Шинэ он гарч он солигдох энэ цаг мөчид Shud MN сайт Тусгал ярилцлагын булангынхаа шинэ оны анхны дугаарыг та бүхэндээ толилуулж байна.. Өнгөрсөн 2020 оны хугацаанд манай ярилцлагын буланд маань нийт 12 зочин оролцож, өөрсдийн дадлага, туршлага, ажиллах арга барилыг уншигчидтай хуваалцжээ. Мөн манай булангаас уншигчид маань олон шинэлэг зүйлсийг уншиж, ойлгож мэдсэн байх аа гэдэгт найдна.
2021 онд энэхүү ярилцлагаа улам баяжуулж, салбарынхаа олон чадварлаг мэргэжилтнүүдтэй учруулах болно.
Ийнхүү тусгай дугаарын шинэ оны анхны зочноор Монгол Улсын хүний гавьяат эмч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Профессор Н. Пүрэвжав багшийг урилаа. Таалан соёрхоно уу.
"ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн Эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, Зөвлөх эмч Г. Аянга: Оюутан цагийн минь багш, эмч болсон үеийн эрдмийн ажлын удирдагч профессор Пүрэвжав багшийн талаар олон сайхан сэтгэгдэл хэлж болох боловч энд цөөн үгээр дурдсу. Багш маань юуны өмнө миний л мэдэх жинхэнэ оюуны хүн юм. Түүний туурвисан олон сайхан бүтээлүүд эмч бидний ширээний ном болсныг дурдахаас гадна судалгааны ажлын диссертациа хянуулахаар үзүүлэх бүрд зорилго, ач холбогдлыг судлаач надаас илүү гярхай харж тодруулах ба энэ нь мөхөс намайг бүрхэг өдрийн луужин мэт чиглүүлж байсан.
Тэрээр бурууд хатуу байж чаддаг ба энэ нь хэн нэгнийг буруутгах гэж биш, тухайн хүн, түүний хариуцсан албаны хөгжлийн төлөө байдагчлан амжилттай яваа нэгнийг дэмжих бусдад түүний тухай үлгэрлэн ярихдаа үг харамгүй байдаг нь цөөнгүй ажиглагдаж, үүгээрээ биднийг урамшуулан дэмжиж байдаг."
Та энэхүү мэргэжилтэй анх хэрхэн холбогдсон бэ?
Жар гаран наслахдаа дөчөөд жил нь эрүүл мэндийн салбарт ажиллажээ. Яаж энэ мэргэжилтэй холбогдсон юм бэ гэхээр Завхан аймгийн төвийн нэгдүгээр арван жил гээд аймгийн хамгийн анхны алдартай сургууль байсан. Тэр сургуулийг 1973 онд төгсөөд конкурсын шалгалтанд орохын өмнө Улаанбаатараас ирсэн багш нар, манай сургуулийн захирал, багш нарын хамт том зааланд эгнэж суучихаад мэргэжил сонгуулах маягийн зүйл хийсэн юм. Сурлагаар нь жагсаахад нийт 100 гаруй хүүхдүүд дундаас би 30 хавьд орсон юм. Тэгээд тэр зааланд ороод би гадаадад биологийн мэргэжилээр сурья гэсэн. Харамсалтай нь тийм хуваарь байхгүй байсан тул МУИС-ийн биологийн ангид орьё, эсвэл анагаахын чиглэлээр явья гэж хэлтэл нэг хүн намайг анагаахын сургуульд авья гээд багш нартайгаа зөвшилцөж тэд маань толгой дохиод анагаахын сургуулийн хонхыг цохиж билээ. Анагаахд орохдоо Гистоматалоги буюу Эрүү нүүр суудлал гээд Монгол улсад шинээр хөгжиж байгаа цоо шинэ мэргэжилийг сонгож орж байна гэж намайг сонгож авсан хүн надад ойлгуулсан. Шинээр нээгдэж байгаа энэхүү мэргэжилийг чамд өгье, сургая гэж хэлж байлаа. Ийнхүү энэ мэргэжилтэй холбогдоод 47 жил эзэмшээд 42 жилийг ардаа үдсэн байна.
Сүүлд өөрийн сурсан 10 жилийн сургуулиа эргэж очсон. Завханы Эрдэнэ-Очирын нэрэмжит Нэгдүгээр 10 жил гэж байснаа, одоо Чандмань-Эрдэнэ Цогцолбор сургууль болсон. Тэгээд энэхүү сургуулийг төгссөн хүний хувьд буян хиймээр санагдаж сургуулийнхаа 90 жилийн ойг тохиолдуулан гадаад дотоодын 10 гаруй эмчтэй хамтарч 600 орчим хүүхдийн шүдийг үзэж, эмчилгээ хийгээд шүдний кабинет байгуулж өглөө. Өөрөөр хэлбэл төгссөн сургуулийнхаа буяныг эргүүлээд хариулж байгаа санаатай юм. Ер нь аливаа зүйлс үргэлж хариутай байдаг, амьдрал дээр ч авсан бол өгнө гэдэг зарчим байдаг. Жишээлбэл одоо covid 19-ийн халдвар гарч байгаа нь хүмүүс агаар, амьдарч буй орчин тойрноо бохирдуулсны хариу гэлтэй. Цаанаа философийг нь анзаарах хэрэгтэй. Газраас авсан бол өгнө, уснаас авсан бол өгнө, багшаар ном заалгасан бол эргээд багшдаа буянг нь өгнө, аав ээждээ эргүүлээд төрүүлснийх нь ачийг хариулах гэх мэт. Иймэрхүү жишээгээр яваад амьдралыг харахад яг л өглөг авлага энэ тэнцүү харьцаа дээр явдаг юм байна гэж бодогддог.
Оюутан ахуй цагаа дурсвал...
Таван жилийг Анагаахад сурч өнгөрүүлсэн. Энэ хугацаанд тохиолдсон гайхалтай зүйл нь Чех улс руу явж илтгэл тавьсан явдал байсан. Эхлээд Монголдоо илтгэл тавьж шалгараад алтан медаль авсан. Тухайн үед Улсын дээд тусгай дунд боловсролын хороо, дарга нь болохоор Сайд нарын зөвлөлийн 1-р орлогч Цэвэгмид гуай, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо, дарга нь эрдэмтэн, зохиолч Түдэв гуай, Шинжлэх ухааны академи, дарга нь Ширэндэв гуай байлаа. Энэ гурван том байгууллага оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд дуртай болгох тал дээр ажилладаг байсан юм шиг байгаа юм. Алтан медаль маань бас 500 төгрөгтэй ирнэ. Оюутан байхад мундаг мөнгө шүү. Тэгэж л эрдэм судлалын ажил руу багш нар маань залж, би ч сурлага дээрээ хичээсэн.
Улсдаа шалгарсны дараагаар, Социалист эдийн засгийн хамтын харилцан туслалцах зөвлөл СЭВ гэж социалист орнуудыг санхүү эдийн засгийн хувьд зангидддаг том байгууллага байсан, тэр байгууллагын шугамаар оюутны эрдэм судлалын хуралд очиж илтгэл танилцуулсан. Улаанбаатараас Чех явах, ирэх зардал, очоод байх байрны зардалаа даалгаад, миний зүгээс зөвхөн ямар ч асуулт асуусан хариулахуйц хэмжээнд орос хэл дээр илтгэлээ л сайн бэлдэх байдлаар явсан. Амжилттай оролцоод ирсэн. СЭВ-ийн орнуудын хамтын ажиллагаа орос хэл дээр явагддаг байсан бол одоо олон улсын хэл чинь англи хэл гээд ах нарын хэлийг больчихсон. Ах нар битгий хэл өөрийн Монгол хэлээ ч тоохоо болиод сүйд болж байх шиг байна.
