Авагддаг шүдэлбэр гэж юу вэ?
Авагддаг шүдэлбэрийг авхуулсан эсвэл байхгүй шүдний хэсэгт зүүж гоо сайхан, хэвийн зажлах, ярих үйлийг сэргээнэ. Шүдэлбэр нь металл болон акрилын хуванцараар хийгдэх ба зэргэлдээх шүд болон буйланд тулгуурлан хийгдэнэ.
Яагаад шүдэлбэр зүүх хэрэгтэй вэ?
Бүрэн шүдэлбэр нь таны буйлан дээр бүрэн нягт сууж бүх шүдний эгнээг сэргээснээр зөв, сайн зажлах, зөв тод ярих мөн өөртөө сэтгэл хангалуун байх нөхцөл болно. Хэсгийн шүдэлбэр нь тухайн хэсэгт байхгүй шүдийг зэргэлдээх шүднүүдэд тулан хийгддэг. Хэрэв таны зарим шүд байхгүй бол бусад шүднүүд уг зайд шилжсэнээр үлдсэн шүднүүд зайтай болох, налах, эгнээ алдагдахад хүрдэг. Энэ нь хоршилт, зуулт болон бусад шүднүүдийг элэгдүүлэх нөлөөтэй.
Шүдээ авхуулсны дараа шууд авагддаг шүдэлбэр зүүж болох уу?
Шүдийг авхуулсны дараа шууд зүүх боломжтой шүдэлбэр буюу ‘яаралтай шүдэлбэр’ нь шүд авхуулахаас өмнөх үзлэгээр шүдний хэвийг авж, хэмжилт хийснээр бэлэн болно. Яаралтай шүдэлбэрийн эмчилгээг сонгосноор шүд авхуулсны дараах буйл эдгэрэх хугацаанд та шүдэлбэргүй явах шаардлагагүй юм. Шүдийг авхуулсны дараах эхний 6 сард түүшин яс, буйл эдгэрч бага зэргийн өөрчлөгдөж болох учраас яаралтай шүдэлбэрийг үүнд тааруулан засаж, өөлөх эсвэл дахин хийлгэх хэрэгтэй юм.
Зарим тохиолдолд шүд авхуулсны дараах байдлаас хамааран буйлны эдгэрэлт бүрэн дуусах хүртэл хүлээх шаардлагатай хэмээн зөвлөдөг. Эдгэрэх хүртэл хэдэн сар шаардлагатай ч энэ нь илүү үр дүнтэй эмчилгээний төлөвлөгөө юм.
Шүдэлбэртэй идэх боломжтой юу?
Шүдэлбэр хийлгэсэн эхний хугацаанд үүнд дасах, зөв хооллоход хугацаа шаардагддаг тул зөөлөн хоол идэх, бүхэл хүнсийг жижиг болгон хуваан идэх, удаанаар зажлах, хоёр талаараа нэг зэрэг зажлах зэргээр бага багаар өөрийн өдөр тутмын хоолыг хэрэглэнэ.
Шүдэлбэр зүүхсний дараа миний яриа өөрчлөгдөх үү?
Зарим үгийг зөв дуудахын тулд шүдэлбэртэй ярих дадлага хийснээр зүгширнэ. Чанга унших, хэлц, үг өгүүлбэр давтан хэлэх зэргээр сайжруулна. Хэрэв инээх, ярих, ханиах үед хэд хэдэн удаа шүдэлбэр сугарсан бол буцаан зөв байрлуулах, зөөлөн хазаад шүлсээ залгин суулгах зэрэг арга хэмжээ аваад эмчидээ шалгуулж засуулах шаардлагатай.
Шүдэлбэрийг хэр хугацаанд зүүх вэ?
Эхний долоо хоногт шаардлагатай бол унтахдаа аваад бусад бүх үедээ зүүх хэрэгтэй. Шүдэлбэрт дассаны дараа буйлыг амраах, эрүүл ахуйг сахихын тулд унтахаас өмнө авна. Шүдэлбэрийг зүүгээгүй тохиолдолд шүдэлбэрт таарсан жижиг саванд шүдэлбэрийг бүрэн багтаах ус эсвэл зориулалтын шингэнд хадгална.
Шүдэлбэрийг яаж арчлах вэ?
- Орой бүр зөөлөн үстэй шүдэлбэрийн сойзоор угааж хоолны үлдэгдэл, өнгөрийг цэвэрлэх
- Шүдэлбэрийн материалын шинж чанарыг алдагдуулахгүйн тулд зориулалтын цэвэрлэгч хэрэглэх
- Шүдний оо-оор угаахгүй байх
- Шүдэлбэрийн гадаргууг элэгдэхээс сэргийлж хэт хүчтэй үрэхгүй байх
- Шүдэлбэрийн бүх гадаргууг /дотор, гадар, завсар/ угаахын тулд тохирсон сойз сонгох
- Шүдэлбэр цэвэрлэх уусмалд хийн халдваргүйжүүлэх /унтахаас өмнө/
Шүдэлбэр зүүсэн бол давтан үзлэгт хэр тогтмол хамрагдах вэ?
Тогтмол давтан үзлэгээр амны хөндийн мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэж шүд, буйлыг эрүүл байлгах, шүдэлбэрийн хэвийн байдлыг шалгах ач холбогдолтой. Хацар, салст, хэл зэрэг зөөлөн эдийн байдлаар шүдэлбэрийн таарамжийг шалгана. Шүдэлбэрийн таарамж, таны дасал хэвийн бол давтан үзлэгт 3 сар, 6 сар тутамд хамрагдвал зохимжтой.
Шүдэлбэр нь миний туйлын сонголт уу?
Үгүй. Авагддаггүй шүдэлбэр буюу гүүрэлсэн шүдэлбэр, имплант болон бусад эмчилгээг хийлгэх боломжтой. Мэргэжлийн эмчээс зөвөлгөө аван эмчилгээний сонголтоо хийгээрэй.
Эх сурвалж: https://www.dentalhealth.org/