Тодорхойлолт
Шүдний гадаргууд үүссэн төрөл бүрийн хэмжээтэй цоорлууд нь шүд цоорох өвчин гэсэн ангилалд хамаарах бөгөөд энэ эмгэг өвчин нь зарим нэг тусгай нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж шүдний паалан гэмтсэнээр үүснэ.
Шинж тэмдэг
Шүд цоорох өвчний гурван үндсэн шинж тэмдэгүүд нь: шүд өвдөх, чихэрлэг, халуун, хүйтэн зүйлээс шалтгаалан шүд хэт мэдрэгшиж хага таших, юм зажлахад өвдөх
Шалтгаан
Бидний амны хөндийд маш олон төрлийн нян бактериуд орших бөгөөд нянгийн үйл ажиллагаанаас болж шүдний гадаргуу дээр наалдамхай зунгааралдсан нимгэн давхарга, бүрхүүл үүсдэгийг бид шүдний өнгөр гэдэг. Бид хоол хүнс идэх үед тэдгээр нянгууд нь хоол хүнсний үлдэгдлийг задлаж хүчил үүсгэдэг. Тэрхүү хүчил нь өнгөрийн дор байх шүдний паалангийн гадаргуугийн хамгаалах давхрагыг уусгаж гэмтээдэг. Гэмтсэн хэсгээр шүдний хатуулаг эрдэс давсууд алдагдаж улмаар томоохон хөндий болон шүд цоордог. Шүд цоорох өвчин нь шүдний хамгийн гадна талын хатуу давхарга болох паалангаас эхэлдэг ч хүндрэх явцдаа цоорол улам гүнзгийрэн шүдний бусад давхаргууд болох тугалмай, ясжмаг эдийг гэмтээн шүдний хөндийрүү нэвтэрч шүдний зөөлөн эдийг үрэвсүүлдэг.
Оношилгоо
Шүдний эмч амны хөндийн иж бүрэн үзлэг ба рентген зургийн шинжилгээгээр шүдний цоорлын хүндрэлийг хэр түвшинд байгааг ялган оношилно.
Урьдчилан сэргийлэлт
Шүдний цоорлоос сэргийлэх төрөл бүрийн аргууд байдаг. Үүнд:
-
Шүдээ тогтмол угааж завсрыг нь утсаар цэвэрлэх нь амны хөндий дэх нян бактерийн хэмжээг бууруулна
-
Чихэрлэг амттан бага хэрэглэх нь хүчил ялгаралтыг бууруулж шүдийг хамгаалах чухал нөлөөтэй
-
Фтортой оо хэрэглэх нь шүдний пааланг бат бөх болгохын зэрэгцээ хөнөөлт нянгуудыг устгана. Мөн шүдийг дахин эрдэсжүүлэх фтор эмчилгээ хийх
-
Нянгийн эсрэг ам зайлагч шингэн хэрэглэх нь цоорлын шалтгаан болох нянгийн тоо хэмжээг бууруулах сайн талтай
-
Ксилотол агуулсан бохь зажлах нь мөн хөнөөлт нянг бууруулах сайн талтай
Эмчилгээ
Насанд хүрэгчдэд шүдний эмч шүдний ховил хонхорыг таглан сийлант ломбо тавьж болно. Энэ нь шүдний паалан гэмтэж цоорохоос урьдчилан сэргийлнэ. Харин шүдний паалан нэгэнт нөхөн сэргээгдэхгүй болтлоо гэмтсэн бол шүдний ломбоор ломбодож сэргээнэ. Цоорол хүндэрсэн тохиололд шүдний сувгийг мөн эмчилгээ хийж таглаж ломбодно.
Хүүхдэд сүүн ба байнгын шүдийг аль алийг нь урьдчилан сэргийлэлтийн зорилгоор сийлант ломбоор битүүмжилж болно. Мөн цоорлоос хамгаалах фторт түрхлэг сүүн болон байнгын шүдэнд түрхэнэ.
Хүндрэл
Хэрэв шүдийг эмчлэхгүй удаагаа л байх юм бол шүд цоорлын хүндрэл улам ноцтой хэмжээнд хүрнэ. Эцэстээ шүдний цоорол бүх шүдийг хамран тархаж гэмтээнэ. Мөн цоорлын халдвар орчны эдэд тархасны улмаас амны хөндийн буглаа, нэвчээс үүсгэн хүндэрч болно.
Хамааралт бусад хүчин зүйлс
Шүдний цоорол гэдэг нь амны хөндийн эрүүл ахуй хангалтгүйн улмаас шүдний гөдөргуу дээр өнгөр тогтсоны үр дагавар юм. Буйлны орчимд байрлах өөр төрлийн нянгийн улмаас буйлны үрэвсэл үүсэх бөгөөд буйлны үрэвсэлийн хүндрэл нь шүдний тулгуур эдийн өвчин болж тулгуур эдийн эмчид хандах шалтгаан болно.