Шүд авахуулсны дараах зөвлөмж
Шүдний эмч эсвэл нүүр амны мэс засалч шүд авалт хийсний дараа авахуулсан шүдний орчмыг арчлах зааварчилгааг өгдөг. Шүдийг авахын тулд өвдөлт мэдрэхээс сэргийлэн мэдээ алдуулалт хийж хэд хэдэн багажны тусламжтайгаар шүдийг гөнжүүлэн авдаг. Шүдийг авсны дараа цус бүлэгнэлтийг дэмжиж, цус алдалтаас сэргийлэхийн тулд самбай даавуу, марль зуулгадаг байна.
Энэхүү нийтлэлээр шүд авахуулсны дараах зөвлөмж болон эдгэрэлтийн хугацааны талаар хүргэж байна.
Зарим шүд 3 сурвалжтай байдаг тул ямар шүд авснаас шалтгаалж эдгэрэлтийн хугацаа өөр өөр байдаг хэдий ч ихэнх хүмүүс 3 хоногийн дараагаар өвдөлт багасаж байгааг мэддэг. Шүд авахуулсны дараа авахуулсан шүдний ормонд хуримтлагдсан цусны бүлэгнэлтийг хадгалах ёстой. Энэ нь эдгэрэлтийг түргэсгэж хуурай ором үлдэх болон дараа дараагийн хүндрэлүүдээс сэргийлдэг.
1-2 хоног
Судлаачдын үзсэнээр шүд авахуулсны дараах эхний 24 цагт бага хэмжээний цус гаралт нь энгийн ба хэрэв идэвхтэйгээр их хэмжээний цус гарвал эмчилгээ шаардлагатай гэж үзсэн байна.
Хэд хэдэн нэмэлт зөвлөмжийг хүргэж байна.
- Хангалттай амрах: Шүд авахуулсны дараа сайтар амрах хэрэгтэй.
- Шаардлагатай бол марлыг солих: Эхний 2 цаг цус бүлэгнэлтийг дэмжихийн тулд марлыг зуух шаардлагатай ба дараагаар марлыг сольж болно.
- Амыг зайлахгүй байх: Эдгэрэлтийг удаашруулж бүлэгнэлтийг түрэн гаргах боломжтой тул амаа битгий зайлаарай.
- Соруул, гуурс ашиглахгүй байх: Эдгэж буй шарханд даралт учруулж бүлэгнэлтийг түрэн гаргах боломжтой байдаг.
- Шүлсээ хаяхгүй байх
- Ханиалгах болон нусаа хүчтэй нийхгүй байх
- Тамхи татахгүй байх
- Өвчин намдаагч уух: Өвчин намдаагч ууснаар өвдөлтийг намдааж үрэвслийг бууруулах боломжтой.
- Хүйтэн жин тавих: Хүйтэн жинг алчуураар ороогоод 10-20 мин тавих.
- Толгойг бага зэрэг өндөрлөх
3-10 хоног
Цусны бүлэгнэлт үүссэний дараа бусад асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд амны хөндийн эрүүл ахуйн нэмэлт алхмуудыг дагаж мөрдөх нь чухал юм.
Сул давсны уусмалаар зайлж угаана: Бүлэгнэлт үүссэний дараагаар амаа давсны бүлээн уусмалаар эсвэл чимх давстай бүлээн усаар зайлж угааснаар амны хөндийн бактерийг устгах төдийгүй амны хөндийг эдгэх үед халдвар авахаас сэргийлдэг.
Шүдээ сайтар угаах: Шүдээ ердийнх шигээ угаах хэрэгтэй, гэхдээ авсан шүд орчмоос бүрэн зайлсхийгээрэй.
Зөөлөн хоол идэх: Эдгэрэх хугацаанд зажлах шаардлагагүй, авсан шүдний ормонд үлдэхгүй зөөлөн хоол хүнсийг сонгон идээрэй. Шөл, тараг, нухаш зэрэг үүнтэй төстэй хоол хүнс хэрэглэн хатуу шарсан талх, чипс, үр агуулсан хоол хүнс хэрэглэхээс татгалзаарай.
Эх сурвалж: https://www.medicalnewstoday.com/