Хүн болгон хэт их сэтгэлийн цочролд орсон үедээ аманд шүлсгүй болж ам хатах гэдэг зүйлтэй нэг биш удаа нүүр тулгарч үзсэн байж л таараа. Гэвч байнгын яг ийм байдлаар ам хатаж хуурайших нь хүнд маш таагүй мэдрэмж төрүүлэх төдийгүй эрүүл мэндийн томоохон асуудлын шалтгаан болох нь элбэг.
Ам хуурайших эмгэг
- Юмны амт мэдрэх, зажлах, залгих, ярих үйл ажиллагаанд хүндрэл учирна
- Амны хөндийд шүд цоорох өвчин ба бусад халдварын гаралтай өвчинүүд үүсэх нөхцөл боломж нэмэгдэнэ
- Нэлээд олон өвчин ба нөхцөл байдлын шинж тэмдэг байдлаар илрэнэ
- Нэлээд олон төрлийн эмийн бодис болон эмчилгээний улмаас үүснэ
Эмнэлзүйн шинж тэмдэг
- Ам хуурайших, заваарах мэдрэмж төрнө
- Зажлах, залгих, юмны амт мэдрэх, ярихад хүндрэлтэй болно
- Амаар халуу шатаж мэдрэгдэнэ
- Залгиур, хоолой хатаж аргах мэдрэмж
- Уруул хагарна
- Хэл хуурайшиж аргана
- Ам шархлана
- Аманд төрөл бүрийн халдварын голомт үүснэ
Шүлс ямар үүрэгтэй вэ?
- Шүлс нь амны хөндийн чиглэг орчиныг бий болгохын зэрэгцээ хоол шингэх үйл ажиллагаанд оролцоно
- Шүдийг цооролд өртөхөөс сэргийлнэ
- Амны хөндийд байгаа нян бактери, мөөгөнцөрийн үйл ажиллагааг хяналтанд байлгаж халдварын голомт үүсэхээс урьдчилан сэргийлнэ
- Хоол хүнсийг зажлах, залгих үйл ажиллагаанд туслана
Ам хатах эмгэг яагаад үүсдэг вэ?
Амны хөндийд шүлс ялгаруулах үүрэг бүхий шүлсний булчирхайн үйл ажилагаа хэвийн бус болсоны улмаас ихэнхдээ ам хатах эмгэг үүснэ. Шалтгаан нь маш энгийн бөгөөд амыг чийглэх үүрэгтэй хангалттай хэмжээний шүлс ялгарахгүй байгаатай холбооотой. Шүлсний булчирхайн үйл ажиллагагаа алдагдах хэд хэдэн шалтгаан байна.
- Эмийн бодисын гаж нөлөө– 400 гаран төрлийн эмийн бодис шүлсний булчирхайн үйл ажиллагааг алдагдуулдаг болох нь тогтоогдсон. Цусны даралтыг тогтворжуулах зориулалттай ба сэтгэл гутралын эсрэг үйлчилэлтэй эмийн бодисууд ихэнхдээ ам хатах эмгэгийн шалтгаан болдог.
- Өвчин– Зарим нэг өвчнүүд шүлсний булчирхайд сөргөөр нөлөөлдөг. Үүнд Шёгрений синдром, ХДХВ/ДОХ, чихрийн шижин, Паркинсоны өвчин зэрэг хамаарна.
- Туяа эмчилгээ– Хавдрын туяа эмчилгээний цацрагийн улмаас шүлсний булчирхай гэмтдэг нь ам хуурайших шалтгаан болно
- Химийн эмчилгээ– Хавдрын эмчилгээнд ашиглаж буй зарим нэг эмийн бодисын улмаас ам хуурайшиж хатна.
- Мэдрэлийн гэмтэл– Хүзүү толгой орчмын гэмтлийн үед шүлсний булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг мэдрэлийн ширхэгүүдийн гэмтлийн улмаас шүлс ялгаралт алдагдана.
Ам хатах эмгэгийн үед ямар эмчилгээ хийх вэ?
Ам хатах эмгэгийн эмчилгээ нь ямар шалтгаан ам хуурайшуулахад нөлөөлж байгаагаас шалтгаална. Хэрэв та өөртөө ам хатах эмгэг байна гэж сэжиглэж байгаа бол шүдний эмч ба дотрын эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч нар таны ам хатах болсон шалтгааныг олж тогтооход туслах болно.
- Хэрэв ам хатах эмгэг таны хэрэглэж буй эмнээс шалтгаалж байгаа бол эмийн бодисыг сольж өгнө
- Хэрэв шүлсний булчирхайн үйл ажиллагаа алдагдаж хэвийн бус болсон ч бага зэрэг шүүрэл ялгаруулж байвал шүлсний булчирхайн үйл ажиллагааг дэмжих төрлийн эмчилгээ хийнэ.
- Таны шүдний эмч ба дотрын эмч шүлсний булчирхайн үйл ажиллагаа ноцтой хэмжээнд алдагдсан бол амны чийглэг орчинг хадгалах үүднээс хиймэл аргаар чийгшүүлэх шингэн хэрэглэхийг санал болгоно.
Та өөрөө юу хийх хэрэгтэй вэ?
- Ус ба чихэргүй ундаа сорж шимж уух
- Кофейн агуулсан кофе, цай газжуулсан ундаа ухаас зайлсхийх. Кофейн нь ам хуурайших шалтгаан болдог
- Хооллох үедээ ус ба чихэргүй ундаа шимж уух. Энэ нь хоол хүнсний зүйлийг дэвтээж өгсөнөөр зажлах, залгихад хялбар болгоно. Үүний зэрэгцээ хоол амтлах мэдрэмжийг ч сайжруулж өгнө.
- Шүлсний урсгалыг сайжруулах зорилгоор чихэргүй, гаатай бохь зажлах, цитрусын төрлийн жимс хэрэглэх
- Архи тамхи хэрэглэхээс зайлсхийх. Учир нь эдгээр нь хоёулаа ам хуурайшихад нөлөөлдөг.
- Халуун ногоотой ба давстай хоол хүнс нь ам хуурайшихтай давхцаад аманд өвдөлт үүсгэж магадгүйг анхаарах хэрэгтэй
- Шөнө унтахдаа агаар чийгшүүлэгч ашиглах хэрэгтэй
Ам хуурайшилтын үед шүдээ эрүүл байлгах санамж
- Өдөрт хоёр удаа шүдээ удаан хугацаангаар сойздож угаах
- Өдөр тутам шүд хоорондын завсарыг шүдний утсаар цэвэрлэх
- Фтортой оо сонгон хэрэглэх.
- Наалдамхай, чихэрлэг хүнснээс зайлсхийх. Хэрэв ийм хүнс хэрэглэсэн бол нэн даруй шүдээ угааж хэвших.
- Жилд ядаж хоёр удаа шүдний эмч дээрээ очиж шүдний нөхцөл байдлаа хянуулах. Таны шүдний эмч танд ам зайлах фторт бэлдмэл өгч шүдний тань эрүүл мэндийг хадгалахад туслах болно.