Булангийн дараагийн зочноор бид “Цахиур” шүдний эмнэлгийн захирал, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Л. Загарзүсэм эмчийг урилаа. Тэрбээр анх химийн лаборантаар ажиллаж байсан ч сурч мэдэхийн хүсэлд хөтлөгдсөн анагаахын их сургуульд шүдний эмч мэргэжлээр элсэн суралцаж стоматологийн поликлиник буюу одоогийн Шүд Эрүү Нүүрний Төвийн үүсгэн байгуулагчдийн нэг, анхны явуулын шүдний эмнэлэг ажиллуулж байсан зэргээр арвин намтартай хүн билээ.
Та ажил, амьдралынхаа түүхээс манай уншигчидтай хуваалцана уу?
Би анх Анагаах ухааны дунд сургуульд элсэн орж эх баригч-бага эмч мэргэжлээр хоёр жил суралцаж төгссөн юм. Тэгээд Өвөрхангай аймагт хувиарлагдан Ариун цэвэр-халдвар судлалын станцад химийн лаборант мэргэжлээр ажилласнаар анхны ажлын гараа маань эхэлсэн. Улмаар Эрүүл ахуйн халдвар, нян судлалын улсын институтэд мөн л химийн лаборантаар, тэгэхдээ Пестицидийн лабораторийн анхны лаборантаар ажилласан. Энэ нь хоол хүнсэнд хэрэглэж буй химийн бодисуудын хорт бодисын хэмжээнд шинжилгээ хийдэг лаборатори юм.
Бие биеэ дэмждэг, нээлттэй сайхан харилцаатай өндөр зэрэглэлийн эмч нар болон мэргэжлийн хамт олны дунд ажилласнаар надад цааш суралцах хүсэл эрмэлзэл төрсөн. Тэр үед байгууллагууд дунд мэргэжилийн боловсон хүчнийхээ дотроос шалгарсан хүмүүст их, дээд сургуульд дэвшин суралцах боломжтой элсэлтийн шалгалтанд орох эрх олгодог байлаа. Ингэж шалгарсан хүмүүс нь уралдаант шалгалтанд өрсөлддөг байсан бөгөөд тэр жил надад энэ эрх олдож, Анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалын ангид элсэн орох хуваарийн дагуу өрсөлдөн тэнцсэнээр энэ сайхан мэргэжилийг эзэмших завшаан тохиосон юм.
Оюутан байх хугацаандаа хичээлдээ ихэд шамдаж, хичээн суралцдаг байлаа. Үр хүүхэдтэй болсон ч өглөө хичээлдээ яваад орой есөн цаг хүртэл сууж хичээлээ хийдэг байсан сан. Ингэснээр Анагаах ухааны их сургуулийг улаан дипломтой төгсөж байлаа. Миний төгссөн жил Стоматологийн поликлиник байгуулагдахад тэнд хуваарилагдан ажиллаж, тус поликлиникийн суурийг тавилцан, үүсгэн байгуулахад нь гар бие оролцсон юм. Тэгж л анх шүдний эмч мэргэжлээр ажиллаж эхэлсэн, энэ сайхан мэргэжлийн минь гараа тэндээс л эхэлсэн түүхтэй.
Стоматологийн поликлиникийн анхны эрхлэгчээр Ч. Цэрэндулам, Намын даргаар Я. Цэрэннадмид, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар миний бие ажиллаж байлаа. Стаматологийн поликлиникийн эрхлэгчийн 1986 оны 4-р сарын 4 ны өдрийн 01 тоот тушаалын 1-р хавсралтаар доорхи стоматологич эмч А. Амаржаргал, Н. Ичинхорлоо, Я. Цэрэннадмид, Н. Жаргалсайхан, Б. Ямаахай, Ж . Энхтуяа, Ш. Жийпаа, Г. Түвшинжаргал, Б. Оюунбилэг, Ж. Хандармаа, Г. Цэрэнцоо нар, 2-р хавсралтаар Сувилагч Б. Сарантуяа, Ц. Цэнд-Аюуш, Р. Уранчимэг, Р. Энхчулуун, Д. Уртнасан, Д. Тэрбиш (техникч), Д. Цэнд-Очир нар томилогдон ирсэн үед тэр жилийн төгсөгчдөөс Д. Чухал, М. Энхтайван сувилагч бид гурав нэг тушаалаар зэрэг ажилд томилогдож байсан түүхтэй улмаар Д. Чухал байгууллагын даргаар олон жил ажиллаж М. Энхтайван Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны нарийн бичигийн дарга , Халдвар хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байна.
Стоматологийн поликлиникийн анхны бага эмчээр Н. Наранцэцэг дараа нь Чилхаажав, Дуламжав нар ажиллаж байсан.
