Шүд нь хоол тэжээлийг бутлаж жижиглэх, хэл ярианд оролцох, мөн гоо сайхны үүрэгтэй, хүний биеийн хамгийн хатуу хөндийт эрхтэн юм.
Бидний шүд ямар бүтэцтэйг та мэдэх үү?
1. Шүдний хамгийн гадна талаар бүрхэж байгаа эдийг ПААЛАН гэдэг. Паалан нь хүний биеийн хамгийн хатуу эд бөгөөд 300 кг ачаалал даах чадвартай гээд та боддоо. Паалангийн энэхүү хатуулаг чанарыг түүнд агуулагдах эрдэс бодис 96%-ийг дангаараа хангах ба харин үлдсэн хувийг ус, органик бодисууд эзэлдэг байна. Паалан хэдий хатуу ч санамсаргүй хүчний үйлчлэлд хэврэг, нандин эд шүү. Яагаад нандин гээч? Паалан хүний насан туршийн амьдралд ганцхан удаа үүсч бий болдог.
2. Тугалмай нь паалангийн доор орших бөгөөд шүдний ихэнхи хэсгийг эзэлдэг, шаргал өнгөтэй, пааланг бодвол харьцангуй зөөлөн бүтэц юм. Мөн тугалмай нь гурван удаа үүсэх боломжтой ба бидний шүд өвдсөн ч тугалмай шинээр үүсч хамгаалах үүргээ гүйцэтгэсээр байдаг юм шүү.
Like a #SPIDERMAN :)
3. Зөөлц нь шүдийг тэжээдэг судас мэдрэлийн багц юм. Таны шүдний ЗҮРХ л гэсэн үг. Шүдний сувгийн эмчилгээ гэдэг нь шүдний хөндийд байрлах өвдсөн судас мэдрэлийн багцийг авч цэвэрлэн эмийн бодисоор нөхөн сэргээдэг эмчилгээ юм. Зөөлцийг нь авхуулсан шүд амьгүй болдог байна.
4. Ясжмаг эд нь шүдний сурвалж хэсэгт паалангийн оронд тугалмайн гадуур байрладаг эд юм.
5. Шүдний тулгуур эд гэдэг нь “Шүдийг тулж, барин тогтоох” ганцхан үүргийг гүйцэтгэдэг цогц эдийг хэлнэ. Үүнд БУЙЛ, ТҮҮШИН ЯС, ХОЛБОГЧ ЭД, ЯСЖМАГ ЭД гэсэн бүтцүүд ордог байна.
Хүнд сүүн шүд 20, байнгын шүд 28–аас 32 байдаг. Сүүн шүд бүгд солигддог. Гэхдээ та солигдоно гээд тоохгүй байж болохгүй шүү. Сүүн шүдээ хэр хайрлаж, хамгаалж, нандигнаж байна вэ? гэдгээс дараагийн шүдний бүтэц, байрлал, өнгө, хэмжээ зэрэг маш олон зүйл шалтгаалдаг юм шүү.
Та байнгын шүд болон сүүн шүднийхээ нэршлийг мэдэж аваарай.
Мэдээ бэлтгэсэн, нийтлэлч: Х. Ариунчимэг