Шүд цайруулах эмчилгээ гэдэг нь хувь хүний гоо сайхны шаардлагын улмаас өнөө үед түгээмэл болсон шүдний эмчилгээний төрөл юм. Энэ нь цай, кофе, тамхины байнгын өдөр тутмын хэрэглээний улмаас үүссэн шүдний паалангийн өнгөний өөрчлөлтийг арилгах зорилгоор шүд цайруулах зориулалтын материал ашиглан хийгдэх эмчилгээ юм.
Заавал шүдээ цайруулах шаардлагатай юу?
Хүмүүстэй харилцахад эрүүл амны хөндий сайхан цагаан шүд чухал. Шүдний эгнээний согог, гоо зүйн зовиур нь таныг олон нийттэй харилцах, ярилцахад сэтгэл санааны таагүй байдал үүсгэдэг. Карбонатан шүд цайруулах түрхлэг, цайруулах оо, шүд цайруулах үзэг зэрэг гэртээ хэрэглэж болох байгалийн гаралтай шүд цайруулах аргууд нь тодорхой хэмжээгээр шүдийг цайруулах хэдий ч мэргэжлийн шүд цайруулах үйлчилгээтэй харьцуулахад хугацааны хувьд удаан, үнэ өртөг хямд байдаг. Харин мэргэжлийн шүд цайруулах үйлчилгээтэй цайруулалтаар эрүүл, цайрсан шүдтэй болох боломжийг шүдний эмч нар хийдэг энэ арга нь үнэ өртөг бага зэрэг үнэтэй хэдий ч богино хугацаанд шүд цайрдаг тул энэ аргыг үйлчлүүлэгчид ихээр хийлгэдэг.
Шүд яагаад өнгөний өөрчлөлттэй болдог вэ?
Эхийн хэвлийд ураг бойжиж байх үед эхийн хэрэглэсэн антибиотикууд, сүүн шүд байнгsн шүдээр солигдох үед үүсэх бүтцийн гажиг, шүдний өнгөнд нөлөөлдөг хоол хүнс ялангуяа цай, кофе ихээр хэрэглэх нь шүдний өнгө алдагдах шалтгаан болдог. Шүдний өнгө дотор болон гадна талдаа өөрчлөгдөж болдог. Шүд дотроосоо өнгөний өөрчлөлтөд орох нь ихэвчлэн шүдний судас мэдрэлийн багцийг агуулдаг зөөлцийн үрэвсэл, үхжлээс болдог. Үүнийг шүдний эмч нар сувгийн цайруулалт хийж дотроос нь өнгийг нь цайруулдаг. Харин гаднах өнгөний өөрчлөлт нь ихэвчлэн цай кофе их хэрэглэснээс болж үүсдэг ба үүнийг шүдний гаднах цайруулалтаар өнгийг нь сэргээж болно. Шүд цайруулах эмчилгээг хийлгэхийн өмнө шүдний эмчээс мэргэжлийн зөвлөгөө авч таны шүдэнд тохирох аргыг хэрэглэх нь зүйтэй.
Шүд цайруулах ямар аргууд байдаг вэ?
Шүд цайруулах аргыг гэрийн нөхцөлд болон эмнэлгийн нөхцөлд гэсэн 2 аргаар хийдэг.
Гэрийн нөхцөлд шүд цайруулах арга нь эмнэлэгт шүдний эгнээнээс хэв аваад түүнд загвар цутгаж зориулалтын хуванцар материал ашиглан хэв хийж, түүндээ гэрийн нөхцөлд гелээ хийж шүдэндээ зүүж шүдээ цайруулах арга юм. Энэ аргын давуу тал нь хаана ч ямар ч үед хэрэглэж болохоороо давуу талтай. Мөн гэрийн нөхцөлд шүд цайруулах оо, наалт, гелийг мөн хэрэглэж болно.
Эмнэлгийн нөхцөлд шүд цайруулах арга нь таны шүдэнд өнгөлгөө цэвэрлэгээ хийсний дараа зориулалтын ам тэлэгч хийж шүдийг хуурайшуулсны дараа буйл хамгаалагч түрхэн шүдийг хүчлээр сийрэгжүүлээд, зориулалтын шүд цайруулах гель түрхэн гэрлээр шарж цайруулдаг арга юм.
Шүд цайруулах эмчилгээ нь шүдэнд муу үр дагавар авчрах уу?
Шүд цайруулах эмчилгээний дараа таны шүд мэдрэг болж болох бөгөөд эрдэсжүүлэх фторт түрхлэг, оог хэрэглэснээр энэ зовиур багасаж арилдаг. Цайруулах эмчилгээ нь таны шүдний хатуу эдээс өөлж, гэмтээдэггүй тул ямар нэгэн сөрөг үр дагаврыг авчирдаггүй.
Нийтлэлч: О.Нямхүү