Саяхан Канад улсад явагдсан социологийн судалгаагаар “Ямар эмчээс хамгийн их айдаг вэ?” гэсэн асуултанд бүгд дуу нэгтэй "Шүдний эмчээс" гэж хариулсан байх юм. Бид өөр хоорондоо тоглоом шоглоомоор “Хамгийн их айдаг зүйл чинь юу вэ?”, “Харанхуй” “Шүдний эмч”? Яагаад? Харанхуйд хичнээн ч шүдний эмч байх юм билээ? гэх мэтээр марзаганан хөгжилддөг. Гэтэл бидний тоглоом шоглоом болгож буй энэ зүйл шүдний эмч, шүдний эмнэлгээс жинхэнээсээ айдаг хүмүүсийн айдсыг дэврээж шүдний эмнэлэгт очиж шүдээ эмчлүүлэхэд нь саад болж байдгийг ТА МЭДЭХ ҮҮ?. Үүний улмаас маш олон хүмүүс шүдний эмнэлэгт очиж шүдээ эмчлүүлж чадахгүйн улмаас амны хөндийн эрүүл мэндийн цаашлаад биеийн эрүүл мэндийн томоохон асуудалд нэрвэгдсэн байдаг.
Шүдний өвдөлт гэдэг бол маш таагүй, хүсээд баймааргүй өвдөлтийн нэг гэдгийг шүд нь өвдөж үзсэн хүн болгон мэднэ. Монголчууд ялангуяа яснаас шүд өвдөх, махнаас нүд өвдөх хэцүү гэж ярилцдаг. Гэтэл шүдний өвдөлт тухайн хүндээ зөвхөн өвдөлтөөс гадна түүнээс шалтгаалсан олон таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Ялангуяа шүд өвдөхтэйгээ зэрэгцээд яаж шүдний эмнэлэгт очиноо гэсэн айдас нэлээдгүй олон хүмүүст төрдөг. Шүдний эмнэлэг, шүдний эмчээс айсандаа юм хөгжсөн өнөө цаг үед ч балар эртний үе шигээр шүдээ ямар нэгэн аргаар өөрөө эмчилчих гээд оролдоод байдаг хүмүүс ч бий. Түүнээсээ болоод амь насанд тулсан ноцтой хүндрэл үүсч олон хүмүүс нас бардаг.
Яагаад хүмүүс шүдний эмнэлэгт ирэхээс, шүдээ эмчлүүлэхээс, шүдний эмчээс тэгтэлээ их айдаг юм болоо?
Олон баримтуудыг шүүж дүгнэж үзэхэд шүдний эмчилгээ шүдний эмчээс айх айдас нь дараах 3 төрөл болох нь ажиглагдаж байна.
Нэгдүгээрт шүдний эмчээс айдаг хүмүүсийн зууны 90 хувь нь өмнө нь хүүхэд байхдаа ч юмуу ямар нэг удаа шүдний эмч дээр очиж шүдээ өрөмдүүлж “ухуулж” хаширсан хүмүүс байх юм. Энэ хүмүүс шүдний эмнэлэгт очихоос болж л өгвөл зайлсхийдэг. Үгүйдээ л шүдээ эмчлүүлэх үедээ айж сандарснаасаа болоод бөөн асуудал үүсгэдэг. Орчин үеийн шүдний эмчилгээний түвшин түүний хүүхэд байх үеэс илүү өөр өндөр түвшинд очсон гэж ухуулж ятгаад ч тэд итгэдэггүй.
Ийм хүмүүсийг яахав? Ингээд орхих уу?