Ингээд намайг амны мэс заслын тэнхимд багшаар авахаар болоод төгсөх жилийн 2-р сараас “томорсон” л доо. 5-р курсын сүүлийн хагас жил 3 мэргэжилээр цуварч дадлага хийгээд төгсдөг байтал би гэдэг хүн агаараас хөндийрөөд эмчилгээний хичээлийн дадлага хийлгүй явж байсан. Тэр үед манай тэнхимд Д.Сэлээ багш, Х.Цолмон багш, Ц.Норовпил багш нар байсан. ЗХУ-аас ирсэн доцент Гарри Михайлович гээд 4 багштай, Е.Баасанхүү лаборанттай. Тэд нар ярилцаж шийдээд намайг эрүү нүүрний мэс заслын багшаар авна гээд 2-р сараас эхлээд эрүү нүүрний мэс заслын тасаг дээр МУ-ын хүний гавьяат эмч Ц.Цэрэн багш, Ш.Нацагдорж багшийн удирдлаган дор дадлагажсан. Өвчтөний түүх нээгээд, нэр, нас, хүйс хэсгийг бичээд, сүүлд нь багш нар онош, эмчилгээ бичихээр тэрийг нь өөрийнхөө дэвтэр дээр хуулж аваад хагалгаанд орж багаж бариад зогсож байдаг байлаа. Мэс заслаар бэлтгэнэ гэж байсан чинь тэр нь 100 хувь өөрчлөгдөөд “согог гажиг засал” болсон түүхтэй.
"НАСС-ийн ахлах багш, АУ-ны доктор Ш. Батсүх: Пүрэвжав багшийнхаа талаар өөрийн бодлоо хуваалцахад, эмчийн хувьд болон эрдийм ажилийн АУ-ны доктор болсон отгон шавь миний хувьд багш маань уул шиг түшигтэй хүн шиг санагддаг. Өөрийн төлөө бус, үргэлж бусдын төлөө эрдэм номын ариун үйлсэд гуйвалтгүй зорилгодоо тууштай зүтгэж яваа Монголын үе үеийн эмч багш бидний бахархал болсон эрдмийн их хүн гэж бодож явдаг даа."
Ажлын гараагаа хэрхэн эхэлэв?
Анагаахын дээд сургуулийн удирдлагууд шийдвэрийг их нухацтай гаргана. Гаргасан шийдвэр нь шууд ажил хэрэг болдог байлаа. Тэгээд манай төгсөлтөөс хоёр хүнийг багшаар авахаар болсон юм. Нэг нь Ц.Лхагвасүрэн, манай сургуулийн захирал байсан, нөгөөх нь би. Ингээд сургуульдаа үлдэхээр болж тушаал гарахаар нь уншсан чинь би Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хүний их эмчээр, Ц.Лхагвасүрэн маань Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрүүлийг хамгаалах газарт очихоор болж, тэнд нэг жил бүх шатны ажлыг хийсэн дээ.
Баянхайрхан сумын салбарын эрхлэгчээр 6 сар ажилласан. Хөдөө ажиллахдаа их юм сурсан, хоёр чих хавдчихаад чагнуур орохгүй болтол хүн үзэж байлаа. Тэгээд ямар ч байсан уушигны цэвэр амьсгал, хатгаатай амьсгалыг ялгадаг болж байсан. Сайн дадлагажиж, ерөнхий сууриа маш сайн тавьсан даа. Тэр хугацаанд нэг хүн зулбаж, бусдаар ёстой сайхан эрүүл энх, тогтуун тайван байсан. Энэ маань их үнэлэгдсэн. Миний мэдлэг чадвар биш өвөг дээдсийнхээ замнал мөрөөр явсан учир ийм зам дардан байсан гэж боддог. Тэнд чинь янз бүрийн л юм болдог, нэг амь эрсдэхэд шууд аймагт мэдээллэдэг, аймаг нь цаашаа яаманд мэдээлж яагаад нас барсан шалтгааныг эрж хайдаг байлаа.
Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт согог заслын чиглэлээр эмч хийхээр татагдаж ирэхдээ “их том” байлаа. Алтан медаль авчихсан, улаан дипломтой төгссөн. Надад өрөө гаргаж өгөөд, би сургууль дээр ирж багш нартай уулзаж ашиглагдахаа больсон хуучин тоног төхөөрөмжийг авахаар болж, шууд тэндээ кабинет байгуулаад хүн үзэх гээд л эхэлж байлаа. Миний урд талын өрөөд орос мэргэжилтэн, туршлагатай эмч, хажуу талын өрөөнд коллежийн, чадварлаг хүүхдийн эмч Ш.Дашцэрэн нар ажиллаж байсан.
Би согог гажиг засал үзэх ёстой. Тэгтэл над дээр ерөөсөө хүн орж ирдэггүй, өрөөгөөр маань шагайчихаад л буцаад явчихна. Тэгээд ээжийгээ өөрийнхөө анхны өвчтөн болгож үзсэн юм. Өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ л үзсэн. Ямар ч байсан ганц нэг шүд дутуу юм байна, шүд хийгээд гоё болгож өгнө гээд хэвийг нь авах гээд халбагаа бэлдэж, материалаа зуураад уруулыг нь татаж халбагаа хийх гэтэл ээж маань тас гээд л алгадчихсан. Нөгөө хэвний халбагаа гарнаасаа алдаад, гайхаад, яаж байнаа та гэсэн чинь, чи ингэж хүн үздэг юм уу? Яасан хатуу гартай юм, “Ам хамар ураад хаячихлаа, ямар айхтар өвтгөдөг юм” гэж билээ. Тухайн үед ээждээ гомдоод сүйд болж нулимс гарсан шиг санагдаж байна. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг алтан медаль аваад агаараас хөндийрч явахад аав нь нэг сайн үг хэлж газар дээр буулгасан гэдэг шиг доороос хатгасан юм шиг л явж байсан намайг ээж минь тэгэж хөрсөн дээр буулгасан. Тэр цагаас хойш хүн үзэх бүрд тэр үйл явдал санаанд минь орж хүнийг хачин зөөлөн үзэхийг орлддог болсон.
Багш мэргэжилтэй яаж холбогдсон бэ?
