Шүдний дахин эрдэсжилт гэдэг нь шүдний хатуу эдийг нөхөн сэргээх, засварлах биологийн процесс бөгөөд амны хөндийн орчинд өдөр тутам явагдаж байдаг. Энэхүү процесс нь шүдний гадна гардаргуугаас алдагдсан шүдний пааланг буцаан нөхөн сэргээх замаар шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх маш чухал хүчин зүйл юм.
Шүдний дахин эрдэсжилт нь шүдний гэмтлийг нөхөн сэргээдэг
Хүний амны хөндийд ашиг тустай бичил биетний зэрэгцээгээр хор хөнөөлтэй нянгууд мөн оршин байдаг. Зарим нянгуудын амны хөндийд орсон чихэрлэг зүйлийг боловсруулах бодисын солилцооны үр дүнд хүчил үүсэх бөгөөд энэхүү хүчил нь шүдний паалангийн гадаргууг түлж гэмтээснээр паалангийн бат бөх байхад чухал нөлөөтэй кальци, фосфат ионы алдагдалд хүргэнэ. Энэхүү шүдний паалан гэмтэх процессийг demineralization буюу шүдний эрдэсгүйжилт гэж нэрлэдэг бөгөөд энэ нь шүд цоорох өвчин үүсэх хамгийн гол шалтгаан юм. Шүдний паалан эрдсээ алдаж эрдэсгүйжилтэнд өртөхөөс сэргийлдэг хүчин зүйлсэд шүлс, фтор, хоол хүнсний шим тэжээл, амны хөндийн пробиотик бичил биетнүүд зэрэг хамаарна.
Шүдний дахин эрдэсжилтэнд шүлсний нөлөө
Шүлс нь амны хөндийд чихрийн улмаас үүссэн хүчлийг саармагжуулж идэвхгүй болгохын зэрэгцээ шүдийг кальци ба фосфатын ионоор хангаж дахин эрдэсжилтийн процессийг дэмждэг. Амны хөндийн орчинд шүлсний урсгал байнга тогтмол хөдөлгөөнд орших тул энэ нь шүд буйлны завсар хуримтлагдсан хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэхийн зэрэгцээгээр хор хөнөөлт нянгуудыг зайлуулж байдаг. Шүдний гадаргуугаас хөнөөлт нянгуудыг зайлуулж цэвэрлэх нь шүдний гадаргууд кальцийн ион нэвчихэд туслана. Иймд амны хөндийд шүлс байнга хэвийн хэмжээнд ялгарах нь шүд дахин эрдэсжих процесс явагдахад маш чухал хүчин зүйл юм.
Харин гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр шүлсний ялгаралт багасч ам хуурайшилт болоход шүд дахин эрдэсжих процесс удааширдаг.
Шүдний дахин эрдэсжилтэнд фторын үүрэг
Фторт нэгдэл нь шүдний эрдсийн алдагдлаас сэргийлэх шүд дахин эрдэсжихэд маш чухал үүрэгтэй гол хүчин зүйл юм. Фторт материалыг шүдэнд тавихад шүдний паалангийн бүтцийн нэгж болох гидроксиапатитын зарим кальцийн молекулууд фтороор солигдоно. Ийнхүү кальцийг орлон байршсан фторын молекул нь дахин эрдэсжилтийн процессийн явцад шүлснээс фосфатыг өөртөө татан илүү бат бөх гидроксиапатитийг үүсгэдэг.
Фторт нэгдлийг шүдэнд ерөнхийдөө шүдний оо эсвэл фторт түрхлэг хэлбэрээр өгдөг боловч хүнд хэлбэрийн эрдсийн алдагдалд зориулагдсан эмнэлзүйн илүү өндөр тунгийн материалууд байдаг.
Шүдний дахин эрдэсжилтийн процессийг нэмэгдүүлэх түлхүүр хүчин зүйлс
Шүд эрсдээ алдах demineralization ба шүд дахин эрдэсжих remineralization процесс нь амны хөндийд байнга явагдаж байдаг зүйлс юм. Харин амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг баримтлах нь шүд дахин эрдэсжих процессийг эрдсээ алдахаас илүү дэмжиж өгдөг.
Үүний тулд:
- Шүдээ өдөрт хоёроос доошгүй удаа угаах, шүдний завсараа завсарын утсаар цэвэрлэх нь хор хөнөөлт нянгийн өсөлтийг таслан зогсоож, нянгийн ялгаруулах хүчлийн аюулыг бууруулна
- Сахарын агууламж өндөр ундаа, чихэр, амттан хэрэглэхээс аль болох зайлсхийх.
- Витамин ба эрдэс минералиар баялаг навчит ногоон ургамал, бяслаг, загас, өндөг хүнсэндээ хэрэглэж шүдний дахин эрдэсжилтийг дэмжих
- Шүдний эмнэлэгт тодорхой хугацааны давтамжтайгаар байнга хандаж шүдний эрдэсгүйжилт үүссэн бол эмчилгээ хийлгэх. Шүдний эрдэсгүйжилтийг эрт илрүүлэх нь хүндрэл үүсэхээ сэргийлэх сайн талтай