Ярилцагын буланд гажиг заслын мэргэжилээр мэргэшсэн эмчийг удаан хугацаанд хайсны эцэст бид “Dental Art” шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг эмчийг урилаа. Тэрбээр “Orthodent” эрүү нүүрний гажиг заслын төвөөс ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд одоо Монголд цөөхөн тооцогдох гажиг заслаар дагнасан эмнэлэг байгуулан ажиллаж байна. Зорилготой, тууштай эмчийн жишиг болсон түүний ярианаас уншигчид маань олон сонирхолтой зүйлсийг ойлгох болов уу.
Эмч нарын нэр цууриатаж, сайтын минь сав дүүрсээр.
Ямар чиглэлээр мэргэшсэн бэ?
ЭМШУИС-ийг Нүүр амны их эмч мэргэжилээр 2007 онд төгссөн.
Гажиг заслын эмчээр мэргэших төлөвлөгөөтэй байсан тул “Orthodent” эрүү нүүрний гажиг заслын төвд орсон. Япон, солонгос багш нараар удирдуулсан нарийн систем, хөтөлбөртэй сургалтууд зохион байгуулагддаг тухайн үедээ сор газар байлаа.
Тэгээд эмнэлэг маань дахин нэг салбар нээхээр болж “NEI”-шүдний гажиг засал, имплантын эмнэлэг нээгдсэн. Шинэ эмнэлгийн баг болж нийтдээ 10 гаруй жил ажиллаад цаашид өөрийнхөө эмнэлгийг нээж ажиллуулья гэж зориг шулуудан ‘’Dental Art’’шүдний эмнэлгийг байгуулсан.
Таны ажлын арга барил ер нь юу гэж боддог вэ?
За хэд хэдэн зүйлийг дурдъя. Нэгдүгээрт, ямарваа нэг ажил олон алхамаас бүрдэнэ. Зөв алхам, зөв алхам, зөв алхам, тэгээд эцсийн үр дүн зөв. Зөв алхам, буруу алхам, зөв алхам, буруу... гэж байхгүй, анхнаас нь шат болгоноо зөв хийхийг боддог.
Хоёрдугаарт, цаг төлөвлөлт. Гажиг заслын эмчийн хувьд цаг төлөвлөлт маш чухал. Өнөөдөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгч маань сарын дараа дараагийн цагаа авдаг. Тэгэхээр миний үзлэгийн төлөвлөгөө 1, 2 заримдаа бүр 3 сарын өмнөөс гарчихсан байдаг. Тэрийг нь дагаад хувийн ажлаа дор хаяж хоёр сарын өмнөөс эхэлж төлөвлөдөг. Нэгэнт тавигдсан цагийг урьдчилаад цуцлах эрх надад байхгүй. Энэ бол гажиг заслын салбарын бас нэг онцлог.
Гуравдугаарт, хамгийн чухал нь багийн ажиллагаа. Онцолж хэлэхэд сувилагч бол миний биеийн тал гэсэн үг. Бусад газруудад нэг тийм асуудал бий. Сувилагч гэхээр дунд мэргэжилтэй юм шиг, эмч гэхээр тэнгэрийн хүн шиг байдаг. Манайд бол тийм зүйл байхгүй, бүгд тэгш эрхтэй. Үүрэг нь өөр өөр байгаа болохоос хүн гэдэг утгаараа бүгд яг ижил түвшний хүмүүс, өмнөө оногдсон үүргээ биелүүлээд дараагийн хүндээ хүлээлгэж өгөх энэ бол багийн ажиллагаа. Багийн ажиллагаа маш их цаг хэмнэж, стрессгүй ажиллах боломж олгодог.
Ta яагаад гажиг заслын эмч мэргэжлийг сонгов?
Анх ЭМШУИС-ийн НАСС-д 1-р курсээ төгсөөд миний сонирхол биш санагдаад сургуулиа хаяхаар хүртэл шийдэж байлаа. Тэгсэн ч сургуулиа төгссөн. Согог заслын эмч гэхээр шүдэлбэр, мэс заслын эмч гэхээр хурц иртэй багаж арай аюултай санагдаад нэг л санаанд буухгүй байсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь гажиг заслын эмч гэж үзээд энэ чиглэлийг сонгосон.