1979 оны 7 сард шууд дээд байгууллагын шийд гараад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Анагаахын дээд сургууль дээр яваад очиход орлогч захиралаар ажиллаж байсан Монгол Улсын гавьяат багш, профессор Т. Батсүх намайг хүлээж аваад, “Орон байр юу билээ? Оюутны байранд нэг байр гаргаж өгнө, тэндээ юм хумнуудаа оруулж тавиад, хичээл номоо заана, сайн эмч болно шүү” гэж хэлсэн. Дараагаар нь Тэнхим дээр Д.Сэлээ багштай очиж уулзтал Х.Цолмон багш чинь хойшоо Болгар улс руу явахаар болсон чи оронд нь согог гажиг заслын хичээл заана, багштайгаа уулзаад ажлаа ав гэдэг юм байна. Тэр дагуу уулзсан чинь бүх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө гээд тэвэр дүүрэн цаас, хуудас өгөөд ингэж хичээл заана шүү баяртай гээд л явчихсан. Тэгэж л энэ мэргэжилтэй илүү гүн гүнзгий хувь заяа холбогдсон гэх юмуу даа. Шавь нартаа би хэлдэг юм Юу гэвэл, багш нь өдий зэрэгт ингээд явахдаа нэгдүгээрт НАСГЗ гэдэг шинжлэх ухаанд би чин сэтгэлээсээ хандаж хүндэтгэж тэрнээс сурч ирсэн, хоёрдугаарт 10 жилийн сургуулиасаа нэг ангид байсан охинд сэтгэлтэй болж суусан, одоо манай эхнэр, нэр нь надтай адилхан, тэгээд Б.Пүрэвжав ханьдаа үнэнч, хэдэн хүүхдүүддээ үнэнч, хэдэн шавьдаа үнэнч байдаг. Яаж үнэнч байдаг гэхээр Очирхэрлэн хичээл таслаад байдаг энэнд юм хэлсэн ч яахав хэлэхгүй байсан ч яахав, байнга суугаад байдагт нь жоохон юм хэлээд өгье биш Очирхэрлэн /надаар жишээлэв/ ч ялгаагүй чихдэж ирээд тэр хэлэх ёстой, заах ёстой зүйлсийг нэг бүрчлэн хэлж толгойд нь оруулдаг. Хэлээд болохгүй бол маханд нь шингээдэг. Тийм чанартай байхгүй юу. Тэгэсхийж, ингэсхийж өнгөрөөгөөд л цалингаа авдаг тийм багш байж магадгүй, гэхдээ би бол яг заах ёстой 16 хоногт юу үзэж юу заах ёстой тэрийг л зааж ойлгуулдаг. Тэгэхээр шавь нартаа үнэнч байна уу.
Дараа нь өвчтөн нартаа үнэнч, тэр хүний шүд эрүү нүүрний системийг үзсэн бол бүх талаас нь үзнэ. Бие организм, эрхтэн систем, ходоод гэдэс, уураг тархи, булчин шөрмөс, үе холбоос зэрэгтэй нь холбож өөрийнхөө эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг. Тэгээд яг тэрнийгээ үнэнч, яс хийнэ. Гэхдээ би өвчтөнөөсөө эхэлж асуудаг, та Пүрэвжав эмчид үнэхээр үзүүлье гэсэн чин сэтгэл байна уу гэж. Одоогийн зах зээл хэцүү, олон хувилбартай болсон, энд Дорж, тэнд Цэцгээ эмч байх жишээтэй. Нөгөөдүүл нь тогтсон юм байхгүй, янз бүрийн үнэ хэлээд аваад байна, Мөн мэдлэг дадлага туршлагын хувьд ч янз янз хөвж байна шүү дээ. Тэгэхээр Пүрэвжав эмчид үнэхээр үзүүлье гэсэн чин сэтгэл байна, би таньд л үзүүлэх гэж ирсэн гэвэл тэгээд л болоо.
Миний эмчилгээний төлбөр угтаа их өндөр биш, гэхдээ бас намхан биш. Мундаг академич багш нэг удаа асууж байсан. Пүрэвжав чи гавьяат эмч болчихоод эмчилгээнийхээ төлбөрийг нэмсэн үү гэсэн. Би хариуд нь уучлаарай багшаа нэмэх нь битгий хэл хэлж чадахаа байчихаад байна гэсэн. Тэгтэл за тээр, тийм байдаг байхгүй юу гэж хэлсэн юмдаг. Яагаад тэгэж асуув гэхээр намайг дөнгөж согог заслын багш болоход 1979 онд үүдэн шүд хийлгэсэн юм. Тэр үеийн аргаар мост хийсэн. Орчин үетэй бол ялгарах юм байхгүй. Тэр нь 37 жил болсон. Зарим эмч нар гавьяат болоод гавьяатын нэмэгдэл, ардын эмчийн нэмэгдэл, профессор гээд нэмчихдэг. Харин би гавьяат гэх эрхэм цолыг хүртээд бараг хүмүүстээ эмчилгээнийхээ дүнг хэлж чадахгүй болсон шүү. Тэгэхээр миний согог заслын эмчилгээний рекорд 37 жил байхгүй юу. Дээр нь буйл үрэвсээгүй, шүд хөдөлгөөнд ороогүй ямарч хүндрэлгүй, ёстой classic буюу сонгомол юм болсон
Багш болоод...
Тэгээл гажиг заслын тэнхимд багшаар орсноос хойш ерөөсөө л залуучуудын туулдаг замаар л явсан, шал өөр замаар явахгүй шүү дээ. Манай сургууль багш болоод ирэхэд надад нэг үүрэг өгсөн. Тэр нь хамгийн сайн эмч болж байж сайн багш болдог юм гэж. Тиймээс сайн эмч болохын тулд эмчийнхээ ажлыг хийгээд, багш нартаа үзүүлээд, шалгуулаад, дагаж хараад яваад байлаа. Одоо бодоход Монгол улс төлөвлөгөөгөөр, бодлоготой бэлтгэсэн мэргэжилтнүүдийнх нь нэг нь би юм байна гэж ойлгодог. Хөдөө явуулж ажиллуулаад, гадагшаа аспиртантурт явуулаад, докторт явуулаад, бүх шатлалыг дамжуулчихсан, нэгдсэн эмнэлгийн согог заслын эмч, сумын салбарын эрхлэгч, 1-р эмнэлэг дээр анагаахын дээд сургуулийн шүд протезийн тасагт согог заслын эмч, сүүлдээ төв клиникийн эмнэлгийн согог заслын тэнхимийн эрхлэгч, клиникийн удирдагч болж байх жишээтэй.
Шүдний салбарын бүх шатлал дээр ажиллаж үзээд 1995 онд НАСС-ийн декан болж анх ачааг нь үүрэлцэж эхэлсэн. Тэр үед материаллаг бааз муутай, 100 гаруй оюутантай, ихэвчлэн шинэ залуу багш нартай, 3 доктортой байсан. Х.Цолмон багш, Б.Оюунбат багш 1994 онд доктор болоод ирсэн байсан, тэгээд би. Зарим нэг удаан хугацаанд дадлагажсан багш нар байсан. Ингээд харахаар 3 үе харагдаж байгаа юм. Багш нар байна, багш нарын бэлдсэн дунд үе, залуу үе гээд 3 үеийн хэлхээнд энэ нүүр ам судлалын сургууль маань явж байна.
Миний бэлдсэн улсууд бүгд л эрдмийн зэрэг цол хүртсэн. Л.Давааням, Л.Хэнтий, Ж.Үржинлхам, Б.Оюунцэцэг, П.Жавхлан, П.Оюун-Энх багш нар байна, тэгээд зөндөө зөндөө. Эд нар л одоо нүүр ам судлалын сургуулийнхаа ачааг үүрч байна шүү дээ. Г.Ганжаргал, Ж.Билгээ, Г.Ариунтуул байна. Яг л миний нуруун дээрээ үүрч байсан ачааг үүрээд, хуваалцаад явж байна.
Энэ хугацаанд нэг ч албан тушаал дээр би очьё гэж давхисангүй. Заримдаа тушаал гарсан хойно нь мэдэх ч тохиолдол ч байсан. Гэтэл одооны залуучууд болохоор би болно гэж ирээд л, үйлмүүлээд, холион бантанг нь хутгаад байх юм. Тийм тохиолдолд энэ тэндгүй болчихлоо л доо. Энэ нь Монгол улсын боловсон хүчний бодлого алдагдсантай холбоотой. Мөн энэ залуучуудын “амбиц” гэдэг өвчин байна. Корона вирүсээс дутахгүй халдвартай аймшигтай. Нарийхан, жадайсан костюм өмсчихөөд, хар зангиа зүүгээд, жижигхэн цүнх барьчихаад, үсээ хойш нь гельдээд л явж байгаа залуучуудыг хараад гоё байна гэж үзээд тэрийгээ дуурайгаад байгаа нь буруу гэж бодогдох юм. Нэг юмтай очоод найрдаг, аль нэг намын ивээлд орчихсон энэ байдал Монголоо маш хүнд байдалд оруулж байна. Манай НАС-ын салбарт 2010 оноос хойш ийм байдал их болсон. Сүүлдээ хөл толгой нь мэдэгдэхээ больсон.
