Сүүлийн жилүүдэд сошиал медиагийн хөгжлийг дагаад хүмүүсийн дунд толгой эргэм эргэлзээтэй аль нь зөв нь мэдэгдэхгүй мэдээлэл тархах болсоны нэг нь фторын тухай ойлголт юм. Нэг талаар оо, сойз, эмны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдааны компаниуд телевиз радиогоор өдөр бүр фтор агуулсан бүтээгдэхүүний ашиг тусын талаар сурталчилж байхад нөгөө талд сошиал медиа дээр фтор агуулсан оогоор шүдээ угаах нь эрүүл мэндэд хортой фторгүй оогоор угаах нь сайн гэсэн суртал ухуулга хүчтэй явж байгаа харагддаг. Энэ асуудал дээр мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөхөд, фтор бол шүдний эрүүл мэндэд зайлшгүй чухал бодис юм. Фторын хүний биед хортой, хоргүй байх асуудал нь ямар нөхцөлд ямар тунгаар яаж хэрэглэж байгаагаас шалтгаална. Мэдээж хэт өндөр тунгийн фторын агууламж бүхий бүтээгдэхүүнийг өөрөө дур мэдэн эмчийн зааваргүй хэрэглэвэл хор хөнөөл илрэх нь зайлшгүй. Гэхдээ өнгөрсөн зууны 60-аад оны үеэс Америк болон хөгжингүй орнуудад ундны усыг фторжуулсанаар шүд цоорох өвчний тархалтыг таслан зогсоож чадсан нь АНУ-ын хувьд өнгөрсөн зуунд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хүрсэн томоохон амжилтанд тооцогддогийг санахад илүүдэхгүй болов уу.
Өнөө үед фторыг фторжуулсан ундны ус болон бусад фтор агуулсан эрүүл, ахуй урьдчилан сэргийлэлтийн бүтээгдэхүүнүүдээс авч байна.
Фтор нь амны хөндийд ормогц гидроксиапатиттай урвалд орж фтортапатит үүсгэдэг. Энэхүү фторапатит нь шүдний гадаргууд байснаараа шүдний гадаргууг хүчиллэг орчинд тэсвэртэй болгодог. Мөн фтор нь эрдсийн алдагдлыг шууд зогсоож эрдэсжүүлэх процессийг дэмжиж ажилладаг. Амны хөндийн нянгуудын ялгаруулж буй хорт бодисуудын хоруу чанарыг саармагжуулдаг. Түүнчилэн судалгаагаар нотлогдсоноор бол фтор нь шүдний цоорол үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг өнгөр үүсэх процессийг саатуулдаг.
Фтор нь зөвхөн шүдний цоорлын эрт үед эрдэсгүйжих процессийг саатуулдаг бус томоохон хэмжээний цоорлын үед ч цоорлыг зогсоох үйлчилэлтэй болох нь батлагдаад байна.
Орчин үед шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд фторыг өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд фторт бүтээгдэхүүн хэрэглэх, ундны усыг фторжуулах зэргээр тухайн хүн өөрөө зохицуулан хэрэглэх аль болох хямд төсөр аргуудыг түгээмэл хэрэглэж байна.
Эдгээрээс хамгийн өргөн ашигладаг энгийн арга нь фтортой оогоор шүдээ угаах юм. 1000 ppm нэгж фторын агууламж бүхий шүдний ооны хэрэглээ нь ямар нэг онцгой хоол хүнсний хэрэглээний хязгаарлалт байхгүй байсан ч цоорлыг 30%-аар бууруулдаг нь тогтоогдсон байдаг. Фтортой маш олон төрөлөөр үйлдвэрлэж байгаа ч өнөөг хүртэл брэндийн хувьд яг тэр оо нь тэрнээсээ илүү гэх нотолгоо байхгүй байна. Фтор агуулсан нийт оонууд нь найрлагандаа sodium fluoride (NaF) эсвэл mono-fluorophosphate (MFP) ал нэгийг нь агуулдаг. Фторын агууламжийн хэмжээ нь өөр хоорондоо харилцан адилгүй бөгөөд 200-250 ppm агууламжтайг нь хүүхдийн шүдний оо, 1000-1500 ppm агууламжтайг нь насанд хүрэгчдийн зориулалттай гэдэг бол цооролд өртөх маш өндөр эрсдэлтэй нөхцөлд том хүн болон хүүхдэд ч хэрэглэж болох оог 2500-5000 ppm нэгж фторын агууламжтайгаар үйлдвэрлэдэг.
Фторыг хэрэглэх бусад аргуудад фторт шахмал, гель, лак, бохь, ам зайлагч шингэн зэрэг хамаарна. Фторын өндөр агууламжтай концентрацитай гелийг бол зөвхөн жороор олгохоор заасан байдаг. Ийм төрлийн гелийн фторын агууламж нь 12300ppm хүртэл байх бөгөөд APF (acidulated phosphate fluoride) нэгдлийг агуулдаг. Хяналтгүй өөрөө дур мэдэн хэрэглэх нь хувь хүнд маш өндөр эрсдэлтэй учир заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой.
Фторт лак нь амны хөндийд тогтоц сайн учир эрдэсжүүлэх эмчилгээнд ашиглахад тохиромжтой байдаг. Фторт лак нь 2600 ppm фтор агуулдаг. Фторт эмчилгээг хийх үед насанд хүрэгчдийн хувьд өдөрт 5мг/кг тун нь хоруу чанартайд тооцогддог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Иймд насанд хүрэгчид фторын өндөр агууламжтай оог гэр орондоо эмчилгээний зарчимаар хэрэглэж байх үедээ бага насны хүүхэдээс аль болох хол байлгах нь чухал.