Шүдний хатуу эдэд үүссэн цоорол даамжирч хөнөөлт нян бактери ба тэдгээрийн ялгаруулж буй хорт бодисууд шүдний доторх хөндийрүү нэвтэрч судас мэдрэлийн багц, зөөлөн эдийг гэмтээн үрэвсүүлэх эсвэл гадаад хүчин зүйлс, цочруулын улмаас шүдний зөөлөн эд цочирч гэмтсэний улмаас үүсэх үрэвсэлт өвчнийг шүдний зөөлцийн үрэвсэл буюу пульпит гэж нэрлэдэг.
Шүдний зөөлц буюу pulp нь шүдний цөгцний хөндий болон сурвалжийн сувагт байрладаг. Зөөлц нь мэдрэлийн ширхэг, судас, тунгалгийн зангилаанаас бүрдэнэ. Хэрэв шүдний цоорлыг цаг тухайд нь бага байхад нь л эмчлүүлээгүй бол халдвар цааш дамжин шүдний хөндийд байх судас мэдрэлийн багцад халдварлан үрэвсүүлнэ. Энэ нь маш хүчтэй өвдөлт үүсгэдэг. Маш ховор тохиолдолд л ямар нэг шиж тэмдэг өгөлгүйгээр архаг хэлбэрт шилжих нь бий.
Зөөлцийн үрэвсэл яагаад үүсдэг вэ?
Дараах шалтгаануудын удмаас зөөлцийн үрэвсэл үүснэ.
1. Цоорлын гүн хөндийгөөс зөөлөн эдэд нян халдварлах
2. Шүд гэмтэх (цөгц хугарах, цохигдох, гүн цоорлын хөндийг эмчилж байх явцад багажаар гэмтээх)
3. Дулааны ( шүд эмчилж байх үедээ хөргөлт ашиглалгүй хэт халтал нь өрөмдөх) болон химийн (хүчил, шүлтээр цочроох) хүчин зүйл
4. Буйлны үрэвсэл
5. Зэргэлдээх шүдний сурвалжийн орой орчмын үрэвсэлээс халдвар дамжих
6. Шүд ломбоддог материалын хоруу чанар (акрил болон силикат материал)
7. Шүдний хатуу эдийг бүрээсэнд зориулж өөлөхдөө хэт хүчтэй дарж удаан хугацаанд өрөмдсөнөөс
Дээрх шалтгаануудын улмаас зөөлцийн үрэвсэл үүсч болох ч хамгийн гол шалтгаан нь шүд цоологч нянгууд ба тэдгээрийн ялгаруулдаг хор юм. Ихэвчилэн энэ нянгууд болон нянгийн ялгаруулах хор нь цоорлын хөндийгөөс зөөлцрүү дамжин халдварладаг.
Зөөлцийн үрэвсэлийн шинж тэмдэг
Зөөлцийн үрэвслийн үед ихэвчлэн хатгаж, лугшиж өвддөг. Өвдөлт нь голдуу орой эсвэл шөнө эхлэх бөгөөд өвдөлтийн хүч нь янз бүр байна. Хэсэг хугацаанд шүд өвдсөний дараа өвдөлт нь мэдрэл даган шилжиж чамархайн хэсэг, чих, бусад шүднүүд нь өвдөж эхэлдэг. Үрэвслийн эхний шатанд өвдөлт богино хугацаатай хол зайтай. Энэ үед нь эмчид хандаж эмчлүүлэхгүй бол цаашдаа өвдөлтийн хугацаа нь уртсаж байнга хүчтэй тэсэхийн аргагүй лугшиж өвддөг.
Зөөлцийн үрэвсэлийн төрлүүд
Зөөлцийн үрэвсэл нь хурц ба архаг гэж ерөнхийдөө ангилагдана.
Зөөлцийн хурц үрэвсэл нь халдвар зөөлөн эдэд нэвтэрч аажимдаа эдийн дотор тархаж байгаа үе юм. Энэ үед аяндаа хүчтэй хатгаж өвдөнө. Хэрэв халдварын голомт томроогүй бол өвдөлт нь богино хугацаатай зай нь хол байна. Эмч шүдний зондоор хатгаж үзэхэд яг нэг цэгт маш хүчтэй хатгаж өвдөнө. Халдвар ихсэх хэрээр өвдөлт нэмэгдэн үргэлжлэх хугацаа нь уртсана.
Архаг үрэвсэл нь зөөлцийн хурц үрэвсэлийг эмчлүүлэхгүй яваад л байвал аажимдаа энэ шатанд шилжинэ. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийн сүүн шүдэнд тохиолдоно. Архаг үрэвсэл нь дотроо илэрлээрээ томролтот, үхжилтэт гэхчилэн ангилагдана.
Архаг үрэвсэлийн нэг онцлог нь хэрэв сэдрэлийн үедээ л биш бол ямар нэг өвдөлтгүй явагддаг.
Яаж эмчлэх вэ?
Зөөлцийн үрэвсэлийн үед шүдэнд сувгийн эмчилгээ хийнэ. Сувгийн эмчилгээ нь дараах үе шатуудтай:
1. Үхэжсэн зөөлөн эдийг шүдний хөндийгөөс гаргаж цэвэрлэх
2. Шүдний сувгийг цэвэрлэх. Шүдний сувгаас судас мэдрэлийн багцыг багажаар сугалж авна Үүнийг манайхан мэдрэл тасдах гэж нэрлэдэг.
3. Шүдний сувгийг ломбодно.
4. Шүдний хөндийг хааж ломбодно
Эмчилгээ ихэвчлэн 2 удаагийн ирэлтээр бүрэн дуусна.
Эмчилгээ хийхийн өмнө эмч мэдээж шүдийг сайтар шинжилж үзэх хэрэгтэй. Үүний тулд шүдний орчмын рентген зураг авч түүн дээрээ зөөлөн эдийн үрэвсэл, үе шатыг тодорхойлно.
Эхний удаагийн ирэлтээр шүдний хөндийг нээж шүдний мэдрэлийг тасдаж зөөлөн эдийн үхэжсэн үлдэгдлийг цэвэрлэнэ. Сурвалжийн суваг болон хөндийг халдваргүйжүүлэгч уусмалаар угааж цэвэрлэнэ. Тэгээд эм тавиад шүдний хөндийг түр ломбоор хаагаад явуулна.
Дараагийн удаагийн ирэлтээр түр ломбоо аваад сувгийг дахин угааж цэвэрлээд хуурайшуулаад сувгийн зориулалтын чигжигч материалаар чигжиж дүүргэнэ. Энэ эмчилгээний зорилго нь дахин халдвар оролгүйгээр сувгийг найдвартай сайн таглах. Дараа нь шүдний цөгцийг сэргээж ломбодно.
Шүд эмчилсэний дараах хэдэн өдөрт чанга хазахаар ялимгүй өвдөлт мэдрэгдэж магадгүй. Аажимдаа өвдөлтгүй болон намжина.