"НАСС-ийн 2014 оны төгсөгч, Health Sciences University of Hokkaido, Japan Ph.D оюутан Д. Болорцэцэг.: Сурагч ахуйдаа эрдмийн ерөөлт багштайгаа зуун жилийн багш шавь болж дуун жигүүрээр учирсан даа. Түмэн олонд эрүүл сайхан шүд, жаргал дүүрэн инээмсэглэлийг бэлэглэдэг сайхан мэргэжилтэй багш минь хүний төлөө бүх зүрх сэтгэлээ зориулдаг мөнхийн бамбар байж чаддаг. Мэдлэгийн түлхүүр атгуулаад зогсохгүй хүн байх ухааныг өөрөөрөө үлгэрлэдэг үг нь үнэн, үйлс нь ариун, ухаан төгс, хамгийн өгөөмөр хүмүүн юм."
Манай салбар эрт хувьд гарсан гэж яригддаг...
Тухайн үед НАС-ыг толгойлсны үр дүнд 1992 онд өөрөө санаачилж, анх удаа Норовпил багш бид хоёр хувийн эмнэлэг байгуулаад араас шавь нар маань хувийн эмнэлэг байгуулан түрж орж ирсэн. Хувийн эмнэлэг байгуулаад их үнэлэгдсэн. Социализмын үед төлөвлөсөн төлөвлөгөөгөөр материал, тоног төхөөрөмжөөр хангадаг байлаа. Эхлээд хүүхдийн салбар, эх барихын салбар, мэс заслын салбар, дотор гэх энэ том 4 салбараа хангаж байж дараа нь жижиг салбараа хангана гэдэг. Бид нар чинь жижиг. Өөрөөр хэлбэл тэр салбарууд бол динозаврууд манайх бол жижиг гүрвэлийн хэмжээний юм. Тэгэхээр тэнд оногдож байгаа хөрөнгө оруулалт маш бага, ер нь л явахгүй байсан байхгүй юу. Уг нь бодлого нь зөв байсан. Эхлээд Улаанбаатар хотод төв эмнэлгүүдийг шүдний кабинет тасгуудтай болгож, эрүү нүүрний мэс заслын тасгуудтай болгоод, дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр нэгдсэн эрүү нүүрний тасгууд нээж, тэгээд сум дундын эмнэлгүүд дээр нэгдсэн шүдний кабинеттай болгоно гэсэн бодлоготой явж байсан юм. Энэ маш зөв байсан боловч хөрөнгө санхүүгийн хувьд бэхжиж чадаагүй. Яваандаа манай салбарын хувийн эмнэлгүүд нь өөрсдөө нуруун дээрээ улсаас ордог хөрөнгө оруулалтыг үүрч эхэлсэн. Гаднаас тусламж аваад эсвэл өөрсдөө тоног төхөөрөмж олоод маш олон эмнэлгүүд орчин үеийн түвшинд монголчуудад шүд эрүү нүүрний тусламжийг үзүүлсэн. Нэг талаасаа авч үзвэл багш бид хоёр салхийг нь хагалсантай холбоотой гэж үзэж болно. Одоо манай “Эстедент” шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхлээд 28 дахь жил тохиож байна. Тухайн үеийн сайдын тушаал байдаг, Н.Пүрэвжав эмч “Эстедент” эмнэлэг байгуулаад, Ц.Норовпил багш “Арона” эмнэлэг байгуулаад, Ш.Нацагдорж Мамбадацан эмнэлэг байгуулаад, Л.Хүрэлбаатар Монос эмийн сан байгуулаад маш сайн ажиллаж байгаа юм байна гэж тэргүүлээд явж байгаа хэдийгээ дурьдаад тушаал гаргасан байдаг.
Энэ хугацаанд таны баримталж явдаг байсан зарчим гэвэл юу вэ?
Миний баримталдаг зарчим гэвэл ерөөсөө л аливаа асуудалд бодитой, зөв байр сууриас л хандахыг эрмэлзэж ирсэн. Жишээлбэл тэнхим дээрээ зэргийн шалгалт авч байхад би хөдөөнөөс ирсэн эмч нараа оруулаад яг хүн үзүүлээд оношыг нь тавиулаад эмчилгээг нь хийлгээд дүнгийг нь тавьдаг байлаа, тэгтэл манай зарим нөхдүүд ингэхгүйгээр шууд дүнгийг нь тавиад явуулж байна. Арын хаалгадаж байна. Энэ чинь шудрага зүйл мөн үү, ийм юманд л би дургүй. Хүнд хэрэггүй зүйл. Наана нь бид чинь шалгалтаа авч үнэнийг нь хэлж чи тэрэн дээрээ чи алдсан гэж улалзуулаад дүнгийг нь тавина, гэхдээ шавь нарыгаа дэмжиж байсан болохоос хойш нь татаж байгаагүй. Ийм л бодлого бариад явж байлаа шүү дээ
Дараагийн миний дээдэлдэг зарчим байна өвөг дээдсийн уламжлалыг яс барина. Өвөө юу гэж сургасан, аав юу гэж сургасан, Чингис хаан өвөг дээдэс тэдний дараачийн үе биднийг өдийг хүртэл юу гэж сургасан яг тэр л зарчмыг чанд барина. Монголыг монголоор нь үлдээх юм чинь энэ л байх.
Монгол улсад шүдний өвчлөл буурахгүй байгаа нь юундаа байна? Шүдний эмч нар бид нар энэн дээр хэрхэн анхаарвал зүгээр вэ?
Монгол Улсад 1974 онд Д.Сэлээ багшийг докторын зэрэг хамгаалахад шүдний өвчлөл 64% байсан, Ц.Норовпил багшийг 1983 онд докторын зэрэг хамгаалахад хүүхдүүдийн дундах шүдний тулгуур эдийн өвчлөл 60% орчим, Х.Цолмон багшийг 1984 онд Монгол хүүхдийн шүд эрүү нүүрний эрүүл эмгэг төлөв гэдгээр докторын зэрэг хамгаалахад шүдний эрүү нүүрний гажиг бас 60% хувьтай байсан байх. Тэгээд 1995 онд шинэ ажил хүлээгээд авахад шүд цоорлын өвчин 80-аад хувь руу орж ихэссэн, гажиг, шүдний тойрон эдийн эмгэг ч бас ихэссэн байж таарна. Хүүхдийн шүд шүдлэж чадахаа байсан, шүд эрүү нүүрний гажиг маш их болсон, үүнтэй холбоотой шүд тойрон эдийн өөрчлөлт их болсон. 1998 онд Амны хөндийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр гэж боловсруулаад засгийн газраар оруулаад Ерөнхий сайд Ж.Наранцацралт байхад баталгаажуулж байсан. Хөтөлбөрийн хувьд маш сайн, хүүхдийн Цэцэгдарь эмч, манай НАСС-ийн шавь нар, Финляандын Сала гэдэг эмчтэй хамтраад хийж байсан юм. Гэхдээ хөтөлбөр нэг л олон улсын юм яриад, хөрсөн дээр буухгүй хэсэг явсан, сүүлдээ яаман дээр аваад Монголын уламжлалт арга, цагаан идээ сүү тараг ааруул дээрээ тулгуурлаад хүүхдийн шүдийг эрүүлжүүлж болно гэсэн анхны үндэсний маш гоё хөтөлбөрийг боловсруулсан. Засгийн газраар хөтөлбөрөө батлуулаад тэрийгээ 4, 5 жил мөрдөөд шүдний өвчлөл буураагүй. Тэр хөтөлбөрийг гаргасан явдал маш сайн болсон боловч хөтөлбөрт нэг ч мөнгө өгөөгүй. Тухайн үедээ эрүүл мэндийн систем бол хөтөлбөр гаргадаг нэг тийм моодтой болчихсон байлаа. Бүх юм хөтөлбөртэй болоод барахаа байгаад зарим нь дэд хөтөлбөртэй болсон. Гэвэл тэр олон хөтөлбөрийн санхүүжилт байхгүй.