Хүний нөөцийн ажилтан, статистикч эмч Н. Нарангэрэл нь Стоматологийн поликлиник байх үеээс эхлэн он удаан жил үе үеийн дарга нартай гар нийлэн байгууллагын түүхийг бүтээлцэн ажиллаж ирсэн билээ.
Тухайн үед хүүхдийн поликлиникийн байранд засварын ажил явагдаж байсан тул эмч, сувилагч явуулаар ажилладаг байсан. Анх Сүлжмэлийн үйлдвэрийн кабинетад үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба оросын УС30, БЭС10 гэсэн механик бор машинууд хэрэглэдэг байлаа. Поликлиникийн байр ашиглалтанд орсноор кабинетууд Чехийн Хирано гэдэг хийн шахуургат иж бүрэн машинаар тоноглогдсон юм.
Шүдний төвд ажиллаж байх хугацаанд Зөвлөлт Холбоот Улсын Санкт Петербүрг хотод эмч нарийн мэргэжил дээшлүүлэх институтэд суралцаж эмчилгээний стоматологчийн нарийн мэргэжил эзэмшсэн. Стоматологийн поликлиникт хамтарч ажиллаж байсан эмч мэргэжилтэн нар гар нийлсэн, хөдөлмөрч, хичээнгүй, шинийг санаачлагч сайхан хамт олон байсан. Хамт олныхоо дэмжлэгтэйгээр нүүр ам судлалын салбарт олон төсөл санаачлагуудыг хэрэгжүүлж ирсэн дээ.
Зах зээлийн өнөө үед дээр дурьдсан болон бусад хамт ажиллаж байсан мэргэжил нэгт нөхдийн ихэнх нь хувийн эмнэлгээ нээн бүгд нүүр амны салбартаа түүчээлэн ажиллаж байгаа. Мондент эмнэлэг А. Амаржаргал, Энэрэлдент эмнэлэг М. Ичинхорлоо, Туждент эмнэлэг Ш. Жийпаа, Болормаргад эмнэлэг Ямаахай, Уранломбо Г. Цэрэнцоо, Эбодент эмнэлэг Д. Оюун, Болордент эмнэлэг С.Уранчимэг, Цагаан цант эмнэлэг Должинсүрэн, Сувддент эмнэлэг Ж. Энхтуяа, М. Дариймаа хувийн эмнэлэгтэй, Г. Туяа эмч ШЭН Төвд эмчээр ажиллаж байна гээд л урт сайхан дурсамж байх бөгөөд зарим нэг буруу зөрүү байх аваас найз нөхөд минь уучлаарай.
Та эмнэлгийнхээ түүхээс уншигчдад маань сонирхуулна уу?
Анх эмнэлэг байгуулахад зөвшөөрөл авахаас гадна тоног төхөөрөмж болон зарим эм материалын олдоц одоо шиг биш. Эхний машиныг албан газар ажиллаж байсан кабинетаас худалдаж авч тэрийгээ компрессортой холбож, анхны үзлэгийн машиныг, оросын креслотэй ажиллуулж эхэлсэн. Материалын хүрэлцээ муу байсан л даа, гэхдээ шүдний төв эмнэлэгт байхдаа Буриад улсын стоматолгийн поликлиниктэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгууллагын дарга болон эмч нартай танил болсон учир багаж тоног төхөөрөмж , эм материалуудаа татаж авахаас гадна үзлэгийн, жижиг багажаа тэдний складнаас орж худалдаж авдаг байсан.
1993 онд эмнэлгээ байгуулж байхдаа Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслэн ажиллаж байгаад 2000 оны эхээр өөрийн шүдний эмнэлгийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан.
Мөн Япон улсын тусгай зориулалтын шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон автобус авч ажиллуулан Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод, Хэнтий аймгуудаар явж үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж олон түмэндээ үйлчилж байлаа.
"Цахиур дент" эмнэлгийн түүхэнд гол роль гүйцэтгэсэн боловсон хүчин бол Даваагийн Догсмаа бөгөөд миний өдөр тутмын үйл ажиллагаанд тусалж, шинэ санаачлагыг дэвшүүлж миний ар талыг найдвартай хангаж чин сэтгэлээсээ ажилдаа үнэнч байсан билээ. Тэрээр хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй жил, эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллаж олон хүүхэд өсгөн, хүмүүжүүлсэн ач буянтай эгч, ажил амьдралын түнш минь байсан билээ.
Эмнэлгийнхээ хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдсэн бэ?
