Энэ удаагийн дугаарт бид “Empire Dental group” шүдний эмнэлгийн захирал Б.Энхбаатар эмчийг урилаа. Хүүхэд байхаасаа л шүдний эмч болох хүсэл мөрөөдөлтэй байсан бөгөөд өдгөө Empire Dent эмнэлгийг удирдан ажиллаж байна. Тэрээр салбартаа эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор эмнэлгийн хамт олонтойгоо нэг жилийн турш мөнгө цуглуулан, цуглуулсан мөнгөөрөө Африк тив рүү явж сайн дурын үзлэг хийсэн нь түүний эмнэлгийн хамт олны ганцхан Монголдоо гэлгүй дэлхийд өрсөлдөхийг зорьж буй нь онцлог юм.
Өөрийн ажил, амьдралын түүхээс хуваалцаач
Хүүхэд байхаасаа л шүдний эмч болно гэж боддог байлаа. Эгч маань мэдрэлийн эмч мэргэжилтэй, тэгээд чи шүдний эмч болвол миллионер биш биллионер болно шүү гэж хэлж байсан. Тухайн үед за би биллионер болно л гэж бодсон. Мөрөөдөлийнхөө дагуу ЭМШҮҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийг сонгож суралцсан. Нэг хөгжилтэй түүх ярихад 1-р курст дөнгөж ороход, материал судлал гэж ордог байсан тэр үед бидэнд яагаад шүдний эмч мэргэжилийн сонгох болсон бэ гэдэг зохион бичлэг бичүүлж хожим нь сургуулиа төгсөхөд тэр зохион бичлэгээ уншаад дотороо ичиж билээ.
2003 оноос Evada эмнэлэг дээр очиж дадлага хийж эхэлсэн бөгөөд мундаг эмч нараас практик дээр олон зүйлс харж, суралцсан. Дараагаар нь 2006 онд төгсөөд дадлага хийж байсан эмнэлэгтээ эргээд ажилласан. Солонгос руу явж сураад сайн шүдний эмч болох зорилготой байсан юм. Тэгээд 2 жил цалингүй ажилласан. Тэр үедээ, одоо ийм байгаа ч ирээдүйд би сайн эмч болно гээд чадахаараа л мэрийж байсан.
Тэр цагаас л миний бодол өөрчлөгдөж би одоо ийм байгаа ч гэсэн сайн багшийн хажууд байх юм бол би сайн эмч болох юм байна гэж бодож эхэлсэн. Тухайн үед миний дагаж байсан Солонгос Профессор Кан багш надад хэрвээ чи мөнгийг дагах юм бол мөнгөө дагаад явна, хэрвээ мэдлэгийг дагавал, мөнгө чамайг дагана гэж хэлж билээ. Тэгээд л би за ерөөсөө мэдлэгтэй л болох ёстой юм байна гэж бодол маань өөрчлөгдсөн. Би багшаас олон зүйлс суралцсан. Мэдлэг чухал юм байна, ёс зүй чухал юм байна гэдгийг тэр хүнээс л ойлгож, мэдэж авсан. Тэгэж суралцаад явж байтал гэнэт за чамд цалин өгнө гэлээ, сарын тавин мянга, хамгийн анхны цалин их гоё байсан, дараа нь ерөн мянга боллоо. Тэр хооронд би согог заслын эмч болох уу, гажгийн эмч болох уу, хүүхдийн эмч болох уу гэж бодоод согог заслыг сонгосон. Согог засалч эмч бол хамгийн бохир ажилыг хийдэг, гэхдээ багш маань согогын эмч байсан болохоор нүүр амны согог засалч талруугаа сонгосон доо.
Таны хамгийн гол баримталдаг зарчим юу вэ?
Ер нь айхтар тийм ийм гэсэн баримталдаг зүйл байхгүй. Аав ээж маань хатуу хүмүүс учир бага байхаас л цаг бол алт, цаг хугацаа биднийг хүлээхгүй гэж хэлдэг байсан. Тэр утгаараа хүнтэй уулзалт товлох, зохион байгуулагдаж буй арга хэмжээн дээр яг цагтаа л байж байдаг. Мөн хүн нас ахих тусам өөрчлөгддөг юм байна. Өмнө нь найзууд, хобби, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт зүйлсэд их цаг гаргадаг байлаа. Гэр бүлтэй болсноос хойш алийг нь нэгд тавьж илүү их цаг гаргах вэ гэдэгт анхаардаг болсон.
Эмчилгээний үед Smart, Speedy, Safety /3S техник/ гэх зарчмыг баримталдаг. Богино хугацаанд, ухаалаг шийдвэр гаргаж аюулгүй ажиллах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Яг энэ аргаар сайн ажиллавал үр дүн сайн гарах бөгөөд үйлчлүүлэгчид таатай байна. Гэхдээ удаан байж болохгүй. Хурдан ажиллах гэж байна гээд аюулгүй ажиллах зарчмыг зөрчиж болохгүй. Жишээ нь: сувагт ажиллаж байх үедээ хэт яарвал багажаа хугалах эсвэл шүд авах гэж байгаад хуглах гэх мэт энгийн хүндрэлүүд гарч болно шүү дээ. Дээрээс нь өвчтөний цагийн менежментийг барьж чадахгүйгээс болж эмчилгээний менежмент өөрчлөгдөх болно. Хүн үзэж байхад сувилагч хажууд нь ирээд дараагийн цагийн хүн ирлээ шүү гээд хэлчихвэл үзүүлж байгаа хүнд ямар санагдах билээ, яарч байгаа юм байна гээд шууд бодож эхэлдэг. Энэ бол чадвар мэдлэгтэй холбоотой мөн л нөгөө ёс зүйн асуудал. Ер нь үзэж байгаа хүнээ миний аав ээж байсан бол гэдэг сэтгэлээр өөриймсөг хандах хэрэгтэй л дээ.
Таны хамгийн ашиглах дуртай багаж гэвэл...
Имплантын үед хамгийн их хэрэглэдэг болоод ч тэр үү Кастрович гэх багажинд дуртай. Дотроо олон янз байдаг. Анх 2005 онд Evada шүдний эмнэлэг дээр дадлага хийж байх хугацаанд имплант хийгдэхийг харж байлаа. Үнэхээр сонирхолтой санагдсан учраас имплантаар мэргэших ёстой юм байна гэж толгойд орж ирсэн. Тэгээд зогсолтгүй суралцсаны дараагаар 2008 онд хамгийн анхны имплантаа хийсэн. Хүмүүс дөнгөж л имплантын талаар ойлголттой болж ид сонирхож асууж эхэлж байсан үе байх. Ер нь өнөөгийн энэ дижитал технологи хурдацтай хөгжиж байгаа үед эхлээд аналоги багаж тоног төхөөрмжөө сайн мэдэх хэрэгтэй гэж боддог.
Шүдний эмч мэргэжлийн сайхан тал нь юу байдаг вэ?
Би согог засалч эмчийн хувьд манай мэргэжлийн гол онцлог нь богино хугацаанд үр дүн нь гардагт байгаа юм. Маш их өвдөлттэй, шөнөжин уйлаад ирсэн хүн эхний эмчилгээний дараа инээмсэглээд ороод ирэх нь эмч нарт тааламжтай сайхан мэдрэмж төрүүлдэг. Мөн үйлчлүүлэгчийн бүтэн инээмсэглэлээс өөрийнхөө мэргэжлийн аз жаргалыг харж байна гэдэг хамгийн сайхан.
Амралтын өдрийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
Алийг нь нэгд тавих вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэж түрүүн хэлсэн. Минийхээр бол гэр бүл гэдэг хамгийн эрхэм тиймээс амралтын өдрүүдийг аль болох гэрийнхэнтэйгээ өнгөрөөж, хамт салхинд гарахыг хичээдэг.
Ажил бүтэмжтэй байх нь гэр бүлийн харилцаанаас их шалтгаалдаг гэсэн судалгаа байдаг. Энэ таны хувьд хэр бодитой буудагийг сонирхмоор байна.
Хамгийн бодит гэж хариулмаар байна. Би жилийн 365 хоногийн хэдэн цагийг хэнтэй өнгөрөөж байнаа гээд бодож үздэг. Аль болох бага хугацаа зарцуулж байна гэсэн хүнтэйгээ цагийг илүү хамт өнгөрөөж байх хэрэгтэй гэж боддог. Хамт байхад ярилцаж эхэлнэ, ярилцах тусам асуудал багасаж ирнэ. Тэр нь амар тайван байдлыг бий болгоно. Энэ нь цаашлаад ажлаа тайван хийж амжилт гаргах боломжийг бий болгоно. Мэдээж эхнэр маань ар талд бат зогсоно. Өөрийгөө тусгаарладаг байвал зүгээр, ажил дээр болсон зүйлсийг гэртээ гаргаж тавиад байж болохгүй, гэртээ болсон зүйлсийг ажил дээр гаргаад байж болохгүй. Би гэртээ орох бүртээ хөлөө газар дэвсдэг. Тэгээд ажлын стрессээ эндээ гөвж хаяад орж байна гэж боддог. Бидний мэргэжил чинь нарийн мэдрэмж шаарддаг сресстэй ажил шүү дээ. /инээв/
Манай эмнэлэг ч адилхан хамгийн бага цаг ажилладаг эмнэлэгт ордог байх. Одоогоор Эмч нар маань өглөө 9 цагт ирээд 13 цагт явдаг. Өдрийн ээлж нь 14 цагт эхлээд 17 цагт дуусдаг. Ажилчиддаа үргэлж бага цагт сайн үр дүнтэй багаар ажилла, чанартай хий, үлдсэн цагаа гэр бүл, өөрсдийгөө хөгжүүлэхэд зарцуул, хэл сур гэж зөвлөдөг. Ажлын хажуугаар сурах зүйл маш их учир цаг гардаггүй байх гэсэн санаа.
Сүүлийн үед хэр их уншиж байна вэ?
Байнга л уншиж байгаа. Их сүүлд л ном уншдаг болсон. Хойч үе маань их хөгжиж байна, би ч гэсэн хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ шинэ ном биш хуучин номнуудаас уншиж суурь мэдлэгээ батжуулах хэрэгтэй. Ихэвчлэн орос, англи номноос, сүүлийн үед солонгос ном унших гэж оролдож байна. Хажуугаар нь хятад хэл сурч эхлэж байгаа.
Мөн түүхэн ном сонирхож уншдаг. Монголчууд эрт дээр үед ямар байсан, яаж амьдардаг байв, цаашлаад шашин шүтлэг гэх мэт.
Одоогоор манай салбарт 5 сургууль шүдний эмч бэлдэж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
Ганцхан НАСС гэлтгүй боловсролын системд шинэчлэл хэрэгтэй байгаа нь амьдрал дээр харагдаж байгаа. Сургалтын системээс эхлэх хэрэгтэй байх, сургууль сайн байхын тулд багш нар өөрсдөө мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Нэг үеэ бодвол багш нар маань доктор, профессор болсон, гадагшаа судалгаа шинжилгээнд явж оюутнууддаа чанартай сайн хичээл заадаг болсон байна. Мөн томоохон хувийн хэвшлийн эмнэлгийн захирлууд сургуулийн сургалтанд санаа оноогоо тусгадаг байвал зүгээр, очоод заасан ч болно шүү дээ.
Манай мэргэжилтнүүдийн салбар хувийн хэвшилд эрт гараад, бүгд өөрсдийнхөө карьерийг хөөгөөд явчихсан учир салбар маань яаж явагдаад байна, хувийн эмнэлгүүд буцаад сургуульдаа нөлөөлөх үү, яаж хамтарч ажиллах ёстой вэ, гадаад харилцаагаа хэрхэн сайжруулах хэрэгтэй бол гэх мэт тал дээр анхаарах хэрэгтэй.
Мөн миний бодлоор сургалтын төлбөрийг өндөр болгох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл үнэхээр нүүр амны эмч болмоор байгаа чин хүсэл эрмэлзэлтэй хүн л сонгоно гэсэн үг. Америкт шүдний эмчээр сурахад хамгийн хямд төлбөр 90.000 доллар байдаг. Үнэхээр шүдний эмч болох хүсэлтэй хүн л шүдний эмч болох хэрэгтэй. Тодорхой хэмжээний өндөр төлбөр төлж санхүүгийн эрсдэл гаргавал зүгээр. Тэгэж байж би мөнгөө төлчихсөн учраас хариуцлагатай сайн сурах ёстой гэсэн ухамсартай байна. Шалгуур өндөр болоод ирэхээр тоо цөөрч, сургуулиуд багасаад ирнэ. Тэгэхээр бодлогын чанараар нөлөөлөх, тэр дотроо санхүүгийн талаас нөлөөлөх нь зөв гэж бодож байна. Мэдээж боломж муутай айлын хүүхэд шүдний эмч болж чадахгүй гэсэн санаа биш тэтгэлэгт хамрагдах боломжтой би бас тэтгэлэгт хамрагдаж л байсан.
Манай НАС-ын салбар тийм ч хоцрогдмол биш хэрнээ монголчууд яагаад шүдээ эмчлүүлэхээр гадагшаа яваад байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ нь нөгөө л чанаргүй эмч нар бэлтгэсэн боловсон хүчин ариутгал халдваргүйжүүлэлт муутай холбоотой юм, тэрийгээ дагаад эмч нартаа итгэхгүй байна. Нэг хэсэг салбармаань элэгний Б вирус тараасан гэх муу нэр зүүлээ шүү дээ. Манай салбар хурдацтай хөгжиж байгаа шүү гэдгийг байнга таниулж байх хэрэгтэй, тэгэж байж гадагшаа гарах мөнгөний урсгал Монголдоо үлдэх болно. Бас бид нар өөрсдөө нэгдмэл биш байгаа учраас дуртай гадаад эмч нь Монголд ирээд үзлэг хийгээд байна. Сургалт семинар лекц явуулж болно шүү дээ.
Тэгвэл манай салбарт юу дутагдаж байна гэж та харж байна.
Эмнэлгийн талаас аваад үзэхэд бүгд өөр өөрсдийн карьераа хөөгөөд жижигхэн буяны ажил хийгээд би ийм юм хийлээ, тийм юм хийлээ гэдэг. Эмч тангараг өргөсөн учраас бусад хүмүүст энэрэнгүй сэтгэлээр туслах ёстой. Би америк солонгос эмч нартай 2014 онд Африк тив рүү Руанда улсруу явж үзлэг хийж байсан. Африк тивд залуучууд нь маш хавчигдмал, хүнд нөхцөлд байдаг хэрнээ таван хэлээр чөлөөтэй ярьдаг байсан. Ус байхгүй, тог эрт тасрана, нар эрт жаргана, тэгсэн хэрнээ шонгийн модны гэрэлт ном уншиж байгааг харахад өөр санагддаг юм билээ. 2018 онд Байгууллагаараа Малави Улсын НҮБ-н “Дзалека” дүрвэгсэдийн хуаран явсан нь тэдгээр хүмүүсийн амьдралд их хэрэгтэй зүйл болсон. Дараа нь би ажилчидаасаа нэг нэгээр нь сэтгэгдлийг нь асуухад хамгийн түрүүнд хэлдэг зүйл нь Монгол оронд төрсөндөө азтай байна гэж хэлцгээсэн. Хоёрдугаарт бид нар ямар залхуу юм бэ гэсэн юм. Үүний дагуу 2014 онд миний оролцсон “Монголчууд авахаасаа илүү өгөх хэрэгтэй байна” гэсэн ярилцлага засгийн газрын сонины нүүрэн дээр хэвлэгдэж байсан.
Дандаа л гадаадаас тийм тусламж авлаа гэх юм, тийм биш бид өөрсдөө очоод тэнд энхийг сахиулахаас гадна сайн дураараа үзлэг хийсэн байна гэдгийг харуулах хэрэгтэй. Хүмүүс үүнийг тусламжийн төрийн бус байгууллагаар явдаг гэж ойлгоод байх шиг байна. Бид нар өөрсдөө цалингаа цуглуулаад явсан. Ингэж явсны үр дүн нь юу байсан бэ гэвэл бид залхуу байна гэж ухамсарлаж чадсан, бүгд өөр бодолтой болцгоосон, амьдралд хандах хандлага, гэр бүлдээ хандах хандлага өөрчдөгдсөн.
Би шүдний эмч нарт юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл зөвхөн өөрсдийгөө л рекламдаад яваад байхгүй нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийх хэрэгтэй байна. Миний хамгийн шүүмжлэлтэй байгаа нь нэг жоохон юмыг л аймар их рекламдаад байгаа асуудал. Хоёрдугаар шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал гэвэл эмчийн ёс зүй. Хууль бидний эсрэг ажиллаж байхад эмч нар бие биенийгээ хамгаалах хэрэгтэй, нэгдмэл санаатай байх хэрэгтэй, үйлчлүүлэгчтэйгээ зүй ёсоор харилцах хэрэгтэй байна. Үйлчлүүлэгчийн дийлэнхи гомдол нь эмчийн ёс зүй харилцаа хандлагатай холбоотойгоор гарч ирээд байгаа юм. Ядаж эмнэлгийн нэгдсэн батлагдсан стандарттай болох ёстой юм. Мэдээж ярихад амар л даа гэх байх, гэхдээ хийх л хэрэгтэй. Ер нь Шүдний холбоо, холбоодууд ажлаа хиймээр байна. Хийж чадахгүй бол дараа дараагийн үеийнхэндээ хүлээлгэж өгөх хэрэгтэй. Одоо цаг нь болсон доо зөндөө л чимээгүй л явлаа эмч нар, хувийн хэвшлийнхэний эрх ашиг хөндөгдөж янз бүрийн бичиг цаас хууль тогтоомжийн дарамт ирсээр л байгаа л. Холбоонд дүрэм, журам байдаг л байлгүй дээ.
Шүдний эмч мэргэжлээр сурч буй оюутан залуусдаа хандаж хэлэх зөвлөгөө?
Хоёр л зөвлөгөө өгмөөр байна. Нэгт академик түвшинд хэл сур, хоёрт ном сайн унш. Академик түвшинд хэл сур гэдэг нь хар яриа сурах биш мэргэжлийн хичээлийн номыг асуудалгүй уншаад ойлгодог байхыг хэлж байна. Та нарт сул цаг маш их байгаа, Монголд төрсөндөө баяртай байх хэрэгтэй мөн залхууг даван туулах хэрэгтэй, гар утаснаасаа хөндийрөөд ном уншдаг болох хэрэгтэй. Хүн тархиа юугаар дүүргэнэ тэрэнтэйгээ адил зүйлийг амнаасаа гаргадаг.
Би сүүлийн үед ном их уншиж байгаа, номоор дамжуулж амьдрал дээр ч, эмчилгээ дээр ч бодит өөрчлөлтүүд маш их гарч байгаа учраас ном сайн уншиж сурах хэрэгтэй гэж зөвлөх байна. Гадаадаас ганцхан ном уншаад, орчуулаад дуусгачих тэгвэл амархан бас дуртай болоод ирнэ.
Дараа дараагийн дугаарт энэ ярилцлагын буланд хэнийг санал болгох вэ?
АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, АУ доктор Г. Ганжаргал багшийг санал болгомоор байна.