Ингээд болоогүй тул Улаанбаатар хотын засаг дарга М. Энхболд байхад хотод зориулсан хөтөлбөр зохиож хэрэгжүүлэхээр болж 10 сая төгрөгийг хотоос гаргаад шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв дээр ам угаадаг амны эрүүл ахуйн тасаг байгуулж байлаа. Энэхүү тасгийн зорилго нь орж ирсэн хүн болгонд ам зөв угаахыг заана, амны эрүүл ахуйн хэрэгслийг сурталчилна, дундуур нь хөөрхөн борлуулалт хийнэ. Хүн болгоны амыг угаагаад бусад үзлэгт оруулахаар халдвар хамгааллын дэглэм эрс сайжирч байгаа юм. Ам угаалгүй шүдээ үзүүлэхээр шүдний цоорхой дотор байсан нян бактер, бохирдол агаар дуслын замаар түргэн эргэлтийн машинаар цэвэрлэх үед тарж нэг метр куб агаарт байх ёстой микробын тоо өсдөг. Анагаахын дээд сургуулийн оюутнуудын сургалтын хөтөлбөрийг уялдуулан боловсронгуй болгож, хичээлийн цагийг ихэсгээд тухайн үедээ хэрэгжихгүй, хүмүүсийн сайн анхаарлын төвд орохгүй байсан зүйлсийн хэрэгжүүлээд эхэлсэн.
Монгол Улс анх удаа Д.Сарангэрэл сайдын үед хүүхдүүдийн шүдийг эмчилж эрүүлжүүлэхэд зориулж жилд 240 орчим сая төгрөг төсөвлөсөн. Яг ийм байдлаар бид нар улсынхаа шүдний асуудлыг шийдэж болно. Мөн шүдийг цооруулалгүйгээр сайн угаалгаж эрүүлжүүлээд урьдчилан сэргийлэх аргыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрчихөөд байна. Үүнийг монгол улс хэрэгжүүлэхгүй явж ирлээ л дээ.
2000 оны үед Тайваны шүдний холбоотой хамтраад Монголын шүдний холбооны зүгээс 10 жилийн 6 сургуульд шүдний урьдчилан сэргийлэх кабинет байгуулаад шүд угаалгасан байхгүй юу. Гэтэл ер тоогдолгүй, багш нар ажил хэрэг болгохгүй орхисон. Дараа нь 2001 онд Ховдод 10 жилийн 6 сургууль дээр кабинет байгуулалгүйгээр ам угаадаг өдөр бий болгосон. Өдөр болгон хүүхэд сургууль дээрээ ирээд угаана, хоолоо идчихээд угаана. Бүгд жижиг хайрцагтай тэр нь оотой, сойзтой, багш нь саваар ус авчирч өгнө, шүдээ угаана. Ингээд 3 жил хэрэгжсэн. Үр дүнг бүр сайн болгох гэж Б.Оюунцэцэг бид хэд хэд очсон. Гол нь үр дүнг нь хянаж чадаагүй. Гэтэл саяхан сонирхолтой ч юм шиг нэг зүйл тохиолдсон. Дуудлагын таксигаар гэртээ цохиж явав. Машин барьж явсан хүүгээс “нутаг ус хаана вэ” гэсэн чинь Ховд аймаг гэнэ. Хэддүгээр арван жил вэ гэх мэтээр цааш нь лавшруулаад асуугаад байсан чинь яг нөгөө миний шүд угаалгаж байсан хүү байсан. 20 жилийн дараа оюутан болоод хотод ирсэн байгаа юм. Тэгээд одоо шүд яаж байна гэхэд миний шүд цоороогүй шүү дээ гэнэ. Тэр эмч та юм уу таньд баярлалаа гэсэн. Гоё тохиолдол байгаа биз. Тэгэхээр энэ л шүдээ угаадаг арга мөнгө зарахгүй амар зүйл юм. Хүмүүст дадал зуршил л хэрэгтэй. Өдөрт 3, 4 удаа угаачихдаг, хоол идчихээд угаачихдаг тийм л байвал болох гээд байна.
Эмнэл зүйд тохиолдож байсан хамгийн хүнд тохиолдолоосоо хуваалцаач?
Над дээр ер нь ихэвчлэн клиникийн хүнд тохиолдлууд л ирдэг. Шүдний эгнээний согогтой, хоёрдогч диформаци болчихсон, буруу зуулттай, хатуу зөөлөн эдийн эмгэг элэгдэлтэй, эрүүний үений өөрчлөлттэй гээд 5 зүйл хавсарсан тийм л хүнийг үзэж байна. Шавь нартайгаа цуг хагалгаанд орно, шүдний төв дээр бас хагалгаа хийнэ. Эмийн эмчилгээ, физик эмчилгээ зэрэг хавсарна. Нэг ийм болсон өвчтөн дээр эмчилгээ хийтэл тэр хүн маань уйлж байсан. Би насан туршдаа ийм явсан гээд. Бас ерээд онд эрүү нүүрний хүнд гажигтай хүнд хоншоорыг нь 5см нааш салгаад дунд нь яс хавчуулаад хийж байсан тохиолдол бий. Компьютер томографи нэвтрээгүй, телерентген зургийн хажуугаас авах аргыг ашиглаад хийж байсан. Хэдэн жилийн өмнө байх, 13 настай нэг охин 6 давхраас унаад гэмтлийн эмнэлэг дээр Б.Баасанжав гээд мундаг эмчээр хагалгаа хийлгээд хачин сайхан хадуулаад над дээр ирсэн юм. Шүднүүд нөхөх, зуулт тэгшлэх гэх мэт асуудлууд байсан. Тэгээд хамгийн гол нь эрүүний ясны томордог цэг гэж байдаг. Хөндлөн болон босоо чиглэлээр томорно. Тэр хэсэг нь гэмтээгүй байсан тул эрүүний ясны урагшаа дагуу чиглэлд өсөх хөдөлгөөнийг саатуулахааргүй хөдөлгөөнтэй шүд хийсэн. Тэр зун нь Солонгосоос эмч нар ирээд тэр охин үзүүлтэл нөгөөдүүл нь Монголд ийм эмч байдаг юм уу гэж гайхсан гэж шавь маань хэлж билээ. Янз бүрийн хүнд тохиолдлуудын талаар миний номондоо бичсэн.
Одоо харин туршиж үзмээр санагдаж байгаа нэг зүйл байгаа нь Пүрэвжав багш гараараа согог заслын эмчилгээ хийлээ, тэгээд тэрийгээ жишээлбэл И.Басхүүгийнхээ эмнэлэг дээр өгөөд компьютер дээр дижиталаар тооцоолж хийлгээд хоорондын ялгааг нь харьцуулж харж үзмээр байна. Мэдээж туршлага, оюун ухаанаар гаргаж хийж байгаа зүйл илүү байх болов уу гэж би үзэж байгаа юм.
