Монгол улсын Засгийн газраас 2023 оноос хэрэгжиж эхлэж буй ШҮД хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, ЭМХТ, ЭМДЕГ, МШМХ, НАС Мэргэжлийн салбар зөвлөл оролцсон ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2023.07.18)боллоо. Хурал дээр ЭМЯ -ы НАС мэргэжилтэн Б.Дөлгөөн Нүүр ам судлалын салбарт хэрэгжих ШҮД төслийн талаар товч танилцуулга хийлээ. Төслийн хувьд үндсэн 4 зорилго дэвшүүлж буй бөгөөд үүнд
- Амны хөндий нийгмийн эрүүл мэндийн (хяналт сэргийлэлт) арга хэмжээ зохион байгуулах
- Тандалт мэдээллийн цахим санг бий болгох
- Нүүр амны тусламж үйлчилгээний тогтолцоог сайжруулах
- Хүний нөөцийн бодлого шинэчлэх
- Нэмэлт эрхзүйн зохицуулалт хийх
ЭМДЕГ-н мэргэжилтэн н.Булгантамирын танилцуулсан мэдээлэлд ЭМДҮЗ-н тогтоол шинэчлэгдэж батлагдсан бөгөөд хэрэгжих шатанд байгаа. Энэхүү тогтоолын дагуу нүүр амны тусламж үйлчилгээг ЭМД-аас санхүүжүүлэх жагсаалт батлагдсан байна. Үүнд: Хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэлтэнд 1 жилд 1 удаа 25000 төгрөг анхан шатанд, Улаанбаатар ба орон нутгийн улсын болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд 1 хүнд 1 жилд 3 шүдээ эмчлүүлэх эмчилгээ тус бүрт 60000 төгрөг, сумын эрүүл мэндийн төвүүдэд шүдний тусламж үйлчилгээнд 1 хүн жилд 3 шүд эмчлүүлэх эмчилгээ тус бүрт 90000 төгрөг байхаар баталсан байна.
Хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэлтийн энэ оны төсөв батлагдсан бөгөөд энэхүү арга хэмжээг анхан шатлал буюу өрх, сумын эмнэлгүүдэд түшиглэн явуулахад одоо байгаа хүний нөөц хязгаарлагдмал тул хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх талаар хуралд оролцогч тал бүрийн саналыг сонслоо. Энэ хүрээнд орон нутаг болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийг магадлан итгэмжлэлд хамруулж магадлан итгэмжлэлд хамрагдсан эмнэлгүүдтэй гэрээ байгуулах санал гарсан ч урт хугацаандаа энэ байдлаар явуулах нь зөв хэдий ч энэ оны хувьд төсвийн гүйцэтгэл дуусах хугацаанаас өмнө амжихгүй болохыг ЭМДЕГ анхаарууллаа. Иймд энэ асуудлыг зохицуулах түр журмыг яаралтай мэргэжлийн хүрээнд хэлэлцэж гаргахаар боллоо. Энэ саналын дагуу НАС Мэрэгжлийн салбар зөвлөл, Монголын Шүдний Мэргэжлийн Холбоо тус тусын үйл ажиллагааны чиглэлээр санал авч ЭМЯ-нд танилцуулан дараагийн ажлын хэсгийн хурлыг товлохоор болж өндөрлөлөө.