Анх эмнэлгээ байгуулж байхдаа ямар нэг зээл авах юм уу аль нэг хүнтэй огт хамтраагүй. Кресло, УС30 машин болон бусад тоног төхөөрөмжөө худалдан авч, анхны кабинетаа байгуулан ажиллаж байлаа. Улмаар өөрийн хөрөнгө болон бага сага зээл, тусламжийн хүчинд эмнэлгийн зориулалттай барилга бариулсан юм. Түүнээс хойш нийт 15 жил өнгөрчээ. Одоо барилгаа гадна, дотноос нь засвар хийж, илүү сайхан болгох санаа өвөртлөөд л явж байна даа.
Таны ажлын гол арга барил юу вэ?
Би өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсийг бусадтай харамгүй хуваалцья, зааж өгье л гэж бодож ажилладаг. Мөн аливаа зүйлсэд сэтгэлээсээ хандаж, мэдлэг боловсрол, ур чадвартаа тулгуурлан ажлын байрныхаа нөхцөл, тоног төхрөөмж, багаж хэрэгсэл, эм материалаа ашиглан үйлчлүүлэгчиддээ чанартай ажил үйлчилгээг санал болгохыг чухалчилдаг.
Таны ажил, амьдралын хамгийн үнэт зүйл нь юу вэ?
Энэ үгийн утга маш өргөн цар хүрээг өөртөө агуулсан гэж ойлгодог. Эх орон, төрсөн нутаг, аав ээж, гэр бүл, ангийн найз нөхөд, ажил мэргэжлийн хамт олон, сурсан сургууль гээд л яриад байвал их өргөн хүрээтэй. Үр хүүхэд, сурсан сургууль эзэмшсэн мэргэжил, А үсэг заасан анхны багш, Анагаахын багш Ц. Норовпил, Г. Нацагдорж, Х. Цолмон, Б. Оюунбат, Н. Пүрэвжав багш нараараа бахархдаг.
Таныхаар эмчилгээний үед цаг хэмнэх хамгийн сайн арга юу вэ?
- Зөв оношлох,
- Зөв эмчлэх,
- Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм материалаа зөв сонгох,
- Стандартын дагуу зөв ажиллах зэрэг нь цаг хэмнэх сайн арга гэж боддог.
Цөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж, стрессээ хэрхэн тайлдаг вэ?
Чөлөөт цагаа янз бүрээр л өнгөрөөдөг. Гэхдээ аль болохоор үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Үр хүүхэд, ач зээ, ах дүүстэйгээ хамт байж, найз нөхөдтэйгөө уулзан, агаар салхинд гарах дуртай.
Ажлын эрч хүч, урам зоригоо та юунаас авдаг вэ?
Тэр чинь ерөөсөө дотроос ундраад л байж байдаг шүү дээ /инээв/.
Манай төрсөн дүү нар ч гэсэн удмаараа л тийм сэтгэлийн тэнхээтэй, эрч хүчтэй хүмүүс байдаг. Сурсан сургууль, эзэмшсэн мэргэжлээрээ бахархан, түүндээ эзэн болж, найз нөхөдтэйгөө уулзаж учрахад л эрч хүч, урам зориг маань нэмэгдэж байдаг. Мөн хийж буй ажлыг маань дэмжиж, эрүүл мэндээ надад даатган, итгэж ирдэг үйлчлүүлэгч нарын маань урмын үгс ч надад эрч хүч нэмж, цааш ажиллах урам зориг өгдөг юм.
Таны хамгийн сайн зөвлөгч хэн бэ?
Амьдралын хань минь миний өдий зэрэгтэй явах бүхий л нөхцөлийг бүрдүүлж, үнэлж баршгүй зөвлөгөөг надад өгдөг байсан.
Анх эмнэлэгт ажиллаж эхэлсэн үетэй тань харьцуулахад шүдний өвчлөл өнөө үед ямар түвшинд байна вэ?
Мэдээж, тэр үеийг бодвол багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм материал, техник технологи, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн тоо эрс нэмэгдсэн боловч хүн амын дунд шүд, нүүр амны өвчлөлийн нэр төрөл, тархалт ихэсч, эрчим нь улам нэмэгдсээр байгаа нь ажиглагддаг. Шүдний төвд ажиллаж байх үед хүүхдүүд 3 - 4 насандаа л анх ирж үзүүлдэг байсан бол одоо 1 - 2 насандаа ирж үзүүлдэг болсон шүү дээ. Тэр утгаар нь шүдний өвчлөл өндөр байна гэж үзэж байна.
Залуу шүдний эмч нарт хандаж та юу зөвлөх вэ?
Манай мэргэжил хамгийн гол нь мэдлэг, ур чадвар, багаж, тоног төхөөрөмждөө тулгуурлан эмч өөрөө оношилгоо, эмчилгээгээ гардан гүйцэтгэж, үр дүн нь газар дээрээ илэрдгээрээ онцлог.