Та хэдэн ном бичсэн бэ? одоо ямар номон дээр ажиллаж байна?
Одоо энэ номоо бол тэнхимдээ хүлээлгээд өгч байгаа. Нүүр амны согог гажиг заслын эмнэл зүй гэсэн том шар ном. Нийт 5 удаа хэвлэгдсэн байна. Нийт бичсэн номоо бол тоолж үзээгүй. 20 гаруй ном байх шиг байна. Хамгийн том нь 50 гаруй хэвлэлийн хуудас ном бий. Одоогоор нүүр ам судлалын түүх гээд жаахан юм бичиж байгаа.
Мөн номыг эргүүлээд харвал багшийнх нь хэлэх дуртай үг бий:
Нарны гэрэл хурц болоход үүлгүй бол нэн сайхан
Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайхан /Д. Данзаравжаа/
"Бумаа санаа эмнэлгийн захирал, клиникийн профессор Ц. Лхагвасүрэн:
Багш маань бүх хүнийг нэрээр нь дуудаж, хүндэлж, урам дэм өгсөн нөхөрсөг яриа өрнүүлдэг нь шавь бид нарт их дотно санагддаг.
Монгол ёс заншил, түүх соёлоо хүндэтгэн дээдэлдэг нь шүлэг зохиолд нь тод тусгагдсан байдаг ба үг яриа байгаа байдлаараа хойч үедээ үлгэр дууриалал болдог.
Пүрэвжав багшийн харилцахад энгийн, төлөв түвшин, уужуу тайван зан нь хүү П.Зөнбилэгтээс нь харагддаг."
Шүдний эмнэлгүүд олширч байгаад та ямар байр суурьтай байдаг вэ?
Шүүмжлэлтэй байна. Хий дэмий шүүмжлээд хэрэг байхгүй, энэ чинь буруу болсныг нь би мэдээд байгаа юм чинь. 2005 оны үеэс байх, төрийн бус байгууллагын хууль гэдэг юм гарсан. Тэрүүгээр хувийн эмнэлэг байгуулж байгаа зөвшөөрөл өгдөг комисст нь мэргэжлийн хүмүүсийг нь оруулахгүй мэргэжлийн бус хүмүүс орж сууж байгаад зөвшөөрөл өгдөг болсон юм. Их Хурлынханы хийсэн буруу ажил байхгүй юу. Тэрнээс болоод хувийн эмнэлэг байгуулж байгаа хүмүүсээ хянаж чадахаа больсон. Шүд эрүү нүүрний төв хариуцдаг байх үед би захирлаар ажиллаж байсан юм. Тусдаа дэвтэртэй, би чинь тэрийгээ танилцуулдаг байлаа. Шалгуур нь нэгдүгээрт мэргэжилээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх, хоёрдугаарт мэдлэг мэргэжилээ дээшлүүлсэн байх, гуравдугаарт эмнэлэг байгуулах гэж буй байрыг нь үзнэ, өрөөний гэрэлтүүлгийн коэффицентийг харна, дөрөвдүгээрт тоног төхөөрөмжийг шалгана, тавдугаарт хэрэглэж буй эм, бодис, материалыг үздэг байлаа. Одоо хамаагүй болсон тул шал өөр мэргэжилийн хүмүүс эмнэлэг байгуулж байна. Энэ нь их буруу байгаа юм.
Ер нь монгол хүнийг монгол эмч л үзэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Монгол хүний шүд эрүү нүүрний систем Европ, Азиас шал өөр ондоо шүү дээ. Солонгос хүний шүдний эрүү нүүрний систем Япон хүнийхтэй адилхан тэгэхээр чадахгүй яах юм гэх үзэл худал, шал өөр байдаг юм.
Олон эмнэлэг байгуулсан нь намайг хохироож байгаа байхгүй юу. Миний шавь нар чинь намайг 2 удаа дампууруулсан шүү. 1994 онд 55 настай эмэгтэй 60 настай эрэгтэйд 5 жилд нэг удаа хиймэл шүд үнэ төлбөргүй улсаас хийдэг тийм дэмжлэгийг багш нь санаачилж Засгийн газрын тогтоол гаргуулсан юм. Ингээд Пүрэвжав багш чинь ганцаараа Баянгол дүүрэгт эмнэлэгтэй байлаа, тэгтэл намайг тойроод миний шавь нар маань эмнэлэг байгуулаад нөгөө халамжийн хүмүүсийг түүж аваад над руу явуулахгүй болгосон. Сүүлд манай эмнэлгийн хаяаг дараад нэг нөхөр манайхыг дампууруулах гээд ирчихсэн байгаа. Гэхдээ манай эмнэлэг тасралтгүй 28 жил явж байгаа гээд овойж оцойгоод аймаар болоод хөгжөөд байшин барьсан юм байхгүй, бүр жижигхэн арай биш, 3 өрөөтэй цэвэрхэн эмнэлэг байгаа. Ажлынхаа бус цагаар үйл ажиллагаа явуулаад, багшид нь үзүүлье гэсэн улсуудаа үзээд л явж байна.
Шүдний эмнэлгүүдийн тухайд төр хяналтаа сайжруулж, тодорхой газар зүйн байршлаар нь сургууль, цэцэрлэг, орон сууц, хүн ам зэргийг бодож тогтоогоод яг энэ талбайд нэг л шүдний эмнэлэг байх ёстой гэж тодорхойлж журам, дүрэмтэй явбал зүгээр санагддаг. Тэгвэл тэр эмнэлэг сайн ахиллана. Хэрвээ бид нар өөрсдөө хийнэ гэвэл Япон маягийн якузагийн хэлбэрээр хийнэ шүү дээ. Би Баянзүрх дүүргийн якуза болоод бусад эмнэлгүүдийг хаагаад дарамтлаад, татвар аваад, чадахгүй бол болиулаад л явах байх. Төр чадахгүй байгаа юм чинь бараг ийм системд орох хэрэгтэй болсон байж магадгүй шүү. /Инээв/
Монгол Улсын анхны хувийн шүдний эмнэлэг сая нэг хаагдах шахлаа даа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас ирж хаана гэж дайрдаг юм байна. Тэгээд би хэлсэн л дээ болиорой, наадах чинь Монгол улсын анхны эмнэлэг шүү та нар хаах нь битгий хэл баяр хүргээд, үлгэр жишээ болгоод урамшуулах хэрэгтэй, анхны гээд хайрлах хэрэгтэй биз дээ гэсэн л дээ. Яасан бэ гэсэн чинь танай энэ байр чинь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй гэв. Энэ мэтээр дарамтлаад байдаг.
Шүдний сургуулийн тал дээр ямар байр суурьтай байна?
2017 онд Төрийн ордонд шүдний эмч нарын хурал хийсэн юм. Тэрэн дээр би яг энэ чиглэлээр Шүдний салбарын боловсон хүчний хэрэглээ шаардлага гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Жилд нийт 5 сургуулийг 800 шүдний эмч төгсөх гээд байна. Гэтэл дэлхий дээр нэг шүдний эмчид 4500 орчим хүнээр бодож эмч бэлтгэдэг юм байна. Манайд бүр доошоо орж 2000-2500 болсон. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр монголын шүдний тусламж үйлчилгээ дампуурах гэж байна. Мэргэжилтнийг бэлдэх тал дээр Боловсролын яам бодлого, эрүүл мэндийн яамны бодлого алга байна.
