Толгой хүзүүний байрлалын хавдруудад гавлын суурь хэсгээс эхлэн эгэм хооронд байрлах эрхтэнүүдийн хавдрыг хамааруулан эмчилдэг. Хамар болон түүний дайвар хөндийнүүд, амны хөндий үүн дотор хэл, буйл, завьж, хатуу тагнай, амны хөндийн ёроол хэсгийн хавдрууд, нармай, залгиур, төвөнх, хүзүүний тунгалагийн булчирхай, зөөлөн эдүүд, бамбай булчирхай, шүлсний булчирхайнууд гээд олон эрхтэний хавдрууд энд ордог. Үүн дээр арьсны хавдрууд мөн орно. Арьсны хавдрын тохиолдлын 90 гаруй хувь нь толгой хүзүүний байрлалд тохиолддог. Энэ нь ил байрлаж гадна орчны янз бүрийн нөлөөнд их өртдөгтэй холбоотой. Хавдар үүсэхэд ихээр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг эрсдэлт хүчин зүйлс гэх ба толгой хүзүүний хавдруудын 90 хувь нь эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөнд удаан байснаас үүсдэг. Дараах эрсдэлт хүчин зүйлс нөлөөлдөг:
•Тамхи: Татдаг, зажилдаг, хамрын гээд бүх төрлийн тамхи орох ба дам тамхидалт мөн орно. Толгой хүзүүний хавдрын 85 хувь нь тамхитай холбоотой үүсдэг гэж үздэг.
•Архийг их хэмжээгээр байнга хэрэглэх нь амны хөндий, залгиур, төвөнх, улаан хоолойн хавдар үүсэхэд нөлөөлдөг. Тамхитай хамт хэрэглэх нь эрсдэлийг бүр өндөр болгодог.
•Нарны хэт ягаан туяаны нөлөөнд хэт их өртөх. Үүнээс болж арьсны хавдар, уруулын хавдар үүсдэг.
•Хүний хөхөнцөр вирусын халдвар. Бэлгийн замаар халддаг, олон хэлбэртэй.
•Эпштэйн-Баррын вирусын халдвар. Нармайн хавдар үүсгэдэг.
•Амны хөндийн шүдний эрүүл ахуй муу байх
•Орчны болон мэргэжлийн хүчин зүйлсийн нөлөө: химийн бодисын нөлөө, мод болон металлын тоос үртэстэй нөхцөлд ажиллах г.м
•Хоол тэжээлийн чанар, хангамж муу байх: Хоол хүнсэнд А ба В аминдэм хомс байх нь толгой хүзүүний хавдар үүсэхэд нөлөөтэй гэж үздэг.
•Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин: Ходоодны хүчил хоолой, амьсгалын дээд зам уруу сөргөж орох нь хавдар үүсэх эрсдэлийг ихэсгэдэг.
•Дархлаа муудах
Хэдийгээр эрсдэлт хүчин зүйлс нь хавдрын үүсэлд нөлөөтэй ч эрсдэлд байгаа хүн бүр хавдартай болно гэсэн үг биш бөгөөд дээрх мэдээллийг мэдэх нь хүн өөрөө өвчнөөс сэргийлэн эрүүл амьдралын хэвшлийг сонгох ач холбогдолтой юм. Толгой хүзүүний хавдруудын үед зажлах, залгих, ярих зэрэг үйл ажиллагаануууд өөрчлөгдөх өндөр магадлалтай. Хагалгааны дараа гадна төрх ч тодорхой хэмжээнд өөрчлөгдөж болно. Гэхдээ шинж тэмдэг эрт илэрдэг тул энэ байрлалын хавдруудыг эрт илрүүлж оношлох боломжтой байдаг.
Дараах шинжүүд удаан хугацаанд илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаарай:
•Хүзүүнд үүсвэр гарах: Толгой хүзүүний хавдрууд бусад эрхтэнд тархахаас өмнө ихэвчлэн хүзүүний тунгалагийн булчирхайд үсэрхийлдэг. Томорсон булчирхай болгон хавдар биш боловч 2-3 долоо хоногоос илүү хугацаанд өвчлөн эмчилгээнд үр дүн өгөхгүй байгаа бол эмчид хандан оношоо эс, эдийн шинжилгээгээр тодруулах нь зүйтэй. Үсэрхийлсэн булчирхай ихэвчлэн өвдөлтгүй, хэмжээгээр томорсоор байдаг.
•Дуу хоолойны өнгө өөрчлөгдөх: Хоолой сөөсөн болгон хавдар биш боловч эмчилгээнд засал авахгүй байгаа, 2-3 долоо хоногоос илүү үргэлжилж байгаа бол чих, хамар, хоолойн эмчид хандан төвөнхөө шалгуулаарай.
•Ам, хэлэн дээр шарх, шархлаа гаран эдгэрэхгүй байх. Өвчингүй байж ч болдог тул хайхралгүй орхихгүй байгаарай. Ялангуяа шархны хамт хүзүүнд үүсвэртэй бол мэргэжлийн эмчээр шалгуулах нь зүйтэй.
•Залгихад хатуу зүйлс тээглэх
•Арьс, уруул шархлах, эдгэхгүй удах, мэнгэ өөрчлөгдөх
•Чихээр байнга өвдөх. Юм залгих үед чихэн дотор болон чихний ойролцоо өвдөх, хүзүүнд булчирхай томрох зэрэгтэй хамт гарвал нарийн мэргэжлийн эмчид хандаарай.
Урьдчилан сэргийлэх: Ямар хавдрыг ямар зүйлс үүсгэж байгаа талаар судалгаа үргэлжлэн явагдсаар байна. Гэхдээ мэдэгдэж буй эрсдэлт зүйлсээс зайлсхийснээр өвчин үүсэх эрсдэлийг бууруулж болно. Үүнд архи, тамхины хэрэглээг багасгах, татгалзах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос, нүдний шил малгай зэргийг хэрэглэх, вирусын халдвараас сэргийлэх, амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиж таарахгүй болсон хиймэл шүдээ шинэчлэх, шарх үүсгэж болзошгүй хурц ирмэг үүссэн шүдээ янзлуулах гэх мэт.
Толгой хүзүүний хавдруудыг эрт илрүүлэн эмчлэх тусам гаж нөлөө багатайгаар үр дүнтэй эмчлэгдэх боломжтой тул сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийн өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.