Сүүлийн жилүүдэд маш олон судлаачид чихрийн шижин өвчин ба шүдний тулгуур эдийн өвчний хоорондын хамаарлын чиглэлээр мөшгин судласан судлагааны ажлуудыг хэвлүүлсээр байна. Тулгуур эдийн өвчин нь чихрийн шижин өвчний үндсэн зургаан шалтгааны нэг юм. Хэрэв та чихрийн шижин гэсэн оноштой бол танд тулгуур эдийн өвчинд өртөх эрсдэл эрүүл хүнээс 3-4 дахин өндөр байх бөгөөд түүшин сэртэнгийн ясны эдийн хатингаршилын зэрэг ба буйлны эмгэг илүү хүнд хэлбэрээр тохиолдно.
Чихрийн шижин өвчин гэж юу вэ? Энэ нь хүний биеийн хоол хүнснээс авах чихэр бар цардуулын төрлийн бодисыг боловсруулах зориулалт бүхий инсулин хэмээх гормон хүний биед огт нийлэгжихгүй байх эсвэл зохист үйл ажиллагаа нь алдагдахад хүргэдэг бодисын солилцооны ноцтой өвчин юм. Хэвийн нөхцөлд инсулин гормон нь хүний биеийн эс, цуснаас сахарыг авч энерги гарган авахад тусладаг. Чихрийн шижин өвчин үүсэх үед таны бие инсулин гормоныг ялгаруулж чадахгүй болох бөгөөд үүний улмаас биеийн эсүүд цуснаас чихрийг татаж авч чадахгүй болж цусан дахь сахарын хэмжээ өсөн нэмэгддэг. Цусан дахь сахарын хэмжээ байнга өндөр байх нь аажмаар эрхтэн тогтолцооны бусад эмгэг, өвчинүүдийг үүсгэх бөгөөд зүрх, бөөр, нүдний өвчин ба бусад ноцтой өвчин эмгэг үүсэх шалтгаан болно.
Хэрэв та чихрийн шижинтэй гэсэн онош тавиулсан бол танд тулгуур эдийн өвчин үүсэх магадлал 3-4 дахин ихэссэн гэсэн үг.
Чихрийн шижин өвчин нь өөр хоорондоо ялгаатай хэд хэдэн төрөл байдаг уу?АНУ-ын хэмжээнд 20 сая насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүд чихрийн шижин өвчинд нэрвэгдээд байгаа ч тэдний зөвхөн 14 сая нь өөрийн чихрийн шижин өвчтэй гэсэн оношийг мэддэг бол 6 сая иргэн өөрийгөө ийм өвчинд нэрвэгдсэнийг огт мэдээгүй байдаг байна. Чихрийн шижин өвчин нь 1-р хэлбэрийн, 2-р хэлбэрийн, жирэмсэний чихрийн шижин, чихрийн шижингийн шинж тэмдэг үе гэсэн төрлүүдтэй байна. Ихэнх Америкчуудын хувьд (90%) 2-р хэлбэрийн чихрийн шижин гэсэн оноштой байдаг.
Тулгуур эдийн өвчин гэж юу вэ?Тулгуур эдийн өвчин гэдэг нь шүдийг ормонд нь бэхлэж байдаг буйл, шүдний холбогч эд, түүшин ясыг хамарсан нянгийн гаралтай халдварт өвчин юм. Хэрэв тулгуур эдийн өвчнийг эмчилж таслан зогсоохгүй бол шүдээ авхуулах нь зайлшгүй. Үндсэн шалтгаан нь шүдний гадаргуу дээр үүссэн өнгөгүй наалдамхай нянгийн гаралтай өнгөр юм. Өнгөрт агуулагдах нянгийн ялгаруулах хорт бүтээгдэхүүнүүд нь буйлыг цочроосноор үрэвсэл үүсэх шалтгаан болно.
Чихрийн шижин өвчний хяналт ба тулгуур эдийн эмчилгээ
Нэгэнт тулгуур эдийн өвчин үүссэн бол танд цусан дахь сахарын агууламжаа хянах нь бүр илүү хэцүү болно. Тулгуур эдийн өвчний эсрэг үзүүлэх биеийн хариу урвал нь цусан дахь сахарын хэмжээг улам нэмэгдүүлнэ. Иймд чихрийн шижин өвчтэй хүний цусан дахь сахарын хэмжээг барьж байхын тулд цаг алдалгүй тулгуур эдийн өвчнийг эмчилэх шаардлагатай. Тулгуур эдийн өвчний үед хэрэглэх антибиотик эмчилгээ нь цусан дах сахарын нөхцөл байдлыг сайжруулах тул тулгуур эдийн эмчилгээ хийх нь инсулины хэрэгцээг багасгаж өгнө гэж үздэг.
Ямар анхааруулах шинж тэмдэгүүд илрэх вэ?