Суралцаад явж байхад энэ чиглэл маань яг шатрын нүүдэл шиг хамгийн их бодуулдаг салбар гэдгийг мэдрээд гажиг засалдаа улам дурлах болсондоо. Жишээ нь: гажгийн тохиолдол бүр дахин давтагдахгүй өөр өөр байдаг. Эмчилгээ хийх үед өнөөдөр энэ шүдийг татахад сарын дараа тэнд очно, тэгснээр сарын дараа энэ шүдийг эргүүлнэ тэгээд ахиад сарын дараа 1мм доошлуулна гэх мэт цаашдын хийгдэх бүх нүүдлээ өнөөдөр бодож тооцоолж байж хийдэг. Ийм учраас хэзээ ч оюун ухаан маань хөгшрөхгүй. Энэ нь хамгийн гоё.
Мөн гажиг заслын эмчилгээнд хиймэл зүйл огт байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл шүднүүдийн байрлалыг зассанаар үйл ажиллагаа, гоо сайхныг нь сэргээж, эрүүл болгож, сэтгэл хангалуун инээмсэглэх боломж олгож байна. Өөрийх нь байгалийн өгөгдлийг засаж залруулаад байх ёстой байранд нь аваачаад эцсийн байдлаар хамгийн боломжит гоё үр дүнг бий болгож байна.
Дээрээс нь үйлчлүүлэгчдийн 80% нь өсвөр насныхан байдаг. Маш их энергитэй, цоглог өсөж буй эрч хүчтэй үйлчлүүлэгчидтэй харьцдаг. Гэх мэт олон сайхан талуудтай.
Таны ашиглах дуртай багаж юу вэ?
Гарын 5 багаж байхад гажиг заслын ертөнцийг эргүүлнэ дээ./инээв/
Ерөөсөө л гажиг заслын бахинууд хамгийн гол багажууд. Хөгчимчин хүнийг хөгжмийн зэмсэггүйгээр төсөөлөхгүй шүү дээ. Үүнтэй ижил гажиг заслын эмчийг үндсэн бахинуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамгийн чимхлүүр зүйлсийг бахины үзүүрээр хийнэ. Мөн эмчилгээний эмч нар олон удаа сувгийн эмчилгээ хийсний дараагаар сувагт цэвэрлэгээ хийхдээ file-аараа сувгаа мэдэрдэг болчихдог. Үүнтэй адилхан гажиг заслын эмч нар бахины үзүүрээр пүрш нугалахдаа хурууны өндөгнөөс илүү мэдрэмжтэй барьж мэдэрдэг болчихдог. Хошуу нь их эмзэг тул бахиа нилээн ганмаж хэрглэдэг. Шалан дээр нэг унагах эсвэл хатуу хөшчихөд л ир нь мохно. Тэгэхлээр маш их хайрладаг.
Эмнэлэг байгуулаад явж байхад хамгийн хүнд бэршээлтэй тал нь юу байна?
Шүдний эмнэлэг нээх гэж байхад дотор засал, интерьер гэх мэт зүйлс бол нээх асуудал биш. Хамгийн хэцүү тал нь шүдний эмнэлгийн стандарт тодорхой биш байдаг. Илүү гоё шинэлэг зүйлсийг гадаадаас суралцаад, оруулж ирээд хиймээр байдаг, гэтэл яг шалгалт болоод эрх авах үед хийхийг хүссэн зүйлээсээ ухарч, доошилж шалгуулдаг. Тэр жаахан хэцүү санагдсан. Илүү өндөр түвшинд гоё хиймээр байдаг, гэтэл нөгөө хүмүүс маань илүү хоцрогдсон зүйлс хүсээд байдаг. Энэ нь хамгийн бэрхшээлтэй тал нь юм уу даа.
Эмнэлгийн үйл ажиллагаа эхлүүлээд тогтвортой явж байна. Үүнд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж их нөлөөлдөг л дөө. Энэ тал дээр танай эмнэлэг хэр анхаардаг вэ?
Манай эмнэлэг байгуулагдсанаас хойш ямар нэг маркетинг гэсэн дорвитой юм хийж байсангүй. Гол анхаардаг зүйл нь үйлчлүүлэгчдэд чанартай үйлчлэх явдал. Чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд мэдээж эмч нар маань мэдлэгтэй, ур чадвартай байх ёстой, мөн сэтгэл зүрхээ зориулж эмчилгээгээ хийх хэрэгтэй. Сэтгэл гаргаж хийсэн эмчилгээ чанартай болдог.
