Өчигдөр (2021.05.18) Эрүүл мэндийн сайд С.Энхболд АШУҮИС Нүүр ам судлалын сургуулийн болон ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтанд АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр, тэнхмийн эрхлэгч АУ доктор Ч.Гантөмөр, ЭМЯ Ерөнхий мэргэжилтэн Б.Энхбаатар, Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Б.Өнөрбилэг нар оролцлоо.
Уулзалтын эхэнд ЭМ сайд С.Энхболд КОВИД-н нөхцөл байдал харьцангуй дээрдэж салбарын сайдын хувьд эрүүл мэндийн салбарынхантайгаа уулзах боломж гарч байгаагаа тайлбарлаад Нүүр ам судлалын салбарын төлөөллийг юуны түрүүнд хүлээн авч уулзаж салбарын дотоод асуудлууд болон “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, 330 сум шүдний кабинетийн ажлын явц хэр байгаа талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
АШУҮИС, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр тус сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийгээд ЭМЯ-ы хэрэгжүүлж буй 330 сумыг шүдний кабинеттэй болгох асуудалд НАСС зүгээс Шүдний эмчийн туслахын сургалт явуулах, резидент эмч нарыг хөдөөгийн хүн амын эрүүлжүүлэлтэнд оролцуулах талаар хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ. Мөн цаашдаа 330 сумын шүдний кабинетууд нэгдсэн удирдлага, сургалтын тогтолцоонд шилжихийн чухлыг илэрхийлээд Нүүр ам судлалын сургууль дээр төвлөрсөн удирдлагын бүтцийг яамны зүгээс томилон ажиллуулах боломж байгааг тайлбарлалаа.
НАС ерөнхий мэргэжилтэн Б.Энхбаатар “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт яг одоо санхүүжилтгүйн улмаас зогсоод байгааг илэрхийлээд өнөөг хүртэл тус хөтөлбөр хэрэгжих явцад гарсан алдаа, сул талуудыг дэлгэрэнгүй тайлбарлан үзүүллээ. Мөн Нүүр ам судлалын салбар өнөөг хүртэл сувилагч ба шүдний эмчийн туслахын онц ноцтой хэмжээний дутагдалд байгаа ч энэ жилээс эхлэн төгсөн гарч байгаа шүдний эмчийн тоо хяналтаас гарч ойрын жилүүдэд шүдний эмчийн онц хэмжээний илүүдэл үүсч энэ нь салбарын үйл ажиллагааны тэнцвэр алдагдаад байгаа танилцуулгыг хийгээд энэ гажуудаад байгаа асуудлыг засахын тулд Эрүүл мэндийн яамны зүгээс төгсөгчдийн тоон дээр квот тавих, лицензийн шалгалтын шалгуурыг өндөрсгөх, шинэ төгсөлтийн эмч нарыг хөдөө орон нутагт интерншип хэлбэрээр томилолтоор ажиллуулах, хөдөө орон нутагт ажилласан эмч нарыг цаашид бодлогоор илүү дэмжих, цалин хөлсий асуудлыг улсын төсөвт суулгаж өгөх зэрэг асуудлуудыг дэвшүүллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дээх мэдээллүүдийг сонссоны дараа Нүүр ам судлалын салбарт тулгамдаад байгаа хүний нөөцийн болон бусад асуудлуудыг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлээд “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн санхүүжилтийн талаар ЭМ-н даатгалын газартай санал солилцож санхүүжилтийг аль болох түргэн хугацаанд шийдвэрлэх талаар ажиллана гэлээ. 330 сумыг шүдний кабинеттэй болгох асуудал хэдийнээ ажил хэрэг болоод байгаа бөгөөд энэ долоо хоногоос 21 аймагруу шүдний эмчилгээний тоног төхөөрөмжүүд ачигдаж хүргэгдэж эхэлсэнийг мэдэгдлээ. Тун удахгүй тоног төхөөрөмжийн суурилуулалтууд хийгдэж дуусах бөгөөд түүн дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг нэн яаралтай бэлтгэж нийлүүлэх шаардлагатай байгааг Нүүр ам судлалын сургууль анхаараарай гэлээ. Мөн ЭМЯ-ы зүгээс АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуулийг сургалт, судалгааны чиглэлээр дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ. Хамтын ажиллагааны хүрээнд Нүүр ам, шүдний өвчлөлийн үндэсний хэмжээний тандалт судалгааг хамтран гүйцэтгэж “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг судалгааны үндсэн дээр тодорхойлох шаардлагатай байгааг санууллаа.