Л.Гантөмөр сайдын үед бүх дээд сургуулийг их сургууль болгосон. Энэ бол Монголын боловсролын системд хийсэн маш том эвгүй, буруу зохион байгуулалт болсон. Тодорхой статустай, шалгууртай байж гэмээнэ их сургууль болно. Үгүй шүү, байхгүй. Боловсрлын яам ийм бодлого бариад яам нэртэйгээр өөрөө дээд боловсролынхоо системийг дампууруулж байна. Энэ үнэхээр харамсалтай юм болсон.
Нэг удаа тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байх үед сургуульд тэнхимийн эрхлэгчдийн зөвлөгөөн дээр боловсролын яам эрүүл мэндийн яам хоёр зөв шийдвэр гаргалаа гээд л ярьж байсан. Тэр нь анагаахын дээд сургуульд жилд 300 хүн л элсүүлснэ, тэрнээс цааш элсүүлэхгүй гэсэн хатуу шугам тавьж өглөө. Би гайхаж байгаа юм чинь оюутнуудынхаа төлбөрөөр санхүүждэг байгууллага, төрөөс татаас байхгүй, оюутан олон элсүүлвэл бид нар цалингаа авна гэсэн үг, цөөхөн элсүүлвэл бидний цалин ямар нэгэн байдлаар хумигдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл оюутнууд чинь миний дарга болчихсон байхгүй юу. Намайг цалинжуулна. Тэгээд би төлбөрөө төлөхгүй шүү гэвэл би таг болно шүү дээ. Аль аль талаасаа дампуу зүйл л дээ. Ямар учиртай юм бол гэтэл тухайн үед сайд байсан хүн өөрөө цаанаа хувийн сургууль байгуулаад байжээ. Оноогоор жагсаагаад л Анагаахын дээд сургуульд орж чадаагүй нь тэр сургууль руу явах нь байна л даа. Энийг бусад маань мэдсэн үгүйг нь мэдэхгүй ч би бол ойлгосон. Ер нь ийм л юм хийж явдаг байхгүй юу. Одоо олон хувийн сургуулиуд шүдний ангиар элсэлт авдаг болчихсон. Манай тэтгэвэрт сууж байгаа багш нарыг авчихсан. Сургууль маань тэтгэвэрт гарч байгаа багш нар, потенциалтай улсуудаа хувь руу алдаад байна гэж би харж байна. Болж өгвөл тэтгэвэрт гарсан хэдэн профессоруудаараа лекц уншуулаад, зөвлөгөө аваад сургуульд хадгалаад ашиглаж байх хэрэгтэй. Манай сургууль эвтэй найртай зохион байгуулалттай, оюутнууд нь маш их чармайлттай байж гэмээнэ мэдлэг боловсролоороо 800 хүний дотор өрсөлдөж гарч юм ирэхгүй бол бүгдээрээ цуг дампуурна шүү.
Манай салбарт одоо юу дутагдаж байгаа вэ?
Эрүүл мэндийн яаманд шүдний тусламжийг хариуцсан тасаг, хэсэг гэж байхгүй. Улаанбаатар хот, аймгуудад хийгдэж байгаа шүдний тусламж үйлчилгээ, үзлэгийн тоо баримтыг нэгтгэж статистик боловсруулалтанд оруулах ажлыг хийдэг, удирдан зохион байгуулдаг хүн газар байхгүй байна. Ерөөсөө л манай хэдэн шавь нар бор зүрхээрээ мэргэжилдээ дуртайдаа, хайртайдаа энэ албыг хөдөлгөж чирж яваа, ийм л байна.
Манайх эмч багш гэдэг хосолмол мэргэжилтнүүдтэй, үүний сайн тал юу вэ?
Манай шүдний мэргэжлийн эмчилгээний үр дүн жаахан удаж байж гардаг. Гэхдээ өвчтөний аманд нөгөө шүдэлбэр суулгаад юм идэхэд сайхан зажилдаг болж, шүдний эгнээ зуултын гажиг нь арилаад ямар нэг асуудалгүй болоод баярлаад инээмсэглэж байхыг харах үнэхээр сэтгэл хөдөлгөм гоё байдаг.
Энэ 60 жилийн түүхэнд манай НАС-ын салбарт эмчилгээний 4, 5 арга гарч ард түмний хүртээл болсон юм байна. Миний хүслээр болдог бол төрийн шагнал өгөхөд ч болохоор ийм бүтээлүүд гарсан байна. Жишээлбэл амны хөндийн салст бүрхэвчийн эмгэг, буйлны тойрон эдийн салстын үрэвслийн эмгэг өвчлөлийг эмчилдэг 2, 3 мундаг бэлдмэл гарсан байна. Ц.Норовпил багш, н.Хайдав гуай нарын зохион бүтээсэн. Монгол орны эмийн ургамал дээр түшиглэсэн сонгомол гоё арга болсон.
Дараа нь бүрэн шүдгүйдлийн согог заслын эмчилгээ гэж багшийх нь боловсруулсан арга бий. Монгол хүний шүд эрүү нүүрний системийг бүрэн бүтэн болгоод, ярьдаг, инээдэг, гоо сайханы зажлах үйлийн хэл яриаг нь бүрэн сэргээх аргыг боловсруулаад 31жил эмчилгээнд ашиглаад явж байна.
Мөн манай Г.Аянга болон хамтрагч нарын боловсруулсан тагнайн сэтэрхийтэй хүүхдийн тагнайг мэсийн аргаар битүүлж эмчлэх монгол арга байна. Манай Н.Оюун багшийн хийж байгаа тагнайн ортоганатик мэс засал бас орох байх шүү. Уг нь манай Л.Мөнгөнцэцэгийн боловсруулсан, шүдний цоорлоос урьдчилан сэргийлдэг ортодент гээд бэлдмэл хийсэн. Тэрүүгээр амаа зайлаад, арчиж угаагаал байвал шүдний цоорол бэхжээд цаашаа гүнзгийрэхгүй байх боломжтой тийм бодис хийсэн. Одоо нэвтэрсэн үү нэвтрээгүй юу би сайн мэдэхгүй л байна. Энэ мэтээр Монгол улсад 60 жилийн хугацаанд үнэхээр сонгомол эмчилгээ болтлоо нэвтэрсэн лав таван арга байна. Өөр байж магадгүй би мартсан бол манай шавь нар гомдохгүй биз.
Эмчийн мэргэжлийн сайхан нь гэвэл хоёрдугаарт өвчтөн эмчээсээ урвадаггүй. Нэг ирээд л үзүүлсэн бол хэзээ ч, хаана ч явсан таниад, олж ирээд үзүүлээд явдаг. Нэг сонин тохиолдол байлаа. Хөвсгөл аймгийн хязгаарын цэгийн офицер харуул солих гээд цэргүүдтэйгээ явж байж. Цэргүүд нь нилээд түрүүлээд явчихсан офицер араас нь зайтай явж байтал улайссан баавгай гарч ирсэн байгаа юм. Шоргоолжны альдегид идсэн байсан юм уу даа, согтдог гэж байгаа юм. Офицер ташаанд дахь буугаа бушуухан гаргаж ирээд, орилоод буудсан байна. Гэтэл санаандгүй тохиолдлоор баавгай цохих үедээ аманд нь савраа оруулж таараад тагнай нүүрийг хойш тэр чигт нь хуулаад хаячихаж. Ингээд ухаан алдчихсан аж. Буун дуу сонссон цэргүүд буцаж иртэл ойр хавьд нь баахан мөчир хугарчихсан, офицер нь нил цус болчихсон хэвтэж байсан гэж байгаа юм. Шууд арга хэмжээ авч нисдэг тэрэг явуулаад Улаанбаатард авчирж, манай дээр ирүүлсэн. Хэнтий багш бид хэд үзээд нүүр ам шүдийг маш гоё бүрэн бүтэн болгоод явуулсан. 1994 онд байх. Тэгээд шүдний төв дээр 4 жилийн өмнө зөвлөгөө өгөөд байж байсан чинь нөгөөх эр ирсэн. Шүд амаа дахиж нэг үзүүлээд дахиж гоё болоод явсан. Нулимс нь гарч байх шиг харагдсан. Үзүүлсэн өвчтөн бол эмчээсээ хэзээ ч урвадгүй тийм сайхан чанартай нь эмч хүний жаргал юм даа.
