Уруулын хөвч богино байх нь ямар үр дагавар авчирдаг вэ?
Уруулын хөвч богино байх
Хүүхдийн уруулын хөвч богино байхад төвийн үүдэн шүднүүд зайтай ургадаг. Дээд уруулын хөвч нь хүүхдийг төрөх үед үүдэн шүдний хөхлөгний ирмэгтэй ойролцоо байрласан байдаг ба хүүхдийн хоншоорын түүшин ясны өсөлт явагдах, сүүн үүдэн шүд шүдлэх үед байрлал нь дээшилж хэвийн байрлалд ордог. Уруулын хөвч богино байснаар дээд үүдэн шүднүүд хоорондоо зайтай ургадаг бөгөөд үүнийг диастем гэж нэрлэдэг. Диастем нь гоо зүйн зовиуртайгаас гадна хүүхдийн хэл яриа авиа зүйнд нөлөөлдөг. Жишээлбэл с,ш гийгүүлэгчийг дуудах үед буруу авиа гарах гм...
Уруулын хөвч богино буюу дор байрласнаар:
- Үүдэн шүд зайтай ургах
- Үүдэн шүд зайтай ургаснаар дараагийн ургах шүднүүдэд байрлалын гажиг үүсэх
- Хэл ярианд өөрчлөлт орох
- Хөхөө хөхөхөд бэрхшээлтэй байх зэрэг шинжүүд илэрч болно.
Хуурамч диастем буюу шүдний зай
Диастемийг жинхэнэ ба хуурамч гэж ангилах бөгөөд хуурамч диастем нь хүүхдийн сүүн зуултын үед тохиолдох бөгөөд энэ нь эрүү хоншоорын өсөлт явагдаж байгаатай холбоотой юм. Хуурамч диастем нь байнгын зуулт хэлбэржиж эхлэх үеээс арилдаг байна. Харин байнгын зуулт хэлбэржиж эхлэх үед үүдэн шүднүүд зайтай байх нь жинхэнэ диастем бөгөөд 1мм ээс их байгаа тохиолдолд эмгэг гэж үздэг.
Диастем үүсэх шалтгаан
- Уруулын хөвч богино байх
- Хажуугийн үүдэн шүд байхгүй байх согог
- Буруу зуршил (хуруу хөхөх, угж хөхөх)
- Үүдэн шүдний буруу байрлал
- Зарим шүд төрөлхийн байхгүй байснаас үүдэлтэй шүдний шилжилт үүссэнээр
- Удамшил
Оношилгоо
Диастемийг амны доторх үзлэгээр ихэвчлэн оношилдог бөгөөд нэмэлтээр хэв авах, ортопантографи зэргээр мөн оношилдог. Хэрвээ таны хүүхдэд үүдэн шүднүүд зайтай байх, хэл яриа авиа зүйд өөрчлөлт орох зэрэг зовиур илэрвэл нүүр амны мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аван шаардлагатаы тохиолдолд уруулын хөвч уртасгах мэс ажилбар хийлгэх хэрэгтэй.
Эмчилгээ
Уруулын хөвч уртасгах мэс заслыг нарийн мэргэжлийн нүүр амны мэс заслын эмч хийдэг. Уруулын хөвчийг байнгын шүд ургаж эхлэх үед уртасгавал тохиромжтой бөгөөд ихэвчлэн 5-8 насанд хийлгэхийг зөвлөдөг. Зарим заалтуудаар үүнээс эрт уртасгах тохиолдол ч бий. Насанд хүрэгчдэд диастемийг гажиг засал болон согог заслын эмчилгээгээр гоо зүй болон үйл зүйг сэргээж эмчилдэг.
Эх сурвалж:
https://www.mintkidsdentistry.com/blog/diastema-tooth-gap-in-kids-symptoms-prevention-and-treatment
Нийтлэлч: О. Нямхүү