Шүд толботох өвчин (Dental fluorosis) яагаад үүсдэг вэ?
Шүд толботох өвчин гэдэг нь фторыг ихээр агуулсан ундны ус ба хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэснээс бие махбод фтороор хорддог архаг, нутагшмал өвчин юм.
• Газрын хөрс нь эрдэс бордоо, цас, бороо, утаа, фтор агуулсан хаягдал зэргээс фтороор баяжигддаг бөгөөд ойролцоогоор 1,06*100 % фтор агуулагддаг.
• Газрын гүний ус, рашаан нь фтороор баялаг.
• Фтор нь бие махбодод физиологийн үүрэг гүйцэтгэдэг биологийн чухал элемент.
• Фтор нь хүний бүх эрхтэний найрлагад байдаг ба яс, шүдэнд хамгийн ихээр агуулагдана.
• Бие махбодод орсон фторын ихэнх нь бөөр, хөлсний булчирхайгаар ялгарч, бага хэсэг нь биед үлддэг.
• Фторын нэгдэл нь хөрснөөс ургамалд шингэж, ургамал ба усаар хүн, малын биед орно.
• Хүнсэн дэх Фтор, усан дах фтороос муу шимэгдэнэ.
Фторыг ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн:
- Далайн загас, хонины мах, элэг, үхрийн ба гахайн мах, тархи
- Өндөгний шар
- Арвай, байцай, улаан манжин
- Ногоон цай
Шүд толботох өвчний эмгэг жам
• Шүдний хучуурын эрхтэн үүсч байх үед фтор нь цусаар дамжин энамелобластад нөлөөлснөөс паалан үүсэх үйл явц хямардаг.
• Фтор нь ферментийн эсрэг үйлчилдэг хор. Тэр нь фосфатазын идэвхийг бууруулснаар паалангийн эрдэсжилтийг алдагдуулдаг.
Шүд толботох өвчний эмнэлзүй
• Эндемийн голомтод төрсөн буюу 3-4 насандаа тухайн нутагт шилжин суурьшсан хүүхдийн байнгын шүдэнд флюороз үүсдэг.
• Сүүн шүдэнд ховорхон үүсдэг.
• Фторын агууламж: Бага зэрэг илүүдсэн үед үүдэн шүдэнд үүснэ. Ихээр илүүдсэн үед бүх шүдэнд үүснэ.
• Фторын хэмжээ:
- 1,5мг/л- Цагаан, шаргал өнгөтэй толбо үүснэ.
- 1,5-2мг/л- Цөгцний гадарга долгион хэлбэртэй болж, эсвэл олон тооны цэгэн халцархай үүснэ.
• Гэмтсэн паалан нь тунгалаг, гялалзсан өнгөө алдаж булингартан үхмэл цагаан туяатай болно.
• Фторын агууламж их болох тусам цэгэн халцархайнууд хоорондоо нийлж, нөсөөжсөн цэхэр толбуудтай хослон шүдийг алаг цоохор болгоно.
Шүд толботох өвчин нь эмнэлзүйн үндсэн 5 хэлбэрээр илэрдэг.
Зураасан хэлбэр- Паалангийн гадаргын дор жижиг цэгэн зураасууд үүснэ. Зураасууд маш муу харагдах ба зөвхөн шүдийг сайн хуурайшуулсаны дараа тод харагдана. Зураасууд нийлж толбо үүсгэдэг. Ихэнхдээ хоншоорын үүдэн шүдний уруулын гадаргад байрлах ба эрүүний үүдэн шүдэнд ховор тохиолдоно.
Толбот хэлбэр- Олон тооны жижиг цэхэр толбууд нь шүдний бүх гадаргад байрлана. Заримдаа нийлж том толбо болдог. Паалангийн цэхэр өнгө нь тодорхой зааггүй хэвийн өнгөнд шилжинэ. Заримдаа толбо нь хүрэндүү өнгөтэй.Толбоны ойролцоох толбо нь гялгар хэвээр байна.
Шохойт-цоохор хэлбэр- Бүх гадарга булингартсан өнгөтэй, уг суурин дээр тодорхой хил хязгаартай, нөсөөжсөн толбууд үүснэ. Заримдаа паалан олон тооны цэг, толбо бүхий шаргал өнгөтэй. Паалан хурдан элэгдэж хар хүрэн өнгийн нөсөөжсөн тугалмай ил гарна.
Шалбархайт хэлбэр- Нилэнхүйдээ нөсөөжсөн, зарим хэсэгтээ паалангүй болно. Үүнийг шалбархай гэнэ. Паалан тугалмайн хэлбэр хурдасна.
Цөгцний хэлбэр өөрчлөгдөх- Хатуу эдийн элэгдэл, шалбархайн улмаас цөгцний хэлбэр өөрчлөгдөнө.
Шүд толботох өвчний эмчилгээ
Шүд толботох өвчин нь гоо сайхны зовиуртай бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр паалан, нүүрэвч, бүрээс зэргээр гоо зүйг сэргээж болно.
Эх сурвалж: https://www.webmd.com/
Нийтлэлч: О.Нямхүү