Фтор гэж юу вэ?
Фтор нь таны яс болон шүдэнд агуулагддаг нэгэн төрлийн эрдэс юм. Энэ нь мөн байгалд дараах зүйлсэд оршдог.
- Ус
- Хөрс
- Ургамал
- Чулуулаг
- Агаар
Фторыг юунд хэрэглэдэг вэ?
Фторыг шүдний гадна давхарга болох пааланг бэхжүүлэх зорилгоор шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Фтор нь цооролт үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Фторыг АНУ болон бусад олон орны хэрэглээний болон ундны усанд бага хэмжээгээр нэмэлтээр оруулж өгдөг. Энэхүү процессыг усыг фторжуулах гэнэ. Та фторыг ундны ус болон олон тооны жоргүй бүтээгдэхүүнээс (ОТС) өдөр дутамдаа авж болно. Жишээ нь:
- Шүдний оо
- Ам зайлах бүтээгдэхүүн
- Бусад амны хөндийн эрүүл ахуйн нэмэлт бүтээгдэхүүнүүд
Хэрэв та шүдэндээ олон тооны цооролттой бол шүдний эмчийн жороор олгогддог фторын агууламж өндөртэй ам зайлагч уусмалыг хэрэглэхийг зөвлөж байна.
Фторын ашиг тус юу вэ?
Фтор нь шүдний эрүүл мэндэд нэн тустай. Учир нь:
- Шүдний пааланг сэргээх (сэргээх).
- Шүдний паалангийн эрдэс бодисын алдагдлыг удаашруулах
- Шүд цоорох өвчний анхны шинж тэмдгийг арилгах
- Амны хөндийд бактер үржихээс сэргийлэх
Таны аманд байгаа бактер элсэн чихэр, нүүрс усыг задлах үед шүдний паалан дахь эрдэс бодисыг устгадаг хүчил үүсгэдэг. Энэхүү үйл явцыг эрдэсгүйжүүлэх гэж нэрлэнэ.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д 12 настай хүүхдүүдийн цоорох өвчний дундаж тоо 1960-аад оны сүүлчээс 1990-ээд оны эхэн үе хүртэл 68 хувиар буурсан байна. Энэ нь фторжуулсан ундны усыг орон нутагт нэвтрүүлж, өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлж, шүдний оо болон бусад шүдний бүтээгдэхүүнд фтор нэмсэний үр дүнд бий болсон тоон үзүүлэлт юм.
Фторын гаж нөлөө бий юу?
Фтор нь хэдий шүдийг эрдэсжүүлэх чухал ач холбогдолтой боловч их тунгаар хэрэглэхэд гаж нөлөө үзүүлдэг. АНУ-д усанд нэмдэг фторын хэмжээ нь 2015 оны байдлаар зөвшөөрөгдсөн дээд хэмжээ буюу 0.7 (ppm) байдаг. Монгол улсын хувьд говийн аймгуудын ундны усан дахь фторын агууламж хэвийн хэмжээнээс их байдаг.
Шүдний флюроз
Шүдний флюроз нь фторыг хэт их хэрэглэснээр үүсдэг. Үүний үр дүнд шүдний гадаргуу дээр цагаан болон шаргал толбо үүсдэг. Шүдний флюроз нь цагаан болон шаргал толбо үүсэхээс өөр шинж тэмдэг, хор хөнөөлгүй.
Хүүхдүүд фторжуулсан ус болон их хэмжээний фтор агуулсан шүдний оог залгих магадлал өндөр байдаг. Тиймээс хүүхдээ шүдээ угаах үед нь шүдний оо залгихгүй байгаа эсэхийг хянаснаар та хүүхдийнхээ флюрозоор өвчлөх эрсдлийг бууруулж чадна.
Фторжуулсан ус аюултай юу?
Дэлхийн өнцөг булан бүрийн судлаачид ундны усанд бага концентрацитай фтор нэмэх нь аюулгүй байдлын талаар олон тооны судалгаа хийсэн байдаг. АНУ-ын орон нутгийн усан хангамжид фтор нэмсэн нь хөнгөн хэлбэрийн флюрозыг үүсгэдэг гэдгийг баталсан ба ерөнхий биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг харуулсан судалгаа одоогоор байдаггүй байна.
Гэсэн хэдий ч зарим хүмүүс фторжуулсан ус нь эрүүл мэндийн янз бүрийн асуудал үүсгэдэг хэмээх мэдээлэлүүдийг тараадаг.
- Хүүхдийн IQ багасах
- Ясны хорт хавдар
- Артрит
- Бөөрний өвчин
Хүүхдүүдийн фтор ба IQ-ийн бага байх хоорондын уялдаа холбоог судалсан судалгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Хэрэв та фторын хэрэглээгээ санаа зовж байгаа бол дараах аргаар хэрэглээгээ бууруулж болно.
- Савласан ус гэх мэт ундны усны өөр эх үүсвэр олох
- Ундны усаа фтор шүүгчээр шүүх
- Фтор агуулаагүй шүдний оо сонгох
Фтороор амны хөндийн эрүүл мэндийг дэмжихийн тулд:
- Өдөрт хоёр удаа фтор агуулсан шүдний оо ашиглан шүдээ угаах
- Өдөрт нэг удаа фторын ам зайлагч хэрэглэх (6-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй)
- Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах
Фтороор баялаг хүнс:
- Бууцай
- Усан үзэм, үзэм, дарс
- Хар цай
- Төмс
- Загас
- Өндөг
- Хушга