Шүд болгоныг өөр хооронд нь ялгах зорилгоор шүдний тооллын системийг ашигладаг. Энэ нь шүдний тухай мэдээллийг бүртгэж тэмдэглэхэд хэрэг болохоос гадна тухай шүдний тухай мэдээллийг салбарын мэргэжилтнүүд өөр хоорондоо аман хэлбэрээр солилцоход тустай. Хүний байнгын шүд болон хүүхдийн сүүн шүдийг өөр хооронд нь ялгахын тулд мөн тооллын систем ашигладаг.
Шүдний эмчилгээний салбарт хамгийн өргөн ашиглагддаг тооллын ситемүүдэд:
- Палмерийн тооллын систем
- Ерөнхий дугаарлалтын систем
- Олон улсын стандартын байгууллагын (ISO) буюу Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо (FDI)ны систем
Палмерийн тооллын систем
Энэ тооллын системийг Zsigmondy систем эсвэл Хүснэгтэлсэн систем гэдгээр нь илүү их мэддэг. Энэ нь шүдийг тэмдэглэх нэлээд дээр үеийн систем ба Их Британи (Англи) улсад илүү түлхүү ашигладаг. Энэ системийн хувьд амны хөндийг 4 хэсэгт хуваагаад тус бүрийг (┘└┐┌) гэсэн тэмдэгээр тэмдэглэдэг. Энэ өнцөг хэлбэрийн тэмдэгтийн дотор шүдний тоог 1-8 хүртэл бичиж амны хөндийн аль хэсгийн ямар шүд болохыг тодорхойлдог. Энэ системийн дутагдалтай тал нь орчин үеийн компьютерт бичиж тэмдэглэхэд хүндрэлтэйгээс гадна мэргэжилтнүүд хоорондоо аман хэлбэрээр мэдээлэл дамжуулах боломжгүйд оршино. Энэ ситемд байнгын шүдийг 1-8 гэсэн тоогоор илэрхийлэх бол сүүн шүдийг A-E хүртэл үсгээр тэмдэглэнэ.
Ерөнхий дугаарлалтын систем
АНУ-д ихээр ашигладаг тул энэ ситемийг Америк систем гэж нэрлэх нь бий. Баруун дээд талын хамгийн арын агт араа шүднээс 1 гэж тоолж эхлэх ба зүүн талын агт араа 16 гэсэн дугаартай байна. 16 дугаартай агт араатай харьцаж буй доод агт араан 17 гэх ба эрүүний баруун талын агт араан дээр 32 гэж дугаарлан төгсөнө. Сүүн шүдийг A-T хүртэл үсгээр тэмдэглэх ба баруун дээд талын сүүн араа шүдийг A гэх бол баруун доод талын араа шүдэн дээр Т гэж тэмдэглэн төгсөнө. Одоогийн байдлаар АНУ-д Ерөнхий дугаарлалтын систем ба Олон улсын стандартын байгууллагын систем аль алиныг нь ашиглаж болохыг Америкийн Шүдний Эмч нарын Холбоо хүлээн зөвшөөрдөг.
Олон улсын стандартын байгууллагын (ISO) буюу Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо (FDI)-ны систем
Энэхүү тооллын системийг олон улсын түвшинд ашиглаж болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүлээн зөвшөөрсөн байна. Энэ системийн зарчмын том давуу тал нь компьютерт ашиглахад илүү хялбархан. ISO 3950 гэсэн стандартад хамаарах ба шүд болгоныг 2 оронтой тоогоор дугаарладаг. Үүний эхний орон нь шүдний байрлах амны хөндийн хэсгийг илэрхийлэх бол хоёр дарь орон нь аль шүд вэ гэдгийг тодорхойлно. Шүд болгоныг үүдэн шүднээс эхлэн 1-8 гэсэн тоогоор дугаарлана. Байнгын шүдний амны хөндийн байршлыг 1-4 гэсэн тоогоор илэрхийлэх бол сүүн шүдний байршлыг 5-8 гэсэн дугаараар илэрхийлнэ. Жишээ нь: Дээд шүдний энээний баруун талыг 1 гэж дугаарлах бол зүүн талыг нь 2, доод шүдний эгнээний зүүн талыг 3, баруун талыг 4 гэж дугаарлана. Үүнтэй нэгэн адил сүүн шүдний эгнээг 5, 6, 7, 8 гэж дугаарлана. Энэ тооллын дагуу өвчтөний картан дээр тэмдэглэгээ хийхдээ харин эсрэгээр өвчтөнийг эмчийн өөдөөс харж буйгаар төсөөлөн өвчтөний баруун талын шүдний эгнээний тэмдэглэгээг хүснэгтийн зүүн талд зүүн талыг нь баруун талд гэх мэт тэмдэглэнэ.