АНУ-ын өмнөд Каролины Их Сургуулийн профессор Фридман өвчтөний энэхүү айдас түгшүүр, стрессийг арилгахад эмчийн өвчтөнтэй харьцах байдал, үйл хөдлөл их чухал болохыг тогтоосон байдаг. Хэрэв эмч өвчтөнөө ойлгож, харилцан итгэл төрүүлж, халамжтай хандвал тайвшруулах болон мэдээ алдуулах нөлөөтэй эмийн бодисын үйлчлэл нэмэгддэг болохыг тогтожээ. Хэрэв өвчтөн эмчдээ итгэсэн тохиолдод бага зэргийн тунгаар үйлчилсэн ч бүрэн тунгаар үйлчилсэнтэй адил үйлчилгээ үзүүлж болохыг тэмдэглэсэн байна. Энэ нь өвчтөний сэтгэлзүй ямар хүчтэй нөлөөтэй болохыг харуулж байна. Харин эсэргээр өвчтөн тухайн эмийн бодисыг хэрэглэхээс татгалзах, эсэргүүцэх зэргээр сөрөг сэтгэл хөдлөлтэй байвал ямар ч эмийн бодис хэрэглээд эсрэг үр дүн гарч тухайн өвчтөн улам тавгүй байдалд оруулдагийг түүний судалгаа нотлон харуулжээ.
Шүдээ ухуулж хаширсан хүмүүс тэгэхээр яахав?
Эмч мэдээж тийм хүмүүстэй сэтгэлзүйн хувьд ажиллахаас гадна тэр хүмүүс ч өөрсдөө шүдний эмчилгээнд сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Шүдээ өрөмдүүлэхээс айгад л яваад байвал шүдний хорхой бүгдийг нь идэж дуусгана гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Орчин үеийн эмчилгээ өндөр түвшинд хүрсэн тул та өөрөө хүссэн эмнэлгээ сонгоод ядаж нэг удаа очоод үзүүлчих хэрэгтэй. Урьд нь ухаж хашраасан эмчийг бодоод байх хэрэггүй. Та тэр хүнтэй насан туршаа зууралдахгүй шүү дээ. Та түүн дээр очих ч шаардлагагүй. Өнөөдөр шүдний эмнэлэг хангалттай олон, хангалттай өргөн сонголттой болсон. 90-ээд оны өмнөх үе буюу өнөөгөөс 30 гаран жилийн өмнөхтэй өнөөдөрийн шүдний эмчилгээний салбарыг харьцуулах аргагүй болтлоо хөгжсөн гэдэгт итгэ.
Шүдний эмчилгээ үйлчилгээ, эмчээс айх болсон хоёрдахь шалтгаан нь цуу яриа. Таны шүд гэртээ ажил дээр хаана ч гэнэт өвдөж болно. Түүнчилэн танай ажлын хүний шүд нь ч өмнө нь ажил дээрээ өвдөж байсан тохиолдол олон байгаа. Шүд өвдсөн тухай сэдэл гармагц шүдний эмчилгээний тухай яриа өрнөнө. Мэдээж аль ч ажлын газар юм бүхнийг мэддэг их мэдэгч Салхи Дамбий шиг нөхөд байдаг. Хүмүүс аливаа зүйлийг сайнаар ярихаасаа муугаар ярих нь илүү байдаг нь өнөөгийн бидний сэтгэлгээний нэг онцлог гэж хэлж болно. Их мэдэгчид өөрт хийгдсэн сайн эмчилгээг ярихаас илүү аймшигтай муу зүйлийн талаар л боломж гармагц цуурч өгнө. Та түүнийг сонсоод хайхраагүй юмшиг л сууж байдаг ч энэ яриа таны далд ухамсарын түвшинд айдас болон хуримтлагддаг байна. Та шүдний асуудал асуудал яг өөрт чинь тохиолдох үед нөгөө их мэдэгчийн цуу яриаг санана. Түүнээсээ болоод та эмчид очихоос эмээж эхэлнэ.
Орчин үед энэхүү цуу яриаг хамгийн их дэврээгчид нь сошиал медиа эсвэл шар хэвлэл болоод байна. Эрүүл мэндийн салбарт болж буй сайн зүйлийг мэдээлэхгүй хэрнээ муу зүйлсийг нь соргогоор мэдэрч мэдээлж сенсаци дэгдээдэг. Энэ нь мэдээж таны далд ухамсарт сууж таныг эмнэлгээс айдаг болгож л байгаа.