Мэдлэг чадвар байна, сүүлийн үеийн чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байна, үүн дээр нэмээд зүрх сэтгэл байгаа. Ингэхэд болоод явчихдагдаа. Зүрхнээс гарсан бүхэн зүрхэнд хүрдэг шүү дээ.
Тэгвэл таны амжилтын нууц юу вэ?
Миний амжилт гэж хэлэхэд надад арай ахдах мэт санагдаж байна. Надаас илүүг хийж бүтээсэн олон эмч, мэргэжилтнүүд байна. Харин энэ хүртэл явж ирэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл гэвэл миний тууштай зан, мөн намайг дэмжиж ажилладаг баг, хамт олон маань.
Анх ажиллаж эхэлсэн газартаа 10 гаруй жил болсон. Бусад хүмүүс нэг газар ороод 3 жил, 5 жил ажиллалаа гэдэг, эсвэл резидент байх хугацаандаа ажил хийхгүй ч гэдэг юм уу. Тийм зүйл байгаагүй “Orthodent”-д орсон цагаасаа хойш тэр эмнэлгийн амжилт, бүтээл, болох, бүтэхгүй бүх зүйлстэй холилдож явсаар байгаад гарсан. Нэг зүйлээс зуурч авсан бол туушдаа явж эцсийг нь үзэж байж санаа амардаг. Энэ дашрамд хэлэхэд гажиг заслын эмч болоход минь хөтөлсөн анагаах ухааны доктор Ж. Цолмон эмчдээ талархаж явдагаа илэрхиилье.
Хүний нөөцийн асуудал...?
Зориод сонирхоод ирсэн эмч, сувилагчид манай эмнэлгийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг. Гэхдээ орж ирсэн хүнийг би шилж сонгодоггүй, тэр хүн өөрөө манай хамт олонд уусаад ажиллаж болж байна гэвэл огт дургуйцэхгүй хүлээж авдаг. Чиний дипломны дүн сайн бол чамайг авна, муу байвал авахгүй гэдэг зүйл огт байдаггүй. Өөрөө хүсэл, зорилготойгоор зориод ирж байвал мэддэг бүхнээ хуваалцаад хамтдаа хөгжинө.
Хамт олон дунд нэг идэвхгүй, аливаа зүйлд хойрго ханддаг хүн ороод ирлээ гэж бодьё..?
Хамт олон гэдэг нэг цул. Тийм хүн орж ирээд удаан тогтдоггүй. Бусад нь ажиллаад байхад залхуу хүн орж ирээд нэг бол ажилсаг болдог эсвэл би энэ хүмүүстэй нийцэхгүй юм байна гээд өөрөө гараад явдаг.
Тэгвэл та анх яаж багаа бүрдүүлэв?
Бүр анхнаасаа 10 жил хамт ажиллаж бие биенээ үг хэлэлгүйгээр мэдэрч ойлголцдог сувилагчтайгаа хамтарч эмнэлэгээ байгуулсан. Тэгээд дахиад нэг удаан хамт ажилласан сувилагч маань зориод ирсэн. Ер нь эхлэхдээ л эрч хүчтэй тэмүүлэлтэй ажилсаг баг бүрдүүлнэ гэж зорьсон. Гэхдээ нэг хүнийг онилж байгаад манайд ороочээ гэж хүсэлт тавьж байгаагүй. Харин хамтдаа хөгжье гэсэн хүмүүст хэзээд нээлттэй байдаг.
Та хэр их уншдаг вэ? Таны ширээний ном.
Ер нь эмч нар ажил ихтэй, цаг багатай байдаг. Тэр утгаараа тэгтлээ их уран зохиолын ном хайж шимтэж уншдаггүй. Яагаад гэвэл уран зохиолын ном уншихад гол дүрээ өөрөө төсөөлж бий болгоод үйл явдалтай нь хамт аваад явдаг. Тэрний оронд нотолгоонд суурилсан баримттай ном, судалгааны артикл унших дуртай. За ширээн дээр минь заавал байдаг ном гэвэл Graber vanarsdall vig–н orthodontics: current principles and techniques болон William profit-н contemporary orthodontics.
