийлэх боломжтойг анхааруулж байна.