Суралцаж байх хугацаандаа онол, дадлагад чармайн суралцах, таван жил зовж, 50 жил үр дүнг нь үзэх.
Байнга суралцаж, судалж, орчин үеийн хөгжил дэвшлээс хоцролгүй, цаг үетэйгээ хөл нийлүүлэн явах.
Ашиглаж байгаа тоног төхөөрөөмжөө бүрэн төгс эзэмших.
Эм материалыг үйлдвэрлэсэн компанийнх нь зааварчилгын дагуу зөв ашиглаж сурах зэргийг зөвлөмөөр байна.
Шүдний өвчний оношилгоо, эмчилгээнд хэрэглэгддэг эм материал, тоног төхөөрөмжүүдийг манайд олон улсынхтай адил түвшинд ашиглаж, хэрэглэж байгаа. Тэр утгаараа ашиглаж буй багаж, материалынхаа заавар, зөвлөмжийг сайн уншиж, түүнийхээ дагуу эмчилгээ хийвэл зохилтой. Тухайн компани нь бүтээгдэхүүнээ судалгаа, шинжилгээ хийж байж л гаргасан байгаа тул заавар зөвлөмжийг нь сайтар мөрдөхийн дээр материалтайгаа л зөв, сайн ажиллаад сурчихвал мэдээжийн хэрэг, ажил үр дүнтэй байна.
Одоо танай салбарт анхаарвал зохих ямар асуудлууд байна вэ?
Манай мэргэжил хаана ч очсон үнэ цэнэтэй, нэр хүндтэй. Жишээ нь, сая гадагшаа явахаар визэнд ороход ямар ч асуудалгүй гарсан, хилээр гарахад Dentist гэхэд юу ч асуулгүй, тэмдэг дараад л оруулж байсан.
Манай салбар ч гэсэн маш сайн хөгжиж, бусад улс оронтой нэгэн зэрэг алхаж байна гэж үзэж байгаа. Гэхдээ сул тал бас бий. Тэр нь юу вэ гэхээр, маш олон шүдний эмч бэлтгэж ирсэн, одоо ч бэлтгэсээр байна. Бэлтгээд л байдаг, яг 100 хүн сургаад диплом өглөө гэхэд тэднээс хэдэн хувь нь эмчийн ажлаа хийж байна вэ гэдгийг бодолцмоор.
Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг тусгай шалгуураар сонгон сургуулиудтай хамтран ажилласнаар резидент болон оюутнуудийг практик эмч, эмнэлэгтэй ойртуулж тэнд эмчийн удирдлага дор туслах ажлыг гүйцэтгэх байдлаар мэргэжлийн сайн сайхан тал эерэг сөрөг талыг мэдрүүлж сонирхлыг нь төрүүлж болно шүү дээ. Хагас жил, сараар ч юм уу ажиллах байдлаар зуучилж өгдөг байвал тухайн оюутандаа ч хэрэгтэй, эмнэлэгтээ ч хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Мөн эмч нарт туслах ажилтан дутагдалтай байна. Одоо сувилагч ажилд авья гэхэд эмчээсээ илүү зүйл шаардаж байна. Бас шүдний эмнэлэгт сувилагчийн хийх зүйл их, хүлээх хариуцлага нь өндөр байдаг. Тэгэхээр энд ажиллаж байхаар зүгээр жижүүрт гараад, тариагаа хийгээд явж байсан нь дээр юм байна гэж сувилагч нар үзэж байна. Манайх бодлогоор олон арга хэмжээ авсан, эмчийн туслах бэлтгэсэн, эрүүл ахуйч бэлтгэсэн. Миний бодлоор сувилахуйн оюутан байх үеэс нь л мэргэжлийн онцлогыг сурталчилж ойлгуулах талаар ажиллагаа хэрэгтэй гэж боддог. Сувилагч мэргэжил эзэмшээд шууд ирж буй шинэ мэргэжилтэний хувьд шүдний эмнэлэгт ажиллахаар ирэхэд шинээр сурах зүйл маш их багажаа танихгүй, эм материалаа ч мэдэхгүй байдаг учир тэдний сонирхолыг бууруулдаг. Гэхдээ энэ тал дээр дахин сайтар анхаарч үзвэл хэрэгтэй болов уу.
Манай дараагийн дугааруудад хэнийг санал болгох вэ?
Эмчилгээ үйлчилгээг өөрийн биеэр гардан гүйцэтгэж буй цөөн ахмад эмчийн нэг , үеийн найз “Инээд баясал” эмнэлгийн захирал АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Ж. Баяраа-г санал болгомоор байна.