Диастема гэдэг нь хоёр болон түнээс дээш шүдний хооронд үүссэн зайг илэрхийлэх мэргэжлийн нэр томьёо юм. Харин дээд төвийн үүдэн шүдний хооронд үүссэн зай буюу diastema нь хүмүүсийн анхааралд илүү их өртдөг. Ихэнх хүүхдүүд сүүн шүд унасны улмаас хэсэг хугацаанд ийнхүү шүд хоорондын зай үүсэх асуудалтай тулгарах боловч байнгын шүд шүдлэснээр энэхүү орон зай нөхөгддөг.
Диастема ба шүд хооорондын зай нь шүдний хэмжээ хоорондын үл зохицол, шүдээ эрт авхуулах, уруулын хөвч богино байх зэргээс шалтгаалдаг. Хоёр дахь анхаарал татах томоохон шалтгаан нь амны хөндийн эрхтнүүдийн жигд бус байдал бөгөөд тухайлбал шүдний орсгой зуултын улмаас шүд хооронд завсар үүсэх юм.
Ямар эмчилгээ хийх вэ?
Хэрэв шүдний эмч тань таны шүдэнд үүссэн завсарын шалтгааныг нь олж тогтоох юм бол эмчилгээний төлөвлөгөөний талаар ярилцана. Дараах байдлаар эмчилнэ.
- Шүдний гажиг заслын эмчилгээний аргаар шүдийг шилжүүлж завсарыг арилгах
- Шүдний гадуур маш нимгэхэн шаазан нүүрэвч байршуулж завсарыг арилгах
- Шүдний гадуур бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, имплант суулгах замаар завсарыг арилгах (зөвхөн насанд хүрэгчидэд)
Хэрэв шүд хоорондын завсар уруулын богино хөвчнөөс шалтгаалсан бол тулгуур эдийн эмчийн зөвлөгөөний хамт хөвч тасдах frenectomy мэс ажилбар гүйцэтгэнэ. Хэрэв хүүхэд насанд хөвч тасдах мэс ажилбар гүйцэтгэсэн бол үүний дараа шүд хоорондын завсар өөрөө аяндаа зүгээр болно. Харин өсвөр насны хүүхэд ба насанд хүрэгчидэд хөвч тасдсан бол түүний дараа заавал гажиг заслын эмчилгээ хийж байж шүд хоорондын завсар хэвийн болно. Ямар аргаар шүд хоорондын завсарыг арилгах нь өөрийн тань нөхцөл байдалд хамгийн зөв байх талаар шүдний эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй.