Одоогоор АНУ-н Калифорни мужид амьдарч байгаа Япон Улсын Айчи Гакуин Их Сургуулийн судлаач, АУ-ны доктор Чинзоригийн Цэлмүүн-тэй түүний судалгааны ажлын талаар ярилцлаа
Shud.mn: Таны Анагаах Ухааны докторын зэргийн судалгаа их сонирхолтой санагдсан. Та судалгааныхаа үр дүнгийн талаар дэлгэрэнгүй хуваалцахгүй юу?
Докторын ажлын үндсэн сэдвээ эрүүл мэндийг тодорхойлогч нийгэм эдийн засгийн хүчин зүйлс ба эрүүл мэндийн тэгш бус байдлаар сонирхож судалгаагаа хийсэн. Эхний хэвлүүлсэн судалгаандаа Япон улсын нийт 47 мужийг хамарсан дата дээр томуугийн дархлаажуулалтын хүртээмж ба бодлогын хүрээнд үнэлгээ хийсэн. Харин хоёр дахь судалгаандаа Улаанбаатар хотын бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн тэгш бус байдлыг нийгэм эдийн засгийн нөлөөлөлтэй холбон Япон Улсын Тохоку Их Сургууль болон АШУҮИС-ийн НАСС-ийн эрдэмтэн багш нартай хамтран судалсан.
Хоёр дахь судалгааны хувьд нийгмийн эмзэг давхрагын иргэд, хүн амын боловсролын түвшин доогуурх үзүүлэлтүүд нь шүдний өвчний тохиолдол, цоорлын тархалтын өсөлттэй шууд хамааралтай байдаг нь олон улсын судалгааны үр дүнгээс нийтлэг харагддаг хэдий ч манай улсын хувьд эдгээр хүчин зүйлүүд бидний судалгаагаар ялгаатай гарсан нь сонирхол татсан. Уг судалгаанд өрхийн орлого ба эцэг эхийн боловсролын түвшингийн хооронд бага насны хүүхдийн дундах шүдний цоорлоор өвчлөхөд ялгаа, тэгш бус байдал байгаа эсэхийг “Relative Index of Inequality” болон “Slope Index of Inequality” индэксүүдийг тус тус ашиглан үр дүнг тооцолсон. Нэгт, эцэг эхийн боловсролын түвшин өндөр эсвэл доогуур байгаагаас үл хамааран хүүхдийн шүдний өвчлөл ялгаагүй өндөр үзүүлэлттэй байсан. Өөрөөр хэлбэл, Монголд боловсрол дээшлэх тусам хувь хүний болон үр хүүхдийнх нь эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, дадал улмаар амьдралын чанар, эрүүл мэндийн үзүүлэлтүүд дагаад сайжрах учиртай. Гэтэл эсрэгээрээ бидний судалгаагаар манай улсын боловсролын салбарын сургалтын хөтөлбөрийн агуулга, чанар, үнэлгээ хангалтгүй сул байх магадлалыг илэрхийлсэн үр дүн гарсан. Тиймээс эзэмшвэл зохих мэдлэг, дадал, төлөвшлийн цогцыг сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулага стандартыг сайжруулах, чанарын үнэлгээний судалгааг явуулж цаашид салбарын шинэчлэлийг хийх, эрүүл мэндийн суурь боловсролыг хүртээмжтэй олгох шаардлагатайг бид судалгаандаа онцолсон. Хоёрт, бага насны хүүхдийн шүдний цоорол нь өрхийн орлогын түвшнээс хамаарч абсолют болон релатив орлогын тэгш бус байдал байгааг харуулсан, RII 0.65, 95% CI 0.52 to 0.82; SII −2.80, 95% CI −5.11 to −0.48.
Орлого өндөртэй өрхийн хүүхдийн шүдний цла индекс 4.35 (SD = 3.04), доод орлоготой 6.69 (SD = 4.36) тус тус байгаа нь айл өрхийн орлого буурах тусам хүүхдийн цооролтой шүдний тоо ихсэж, өрхийн санхүү нь шүд амны хөндийн эрүүл мэндтэй шууд холбоотой байсан. Өрхийн орлогын тэгш бус байдал илэрхий байгаа нь хүүхдийн шүдний өвчлөл, цоорлын тоо ихсэхтэй мөн шууд хамааралтайг судалгааны багийнхан дүгнэсэн. Тиймээс, орлого багатай нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн шүд амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй үндэсний хэмжээний нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эпидемиологийн судалгааг улсын хэмжээнд тогтмол явуулж мониторинг хийх шаардлагатай саналыг дэвшүүлсэн.
Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээнд халдварт бус өвчлөлийг бууруулахад амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, оношлоогоо, эмчилгээг хавсарган хэрэгжүүлэх нь нэн чухал. Үүнээс гадна ЭМ-ийн даатгалд зөвхөн улсын эмнэлэг бус хувийн эмнэлгүүд ч мөн хамрагдаж шүдний эмчилгээ үйлчилгээг иргэдэд тэгш хүртэх шаардлагатай. Энэ талаар миний судалгаанаас харах боломжтой.
Shud.mn: Одоо та хаана ямар ажил эрхэлж байгаа вэ?
Хэдийгээр АНУ-ын Калифорниа мужид гэр бүлийн хамт амьдарч байгаа ч зайнаас Япон Улсын Айчи Гакуин Их Сургуульд судлаачаар ажилладаг. Одоогоор ажлынхаа хүрээнд 11 орны судлаачдын хамтаар төрөлхийн уруул тагнайн согогийн өнөөгийн нөхцөл байдал, улс орнуудын баримталж буй эрүүл мэндийн бодлого, менежментийг тоймлоно дүн шинжилгээ хийж нэгдүгээр зохиолчоор судалгааны өгүүлэл бичих дээр төвлөрч байна. Үүний зэрэгцээ Олон Улсын Амны Хөндийн Эрүүл Мэндийн Мэргэжлийн Нийгэмлэг болон мөн 1997 оноос хойш хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн олон улсын санд тус тус үндсэн зохицуулагчийн албыг хашдаг. Залуу судлаачийн хувьд дэлхийд нэр хүнд бүхий салбартаа манлайлагч эрдэмтэдтэй ажил үүргийн чиглэлээр танилцан, холбоо тогтоон, хүрээгээ тэлэх, төсөл хэрэгжүүлэнгээ шинэлэг зүйлүүдийг суралцах боломжуудад хувьдаа баярладаг. Тухайлбал, манай нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр Токиогийн Иx Сургуулийн Проф. Казуто Хошитой ажиллаж, түүнтэй санал солилцох, үр дүнгээ эдгээр оюунлаг эрдэмтдээр үнэлүүлэх нь ховор завшаан юмуу даа.
2021, 2022 оны дөрөвдүгээр сард Токио хотод Олон Улсын Амны Хөндийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн олон улсын эрдэм шинжилгээний дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Удахгүй 2023 оны ээлжит хурал мөн зохион байгуулагдах тул бэлтгэл ажлаа хийж байгаа. 2021 оны конгрессийн үеээр нийт хүн амын эрүүл мэндийн асуудлыг үр дүнтэй цогцоор нь шийдэхэд хамтын ажиллагааны (multidisciplinary, interdisciplinary, transdisciplinary) ач холбогдлыг чухалчилсан. Нүүр ам судлалын салбарын хувьд гэхэд шүд, амны хөндийн өвчлөлийн асуудлуудаа дангаараа шийдвэрлэдэг тогтсон уламжлалыг өөрчилж, улмаар анагаах ухааны салбар хоорондын болон бусад шинжлэх ухааны эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн оролцоо хамтын ажиллагаа шаардлагатайг цохон тэмдэглээд Токиогийн Тунхаг бичгийг батлан зарласан тэмдэглэлт үйл явдал болсон. Энэхүү томоохон арга хэмжээний бэлтгэл ажлын хэсэгт миний бие үндсэн координатороор ажилласан. Тухайн үед баг дотроо ганцаараа гадаад мөн хамгийн нас залуу нь байсан хэдий ч хурлын олон чухал ажлуудыг надад итгэн, удирдуулан даатгасан явдалд одоо хүртэл талархадаг бөгөөд тэдгээр мундаг хүмүүстэй зохион байгуулалтан дээр хамтран ажилласан нь нэр хүндийн хэрэг байлаа. Уг хуралд зочин илтгэгчээр цөөн тооны монгол судлаачдаа урьж, оролцуулж чадсанд хувьдаа мөн баярласан.
Shud.mn: Амны хөндийн эрүүл мэндийн асуудал олон өвчний суурь шалтгаан болж байдаг. Монголд суурь өвчлөл их байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Дэлхийн банкны 2018 оны тайлан баримтаас харахад Монгол Улс ДНБ-ий ердөө 0.1 хувийг судалгаа шинжилгээнд зарцуулсан байдаг. Манай улсын хэмжээнд эрдэм шинжилгээний ажлыг бүхий л талаар цогцоор нь дэмжих улмаар салбарын хөгжилд урт хугацааны тогтвортой эдийн засгийн дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, судлаач, багш, оюутнуудыг судалгаа хийх нөхцөлөөр бүрэн хангах шаардлагатай гэж боддог. Бид үүнийг ганц хоёр судалгаа эсвэл хэсэгчилсэн энд тэнд хийгдэж байгаа төслүүдийн үр дүнд тулгуурлан ярьж болохгүй. Аливаа улс орон иргэдээ эрүүл байлгахын тулд тогтвортой судалгааг чиглэл чиглэлээр чанартай дата цуглуулан, улсын хэмжээний өргөн цар хүрээт судалгааг тууштай дэмжидэг. Япон улсын жишээ нь дээр л гэхэд шинжлэх ухаанч таамаглалд тулгуурлан өөрчлөлт шинэчлэлтийг хийх, засаг төрөөс үл хамааран улсаа хөгжүүлэх хэтийн хугацааны эрдэмлэг төлөвлөгөөг өмнө хэрэгжүүлж байсан бодлого дээр суурилан үргэлжлүүлэн сайжруулан мөрдөх, хэрэгжүүлэлтийн үр дүнг бодитой, энгийн хэллэгээр ойлгомжтойгоор татвар төлөгчид болон ард иргэдэд тайлагнах хариуцлагын тогтолцоотой, эргэх холбоотой мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэх нь хэр чухал гэдгийг харж болно.
Монгол улсад тэргүүлэх өвчлөлүүд урьдчилан сэргийлэлтийг урт хугацаанд хэрэгжүүлснээр буурах боломжтой. Үүнээс гадна хувь хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарснаар эмнэлгийн ачааллыг бууруулах, цаашлаад эмч мэргэжилтний орлогыг бодит хуваарилж, иргэдийг ялангуяа бага наснаас нь нийтийн эрүүл мэндийн боловсрол, дадал соёлд гэр бүл, цэцэрлэг сургуульд нь сургах нь чухал. Төрийн байгууллагын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчид нийгмийн эрүүл мэндийн салбарын судлаач мэргэжилтнүүд, их сургуулийн эрдэмтэн судлаач, эмч багш нарын судалгаанд суурилсан үр дүн, зөвлөмж, тэдгээрийн санал бодлоор цангаж байж, нээлттэй болон хүндлэлтэй хамтран ажиллаж нааштай өөрчлөлтүүд гарна. Улс орны өвчлөлийн тархалтыг бууруулахад нийгмийн дундаас доогуур давхарга руу чиглэсэн бодлого, мэргэжил хоорондын тэгш бус байдал, иргэдэд олдох боломжийн тэгш бус байдал зэрэг яриад байвал хийх зохистой өөрчлөлт их гэж боддог.
Аливаа өвчлөлийг тодорхойлох хүчин зүйлүүд дундаас боловсрол ба өрхийн орлого хоёр хамгийн хүчтэй хувьсагч нь болдог. Олон улс дахь судалгааны чиглэлийг харвал иргэн хүн боловсрол, орлого өндөртэй байх тусам эрүүл байх , харин эсрэгээрээ доогуур байх тусам өвчин эмгэг ихсэх магадлал өндөр байдаг.
Shud.mn: Залуу хүний хувьд Монгол Улсынхаа нийгмийн нийгмийн эрүүл мэндийн байдлыг хэрхэн дүгнэдэг вэ. Цаашдаа засч, сайжруулах асуудлын талаар санал бодлоо хуваалцана уу?
-Саяхан Үндэсний хэмжээний “Шүд” хөтөлбөрийн хэрэгжих талаар нийтлэлүүд мөн ойр тойрны судлаачдын санал бодол хэлэлцүүлэгийг харахад эрүүл мэндийн бодлогын хөтөлбөр хэрэгжүүлэлтэнд юуны түрүүнд үнэлгээний тогтолцоо дутагдаж байгааг онцолмоор санагдсан. Миний хувьд эдийн засгийн хүн биш гэхдээ судлаачид нь эрүүл мэндийн эдийн засгаар мэргэшсэн хүмүүсээр үнэлгээ хийлгэн аливаа хөтөлбөрийг баталгаажуулдаг байх нь эргээд салбарын үр нөлөөгүй хувиарлалт, эдийн засгийн засгийн үр ашиггүй байдал зэрэг эрсдэлүүдийг бууруулах шаардлагатайг олж харсан. Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь салбар хоорондын хамтын ажиллагаанаас бүрддэг тул цаашид хэрхэн мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэн тогтолцооны шинэчлэлт хийх дээр анхаарах хэрэгтэй байхаа.
Амны хөндийн өвчлөл нь архаг халдварт бус өвчлөлүүдтэй холбоотой болохыг олон улсын судалгаа онцлоод багагүй хугацаа өнгөрчээ. Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг бид судалгаанд суурилан, ухаалаг, урьдаас төлөвлөн хэрэгжүүлэхэд тодорхой хугацаанд дээрх жишгийн дагуу үр дүнтэй эерэг өөрчлөлтийг нийгэмд авчрах нь гарцаагүй. Жишээлбэл, Япон улс 1989 оноос хойш 8020 буюу 80 настайдаа 20 шүдтэй байх зорилтын дагуу амны хөндийн өвчлөл ба архаг өвчлөлүүдийн хамаарлыг идэвхитэй судлах, нийгэм рүү чиглэсэн кампанит ажил хэрэгжүүлэх зэрэг бодлогыг баримталсан. Улмаар нотолгоонд суурилсан бодлогоо тогтвортой амжилттай биелүүлэхээс гадна мөн бага насны хүүхдийн шүдний өвчлөлийн тархалтыг бууруулж чадсан билээ. Улмаар дэлхий нийт япончуудын эxлүүлсэн 8020-ын зорилтыг ихээхэн сонирхож эхэлсэн байдаг. Үүнтэй ижил бодлогуудыг урт хугацаанд тууштaй хэрэгжүүлж чадсан нь өнөөдөр япон хүн эрүүл, урт удаан наслахад нөлөөлсөн нийгмийн эрүүл мэндийн гол үндэс болжээ. Манай улсын хувьд өөрсдийн ахуйн онцлог, хэв маяг орчиндоо тохируулан олон улсад урт хугацаанд туршигдаад үр өгөөжөө өгөөд явж буй эрүүл мэнд бусад салбаруудыг хамруулсан шинжлэх ухаанч төсөл, аргачлалын загваруудыг ухаалгаар эх орондоо нутагшуулах нь чухал гэж боддог.
Shud.mn: Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Баярлалаа. Нүүр ам судлалын салбарын болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж байдаг Shud.mn сайтын үйл ажиллагаанд ч бас өндөр амжилт хүсэн ерөөе.
Япон Улсын Айчи Гакуин Их Сургуулийн судлаач, АУ-ны доктор Чинзоригийн Цэлмүүн