Харин багшийн мэргэжил гэдэг үнэхээр хүнд. Оюун ухаанаа маш ихээр цэнэглэж байж хүнд мэдлэг олгоно. Болсон болоогүй юм хэлж байгаа хүнийг багш гэхгүй шүү дээ. Гүн гүнзгий утга агуулгатай зүйлийг тархинд нь хэзээ ч мартхааргүй суулгаж чаддаг тэр хүнийг л багш гэнэ. Би бол муу багш байхгүй юу, тархинд юм суулгаж чадахгүй маханд нь суулгаад байгаа юм. Жавтий хүртээгээд байгаа. Зүгээр ингээд харж байхад их сайхан юм олон хүнд ном заагаад сэтгэл баяслаа гэтэл тэр дотроос тэр хүний номыг өвлөөд явч байгаа нь хэд билээ ажил амьдралаа бодоод хэрэгжүүлж байгаа нь хэд билээ гээд бодохоор багшийн мэргэжил бол маш хүнд санагддаг.
Саяхан нэг резидент эмч төгсөх үед гаргаад сэтгэгдэл асуутал “Би зөндөө жавтий хүртэж байсан, сайхан байдаг юм, багшийн хэлж байгаа зүйлийн цаад бодол дан бидний төлөө байдаг, тийм учраас би үнэхээр баярлаж явдаг” гэж хэлсэн. Тэгээд надад энэ хүүхдүүд бол хүний хандлагыг ёстой аймар дүгнэдэг юм байна, гагцхүү гаргахгүйл яваад байдаг болохоос биш гэж санагдаад байгаа.
Эмчийн мэргэжилээр сурч буй залуу мэргэжилтнүүдэд өгөх зөвлөгөө таньд зөндөө байгаа даа?
Манай оюутнууд надад баярлаж хэрэггүй та нар энэ мэргэжилд баярла, сайхан мэргэжилдээ залбирч адис ав, энэ сайхан сургуульдаа мөргөж залбирч бай. Ингээд та нарын бодож санасан бүх зүйл чинь сайхан сэтгэлчлэн бүтнэ.
За энэ сургуульд аав ээж өвөө шахсаар байгаад ийм мэргэжил эзэмшүүлж байна эсвэл би одоо өдөр шөнөгүй суугаад алаад өгнөө гэхээсээ илүү энэ олон жилийн түүхтэй сургуульд ороод ирлээ, эрдэм номыг нь олон үе дамжаад, хүмүүс эзэмшээд гарсан өргөө байна, ядаж агаараас нь, эрдэм шингэсэн хананаас нь жаахан авшигийг нь хүртэх юмсан гэсэн өнцөгөөс хараарай. Энэ чинь цаанаа сэтгэл зүйн бэлтгэл яваад байгаа юм. Тухайн хүн оюунаа засаж байна шүү дээ. Тэгээд ийм бодолтой ороход надад багшийн хэлж байгаа зүйлийн 100% биш юмаа гэхэд 20% үлдэх юм байна гэж болох.
Ийм л юм. Үүнээс биш чи сайн унш, битгий хичээл тасла гэвэл цаадуул чинь тоохгүй шүү. Энэ мэргэжил гэдэг үнэхээр агуу юм. Хүний шүд эрүү нүүрний системийн зүй тогтлыг ухаж ухаараад мэдээд, тэр эрхтэн систем хөгжилд тохирсон оношилгоо эмчилгээ хийнэ гэдэг энэ чадварыг эзэмшихэд л болж байна. Би олон зүйл уншлаа, олон хүн үзлээ, гэвч эцсийн эцэст Монгол хүнд шүд эрүү нүүрний согог гажиг заслын эмчилгээ хийх арга нь номон дээр байдаггүй юм байна. Тухайн хүний өөрийн нь шүд эрүү нүүрний систем дотор нь өөрт нь хадгалагдаж байдаг юм байна. Тэрийг л эмч соргогоор олж таньж хардаг болох хэрэгтэй, тэгэж байж сайн эмч болдог юм байна.
"Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, АУ-ны магистр Б. Гантөмөр “Ухаан заасан багш минь...” /Дурсамж/
Хүн амьдралдаа хийдэг хариуцлагатай, цөөн сонголтын нэг бол мэргэжлээ сонгох. Үүнээс гадна сонгосон мэргэжилдээ үлгэрлэн дуурайх, загварчлан дагах хүндэтгэх хүнээ олох нь чухал гэж би боддог. Миний хувьд сонгосон мэргэжлийн минь хөтөч, багш Н. Пүрэвжав юм. Оюутан цагийн анхны хичээлээс нь л мэргэжлийн хүндэтгэл, даган дуурайх хүсэл эрмэлзэлийг авч үлдсэн билээ. Энэ ч утгаараа хожим магистрын ажлын удирдагч багшаа болгосон. Дөнгөж оюутны ширээнээс төгсөөд, тэр тусмаа анагаахын салбарт шууд магистрант болоход хэцүү, мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө. Багш бид хоёрын сонгож авсан сэдэв ч амаргүй. ( “Монгол улс дахь нүүр амны тусламжийн үүсэл хөгжлийн үечлэлийг тодорхойлсон байдал” ). Энэ сонголт одоо бодоход хүндээс хөнгөн рүү эргэхэд хялбар гэдгийг тооцож, мэргэжлийн хувьд хат, мэдлэг суулгаж асан багш таны ухаан байжээ. Уг сэдвийг энэ салбарын хөгжлийн амьд түүх, оролцогч, гэрч болсон. Таниас өөр хүн хөтлөн боловсруулж, хүнд шингээнэ гэдэг хялбаргүй байсан болов уу. Би МУИС-ын номын санд, монгол бичгээр бичсэн сайдын тушаал, шийдвэр гэх мэт баримт дунд өнжиж, хэрэгтэй зүйл олдвол багшдаа үзүүлж, зөвөлгөө, заавар авсаар багагүй, бас амаргүй хугацааг хамтдаа өнгөрүүлж, ард нь гарч чадсан. Багшийнх лагерьт байдаг. “Шаргаморьт”-ын автобусаар багшийндаа очиход Хөвсгөлд гэртээ очиж байгаа мэт сайхан байдагсан.
Багшийг ажил дээр харахад сүрдмээр, жийрхмээр санагдаад байдаг. Харин гэртээ байхдааханхайгаад нутгийн нуруу болсон сайхан буурай мэт налайж байдаг. “-За одоо оройтлоо, яв даа” гээд л гаргаж өгдөгсөн. Тухайн үед анзаардаггүй байж, “-Би чадахгүй нь ээ” гээд халирах мөчид аргадаж, аашлахыг хослуулан чиглүүлж, аливааг даваад гарах нь амьдралын ухаан, хат, аз жаргалд дөтлөх нэгэн гишгүүр гэдгийг бага багаар цогцлуулан ойлгуулж байжээ гэдгийг шавь нь өдгөө ажил, хөдөлмөр, амьдралын талбар дээрээс ухаарч сууна... "
Ярилцсан Shud MN редактор, нүүр амны их эмч П. Очирхэрлэн
Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.