Чихрийн шижин
- Байнга ам цангах
- Шээс ихсэх
- Хараа муудах
- Байнга сульдаж ядрах
- Жин алдах
- Шархны эдгэрэлт удааширах
- Ам хуурайших
- Арьс хуурайшиж, загатнах
- Гар ба хөл чимчигнэх, мэдээ алдах
Харамсалтай нь чихрийн шижинтэй ихэнх өвчтөнүүд энэхүү анхааруулах шинж тэмдгийг анзаараагүй байдаг
Тулгуур эдийн өвчин
- Улайж хавагнасан буйл, шүд угаахад цус гарах
- Буйл хатингаршиж шүдний ёзоор хэсэг ил гарсан
- Сүүн цагаан, эсвэл шаргал өнгөтэй өнгөр хуримтлагдсан
- Шүд хооронд идээ хуримтлагдан буйл хатуурч хавдсан байх
- Амнаас эвгүй үнэр үнэртэх
Хамгийн чухал нь ерөнхий эмч ба шүдний эмч нар няг уялдаатай хамтран ажиллах
Шүдний эмч нар үзлэг болгон дээрээ чихрийн шижин өвчний нөхцөл байдал болгоныг тэмдэглэж авах ерөнхий эмч нар үзэг болгон дээрээ амны хөндийн байдлыг тэмдэглэж өгөх зэрэг өөр хоорондоо уялдаатай ажиллах нь чихрийн шижин өвчнийг хяналтанд байлгах, тулгуур эдийн өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Чихрийн шижин өвчин ба амны хөндийн эмгэгүүд
Чихрийн шижин өвчиний үед амны хөндийд дан ганц тулгуур эдийн өвчин л үүсдэг юм биш. Хэдийгээр чихрийн шижин өвчний үед амны хөндийн дараах өвчин эмгэгээс сэргийлэх боломж байхгүй ч та бүхэн энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болсоноор илүү хүндрүүлэх аюулаас сэргийлнэ.
- Ам хуурайших эмгэг :Ам хуурайших эмгэг буюу Xerostomia эмгэг нь аны хөндийг чийглэх үүрэг бүхий шүлсийг шүлсний булчирхай бүрэн ялгаруулж чадахгүйн улмаас үүсэх бөгөөд үүүний улмаас амны зөөлөн эд, салст үрэвсэж шархална. Үүний улмаас хоол хүнс зажлах, залгихад бэрхшээлтэй болсоны улмаас хоол хүнс идэж чадахгүй болж энэ нь цусны сахарыг ихсэх шалтгаан болно.
- Мөөгөнцөрийн халдвар:Candida albicans нь хэвийн үед хүний амны хөндийд ямар нэгэн өвчин эмгэг үүсгэлгүйгээр оршин байдаг. Гэвч чихрийн шижин өвчний улмаас амны хөндийд шүлс бага ялгарч, ялгарсан шүлсэн дэх сахарын агууламж өндөрөөс шалтгаалан candida albicans нь эмгэг төлөвт шилжиж candidiasis хэмээх мөөгөнцөрт өвчин үүсгэнэ.
- Ам халуу шатах эмгэг:Хэрэвтаны амаар халуу оргиж, хорсож өвдөг бол та энэ төрлийн эмгэгтэй юм байна.
- Амны хөндийн мэс ажилбарын хүндрэлүүд:Хэрэв чихрийн шижин өвчинтэй бол амны хөндийн жижиг мэс ажилбар ч хүндрэл үүсгэх боломжтой. Чихрийн шижин өвчний улмаас шархны эдгэрэлт удааширах тул нянгийн халдварт өртөх магадлал өндөр болно. Амны хөндийн мэс ажилбаруудын үед цусан дахь сахарыг ч хяналтанд байлгах хэцүү болдог.
- Хэрэв танд зайлшгүй амны хөндийн мэс ажилбар хийх шаардлагатай бол American Diabetes Associationдараах зөвлөмжийг өгч байна.
- Шүдний эмчид өөрийгөө чихрийн шижин өвчтэй гэдгийг сануулж чихрийн шижингээс шалтгаалах асуудлуудын талаар ярилцах
- Шүдний эмчид очихоос өмнө таны цусан дахь сахарын хэмжээ хэвийн хэмжээнд байх ёстой
- Байнга хэрэглэдэг эмээ уусан байх. Шүдний эмч тань таны эмчтэй зөвлөлдөж зарим эмийн хэрэглээг зохицуулах эсэх, халдвараас сэргийлэх зорилгоор мэс ажилбарын өмнө антибиотик уух шаардлагатай эсэхийг асууна.
- Мэс ажилбарын дараа таны идэх зүйлийн талаар төлөвлөгөө гаргана. Мэс ажилбарын дараа аманд шархлаа үүсэх тул зөөлөн ба шингэн хоол унд хэрэглэх нь өвдөлт өгөхөөс сэргийлнэ.
- Цусан дахь сахарын хэмжээ хяналтанд ортол хүлээнэ. Цусан дахь сахарын хэмжээ хэвийн үед мэс ажилбар гүйцэтгэх нь амжилттай болох гол хүчин зүйл болно. Хэрэв цусан дахь сахарын хэмжээ хяналтанд авах боломжгүй нөхцөлд яаралтай заалтаар мэс ажилбар гүйцэтгэх болвол шүдний эмч ба ернөхий эмчтэй зөвшилцөж эмчилгээг томоохон мэс заслын тасагт хийх шаардлагатай эсэхийг шийдвэрлэх хэрэгтэй.