Унтахаасаа өмнө шүдээ угааж сурах нь хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн маш чухал дадал зуршил суухад туслана. Энэ байдлаар өдөрт хоёр удаа шүдээ угаах нь шүд эрүүл өсөж хөгжихөд чухлын зэрэгцээ хүүхдийн амнаас гарах эвгүй үнэрийг дарахад хангалттай.
Гэвч амны эвгүй үнэрийн цорын ганц шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд биш юм. Амнаас үнэр гарахад олон хүчин зүйл нөлөөлдөг ч анзаарахгүй байж магадгүй 5 шалтгааныг сануулах үүднээс энд дурдлаа.
Sinus Infection буюу хоншоорын дайвар хөндийн үрэвсэл
Танай хүүхдэд сүүлийн үед хоолой нь өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг ажиглагдсан уу? Тийм бол амнаас гараад байгаа эвгүй үнэрийн шалтгаан нь хоншоорын дайвар хөндийн үрэвсэл байж магадгүй. Хоншоорын дайвар хөндийн үрэвсэл нь хамрын хөндий болон залгиур орчмын үрэвсэл ба халдвараас шалтгаалан үрэвсдэг. Учир нь хүүхдийн залгиур орчим бол нян бактери хуримтлагдахад нэн таатай орчин юм.
Амны эвгүй үнэр дайвар хөндийн үрэвслийнх байж магадгүй нь яаж мэдэгдэх вэ?
Амнаас өмхий үнэртэх бөгөөд энэ нь шүдээ хичнээн угаасан ч арилахгүй байх. Хэрэв хоншоорын дайвар хөндийн үрэвсэл гэж сэжиглэж эхэлсэн (хоолой хүчтэй өвдөх, хамар битүүрэх, нус гоожих) эмчид яаралтай очиж үзүүлэх нь зүйтэй.
Хамарлуугаа чихсэн гадны биет
Энэ тухай та анх удаа дуулж байж болох юм. Гэвч энэ нь тийм ч ховор бус тохиолдох шалтгаан юм. Хүүхдийн тань амны эвгүй үнэр түүний хамрын хөндийд байх ямар нэг гадны биетээс шалтгаалж байж болзошгүй. Хүүхэд бол сониучхан амьтан. Тэд хамарлуугаа хөөсөнцөр, шош, вандуй, хоол хүнсний зүйл ер нь юу ч чихсэн байж болзошгүй.
Хүүхдийн эмч Dr. William Sears хүүхдийн хамрын хөндийд ямар нэг зүйл ороод гарахгүй гацсан байгаа бол үнэр орж эвгүй үнэртдэг болохыг анхааруулж байна. Хэрэв дээрхийн адил шүдээ угаасан ч амнаас гарах эвгүй үнэр нь арилахгүй байгаа бол хамар хоолойн эмчид очиж хамрын хөндийд ямар нэг зүйл тээгэлсэн байгаа эсэхийг шалгуулж үзэх нь зүйтэй.
Гүйлсэн булчирхайн үрэвсэл
Утасны гэрэл юмуу гар чийдэн тусгаад хүүхдийнхээ гүйлсэн буйлчирхайг ямар харагдаж байгааг шалгаад үзэхэд гэмгүй. Эрүүл гүйлсэн булчирхай цайвар ягаан өнгөтэй ямар нэг толбогүй байдаг. Тэгвэл үрэвссэн гүйлсэн буйлчирхай улайсан, хавдаж хавагнасан, идээ татсан байх бөгөөд маш эвгүй үнэртэй болсон байдаг. Гүйлсэн буйлчирхайд агуулагдах халдварт нян бактери нь хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болно. Хэрэв гүйлсэн булчирхай үрэвссэн бол яаралтай хүүхдийн эмчид үзүүлж таарах эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
Амны хуурайшилт
Хүүхдүүд маш хөдөлгөөнтэй, үргэлж эргэн тойронд гүйж харайж байдаг нь түүний эд эрхтэн усны тэнцвэрээ хэвийн хадгалахад маш түвэгтэй нөхцөл байдал юм. Хүүхдийн амны хуурайшилт нь ихэнхдээ шингэн дутагдсанаас болж үүснэ. Хэрэв хүүхэд шингэн зүйл бага уух юм бол амны хөндийд шүлс бага ялгарч амны хөндийн үнэр гаргагч нян бактериудыг цэвэрлэж чадахгүй болно. Үүний улмаас амнаас эвгүй үнэр гарахын зэрэгцээ шүлс бага ялгарах нь шүд цоорох томоохон шалтгаан болно. Иймд хүүхдэд ойр ойрхон шингэн зүйл өгч байх нь чухал.
Амны хөндийн шалтгаант бусад хүчин зүйлс
Хамгийн элбэг тохиолддог шалтгаан. Хэрэв хүүхдийн аманд цоорсон шүд байх, буйл нь үрэвссэн байх юм бол амны хөндийн эрүүл ахуйг сахиж шүдээ хичнээн ч зөв угаагаад амнаас эвгүй үнэр гарсаар л байх болно. Иймд шүдний эмч дээрээ очиж цооролтой шүд ба үрэвссэн буйланд эмчилгээ хийлгэх нь чухал.
Хүүхдийн амнаас гарах эвгүй үнэрийг шүдний угаалт дутуу байгаатай холбож ойлгон анзаарахгүй орхиж болохгүй шүү. Дээрх шалтгаануудын нль нь ч танай хүүхдэд тохиолдсон байж болзошгүй тул эмчид очиж шалгуулж үзэх нь зүйтэй.