Мөн хувь хүний хөгжлийн ном их уншдаг. Сүүлд Бүжинлхамийн "Цойлогсод" номыг уншиж байна. Еврей хүмүүсийн амьдралын арга ухаан, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг талаар бичсэн гоё ном байна, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Мэргэжилийн талаас гэвэл AJO-DO/American Journal of Orthodontics/-оос янз бүрийн судалгааны өгүүлэл, кэйс зэргийг уншдаг.
Амралтын цагаа юу хийж өнгөрөөдөг вэ?
Гэр бүлтэйгээ 2 охинтойгоо л их хамт цагийг өнгөрөөхийг боддог болсон. Уг нь "extreme" зүйлсэд их дуртай, сая өвөл цасны мотоциклоор явлаа. Цаг завтай боломжтой байсан бол спорт машины уралдаан зэрэгт өөрийгөө сорих байлаа. /инээв/ Харин одоо бол гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй, аль болох өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх ёстой.
Та юун дээр төлөвлөгөөгөө гаргадаг вэ?
Хувьдаа Монгол менежер дээр төлөвлөгөө гаргадаг. Хэрэгтэй бүгдийг багтаасан, тэмдэглэл хөтлөх, төлөвлөгөө гаргахад хялбар сайн дэвтэр шүү. Саяхан өөртөө нэг “challenge” эхлүүлсэн байгаа. Тэрийгээ ч мөн энэ дэвтэр дээрээ тэмдэглэж үр дүнг нь дүгнэж явна даа.
Ажлын төлөвлөгөө бол ажлийн компютер дээр нарийн цаг нар тайлбартайгаа систем дээр явагддаг.
Шүдний эмнэлгүүд олширч байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна...?
Мэргэжил нэгтнүүд маань шүдний эмнэлэг олширч байгаад дургүй байх шиг байна. Би эсэргээр боддог. Яагаад гэвэл энэ чинь шууд шударга өрсөлдөөн бий болгож байна. Байгуулагдаж л байг. Тэр дундаас хамгийн сайн нь байхыг зорих хэрэгтэй.
Тэгэхээр тэр тал дээр ерөөсөө санаа зовдоггүй. Чадвар байгаад, боломж нь байвал чанартай сайн эмнэлэг байгуулахад буруу юу байхав. Ер нь тэгэж байж л хөгжиж дэвшинэ, илүү чанартай үйлчилгээ үзүүлнэ. Түүнээс биш хэдхэн монопол эмнэлэгтэй байгаад яах юм бэ?
Олон эмнэлэг нээгдэж байгаа нь чанаргүй эмчилгээ хийхэд нөлөөлөөд байгаа юм биш үү?
Үйлчлүүлэгчид чинь өөрсдийн гэсэн толгойтой хүмүүс шүү дээ. Тэд өөрсдөө ямар эмнэлэгт очих ёстой түүнийгээ зориод л очно. Тэр утгаараа эмнэлэг олон болж байгаад зөв гэсэн бодолтой байгаа. Аль сайн нь аяндаа шигшигдэнэ.
Шүдний эмч болж байгаа залуу мэргэжилтнүүдэд өгөх таны зөвлөгөө юу вэ?
Би өөрөө залуу хүн шүү дээ./инээв/ Сургууль төгсчихөөд нэг жил шүдний эмчээр ажиллаад энэ миний мэргэжил биш байна гээд гарч байгаа олон залуус байна. Тэгэхээр төгсөөд өөрийгөө сайн таньж мэдэх хэрэгтэй, надад яг энэ мэргэжил таарах уу, миний зан ааштай нийцэх эсэх, хэр сайн сууж чаддаг вэ гэх мэтээр өөрийгөө сорьж үзээд, дараа нь ажиллах эсвэл өөр чиглэлээр нарийсах зэргээ сонгосон нь дээр. Хий хоосон хугацаа алдах хэрэггүй.
Тэгээд мэргэжилийнхээ төлөө сэтгэл шулуудаад энэ салбарынхаа хамгийн оргилд нь хүрч, хамгийн мундаг эмч нь болно гэсэн зорилготойгоор тууштай ажиллаачээ гэж хэлмээр байна.
Манай дараа дараагийн ярилцлагуудад хэнийг санал болгох вэ?
Чимээгүй хөдөлмөрлөж байдаг хүнийг сонгомоор байна. "Sayan" шүдний эмнэлгийн Батсанаа эмчийг санал болгож байна.