Монголын нүүр ам судлалын салбар, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд асран хамгаалах үйлчилгээ авч буй хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүлэн урт хугацаанд хамтарч ажиллахаар боллоо.
Энэхүү сайн дурын буяны үйл ажиллагааг Шүдний эмнэлгүүдийн удирдлагын группын эмч нарын санаачилгаар эхлүүлж байгаа бөгөөд одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 400 гаран шүдний эмнэлэгийн дунд “Нэг эмнэлэг нэг хүүхэд” санаачилга гаргаад байна. Уг үйл ажиллагааны хүрээнд Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвд үйлчилгээ авч буй эмзэг бүлгийн хүүхдүүдийг насанд хүртэл нь нэг эмнэлэг нэг хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг бүрэн хариуцан, урт хугацаанд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж бүрэн эрүүлжүүлэх гэнэ. Эмнэлгүүдийн хувьд зөвхөн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хариуцаад зогсохгүй ар гэрт нь шүдний эрүүл мэнд, амны хөндийн арчилгааны чиглэлээр тасралтгүй сургалт зохион байгуулж хүүхдийг эрүүл байхад бүхий л талаар туслана гэж тус төслийн санаачилагч АШУҮИС-н багш АУ доктор Н.Цэнгэлсайхан төслийн талаар тайлбарлалаа.
Мөн тус аянд хамрагдах эмнэлгүүдийн хувьд хариуцан авсан хүүхдээ 16 нас хүртэл амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.
Монгол улсын нүүр ам судлалын салбар, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан эмзэг бүлгийн хүн амд чиглэсэн сайн дурын буяны үйл ажиллагаагаа ийнхүү дуу нэгтэйгээр эхлүүлж байгаа нь Эрүүл мэндийн бусад салбарын хувьд үлгэр жишээ болохуйц сайн үйлс боллоо гэж Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан сайшаан тэмдэглэлээ.