Шүдэлбэр гэдэг нь байхгүй шүдийг орлуулан таны инээмсэглэлийг нөхөн сэргээдэг амны хөндийн авагддаг зэмсэг юм. Хэрэв та шүд цоорох өвчин, шүдний тулгуур эдийн өвчний улмаас аль эсвэл гэмтэл бэртлийн улмаас олон шүдээ нэгэн зэрэг алдсан бол шүдэлбэр зүүх нь таны эрүүл мэндэд ач холбогдолтой зүйл юм. Шүдэлбэр зүүснээр та шүдгүй байхдаа боломжгүй байсан зүйлсээ сэргээж чадах бөгөөд хоол хүнсийг идэхэд хялбар болох төдийгүй хэл яриа тань зүгширнэ.
Хүн шүдгүй болох үед нүүрний булчинд тулгуур байхгүй болсоноос нүүрний булчингууд суларч унжиж, хацар хонхойн нүүр царайг хөгшин харагдуулдаг. Шүдэлбэр зүүснээр нүүрний булчингууд тулгууртай болж нүүрний төрх мэдэгдэхүйц сайжирч залуу харагддаг. Түүнчилэн шүдэлбэр зүүснээр та хүний өмнө санаа зоволтгүйгээр инээмсэглэх боломжтой болно.
Шинээр зүүсэн шүдэлбэр нь түүнд дастлаа хэдэн долоо хоног зүүхэд маш эвгүй байдаг. Зүүхэд эвгүй байхын зэрэгцээ буйлыг дарж холгосноос маш хүчтэй өвдөлт өгч болно. Амны хөндийд шүлс ялгаралт ихсэнэ. Эдгээр таагүй зовиурууд нь түр зуурынх бөгөөд шүдэлбэр аманд дассаны дараа аяндаа алга болдог. Шүдэлбэр зүүсэн өдрөөс эмчийн зааврын дагуу шүдэлбэрээ авч, зүүж сурахын зэрэгцээ эмчийн заасан цагт очиж хөндүүр зовиур үүсгэж байгаа газрыг сайтар засуулж авах хэрэгтэй. Хэрэв шүдэлбэрт дасахад төвөгтэй удлаашралтай байвал шүдний эмчтэйгээ дахин уулзаж зөвлөгөө авахын зэрэгцээ шүдэлбэрийн өөр боломжит хувилбаруудын талаар судлаж үзэж болно.
Шүдэлбэр зүүсэн өдрөөс шүдэлбэрийн эрүүл ахуйн талаарх зөвлөгөөг сайтар баримтлах нь чухал. Өглөө бүр шүдэлбэр зүүхийн өмнө зөөлөн үстэй сойзоор буйл, хэл, амны ёроол хэсгийг угааж өнгөрийг цэвэрлэж байх хэрэгтэй.
Түүнчилэн шүдэлбэрээ өөрийн шүдний адил өглөө бүр зөөлөн үстэй сойзоор угааж хоолны үлдэгдэл болон өнгөрөөс цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэх нь мөн шүдэлбэрт өнгөр тогтож өнгө нь өөрчилөгдөхөөс сэргийлж өгнө.
Шүдэлбэр зүүдэг бол дараах зүйлсийг анхаарна уу
- Шүдэлбэрийг цэвэрлэхдээ эхлээд шүдэлбэрээ урсгал усанд зайлж хоол хүнсний үлдэгдлээс цэвэрлэнэ
- Дараа нь зөөлөн үстэй сойз (хатуу үстэй сойз нь шүдэлбэрийн гадаргууг зурж сэв үүсгэдэг) зүлгүүр бодисгүй цэвэрлэгээний материал ашиглан шүдэлбэрийн гадаргууг угаана
- Шүдэлбэрээ угаасны дараа амны хөндийн хацар буйл, амны ёроол хэлийг угааж өнгөрөөс цэвэрлэнэ. Энэ нь өнгөрийн улмаас үүсэх амны эвгүй үнэрээс эргийлэхэд чухал.
- Хэрэв та шүдэлбэрээ зүүгээгүй бол түүнийг гажихаас сэргийлж усанд хийж байх нь чухал
- Хаяа шүдэлбэр зүүх үедээ шүдэлбэрийг буйланд наагч цавуу ашиглаж болно. Шүдэлбэрийн цавуу нь крем, нунтаг, цацлага зэргээр маш олон төрөл байхын зэрэгцээ зориулалт нь өөр өөр тул хэрэглэхийн өмнө заавал шүдний эмчийн зөвлөгөө авч байх нь чухал.