Шүдний эмчээс айдаг гурав дахь зүйл нь хамгийн инээдтэй гэмээр зүйл. Зарим нэг эцэг эхчүүд хүүхдээ шүдний эмч дээр очиж өвдөж айсан айдсыг нь улам дэврээж шүдний эмчээр хүүхдээ айлгаж, шүдний эмчийг түүний “Хадны мангаа” болгож хувиргадаг. Хүүхдээ ямар нэг юм хийхгүй үгэнд нь орохгүй бол Шүдний эмчид аваачиж өгнө шүү гэх мэтээр айлгадаг. Хүүхэд насандаа ингэж Шүдний эмчээс айж өссөн хүүхэд том болсон хойноо ч энэ айдсаа гээж чаддаггүй нь баримт. Айдсын энэ сайхан хөрс суурь нь дээрх мэт их мэдэгчийн цуу яриа элдэв шалдав зүйлсээр баяжиж түүнд шүдний эмнэлэг, шүдний эмч бол хамгийн аймаар зүйл гэсэн ойлголт улам батаждаг. Дээр жишээ авсан Канадын судалгаа ч үүнийг баталж байна.
Тэгэхээр шүдний эмчээс айх энэ айдсаа хэрхэн дарах вэ?
Шүдээ эмчлүүлэх тухай бодмогц л айдас төрөөд байна уу? Юуны өмнө сэтгэлзүйгээ бэлд. Интернэтээс шүдийг хэрхэн эмчилдэг мэдээлэл олж унш. Орчин үеийн мэдээ алдуулалтын тухай ч өөрөө хайж олоод үзэж мэдэж болно. Эргэн тойрныхоо их мэдэгчид бус өөрийн хамгийн итгэлтэй гэсэн хүмүүсээсээ шүдээ эмчлүүлэхэд ямар байсан тухай асууж мэд. Тэгээд өөрийгөө зоригжуул.
Шүдээ эмчлүүлэх гэж зориглож явж байснаа яг үүдэнд нь очоод л нэг л айдас төрөөд ормооргүй болоод байна уу?
30 орчим минут өөртөө “Би айгаагүй, зүгээр байна” гэж хэлээд эргэн тойрноор нь алхаад үз. Хэдийгээр энэ нь сонсоход “тэнэг" санагдах ч үр дүнтэй арга юм.
Үзлэгийн кресло дээр суусан чинь улам айдас төрөөд явчихав уу?
Айж байгаагаа эмчдээ хэл. Өмнө яасан тухай яагаад айдаг болсон тухай санаа зоволтгүйгээр ярь. Ихэнх шүдний эмч нар зөвхөн шүдний эмч биш тань шиг олон хүмүүстэй зууралдсаар байгаад муухан сэтгэлзүйчидээс илүү сэтгэл зүйч болчихсон байгаа. Тэд тантай яаж харьцахаа таныг хаалгаар орж ирсэн хулмалзсан төрхөөс чинь хараад л мэдчихсэн байгаа гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Тэд таныг тэвчээртэй сонсоно. Таныг өвтгөхгүй байх бүх арга замыг тайлбарлан хэлж үйлдэл бүхнээрээ харуулна. Эмчилгээ эхэлнэ………...Тэгээл дуусчихсан байна.
Ямар ч өвдөлт мэдэрэлгүй, юу болсоныг ч мэдэлгүй шүдээ эмчлүүлээд дууссан хүмүүс шүдний кресло дээр хэзээ ч ийм сайхан байсангүй гэж үнэн сэтгэлээсээ талархалаа илэрхийлдэг. Эмчийн хувьд ч ийм хүмүүсийг эмчид итгэх итгэлийг нээж чадсанаараа мэргэжлээрээ бахархах бахархал, аз жаргалыг мэдэрдэг юм шүү.
Эцэст нь хэлэхэд шүд эмчлүүлэх гэдэг өнөө цагт тийм ч айгаад зугтаад байхаар аймаар зүйл биш болсон шүү гэдэгт итгээрэй.