Зүй зохистой, зөв хооллолт гэдэг нь хүний биеийг эрүүл,сэргэлэн цовоо байлгахад шаардлагатай шим тэжээлийг бүрэн хангаж чадах хоол хүнсийг тунгий нь тааруулж зөв хэрэглэх явдал юм. Таны бие өдөр тутам өөрийг нөхөн төлжүүлж, шинээр булчин, яс, арьс, цус бүтээж байдаг. Тэгвэл таны идэж байгаа хоол хүнс эдгээр шинээр бүтээгдэж буй эд эрхтнүүдийн үндсэн орц найрлага нь болж өгдөг. Хэрэв таны хэрэглэж буй хоол хүнс бие организмын шаардаж буй тэжээллэгээс бага тэжээлт чанар агуулж буй бол энэ нь биеийн эрхтэн тогтолцоо шинээр нөхөн төлжихөд сөрөг нөлөө үзүүлсэнээр биеийн ерөнхий эрүүл мэндийн олон тулгамдсан асуудлуудын шалтгаан болно. Үүний нэг нь амны хөндийн эрүүл мэндийн асуудал бөгөөд хоол хүнснээс шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй бол амны хөндийн орчин халдварын эсрэг тэмцэх чадвар буурна.
Хүүхдийн хувьд хоол хүнснээс хангалттай тэжээлээ авч чадахгүй бол энэ нь шүд шүдлэлтийн үйл явц хэвийн явагдахад саад болно. Шүдний цооролд тэсвэртэй бат бөх шүдтэй болохын тулд хүүхэд кальци, фосфор, фторын зохист агууламж бүхий орц нормыг нь тохируулсан хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Хүнсний шим тэжээлийн төрлүүдийн тухай мэдэх үү?
Хүнсний шим тэжээлийг бүрэн агуулсан орц нормыг нь тохируулсан хоол хүнс нь дараах зүйлс агуулна:
- Зохист хэмжээний нүүрс ус
- Зохист хэмжээтэй өөхний хүчил (өөхөнд агуулагдах)
- Зохист хэмжээний амин хүчил (уурагт агуулагдах)
- 15 төрлийн витамин
- 25 төрлийн эрдэс бодис
- Ус
Хүний бие нь нэлээд олон төрлийн шим тэжээлийн бодисыг өөрөө бүтээх чадвартай ч бүх төрлийн бодисыг нийлэгжүүлж чадахгүй. Иймд нэн ялангуяа зарим төрлийн витаминыг заавал хоол хүнс эсвэл нэмэлт тэжээлээс авах шаардлагатай байдаг. АНУ-ын Хөдөө аж ахуйн яам дараах зүйлсийг өдөр тутам идэхийг хүн амд зөвлөдөг.
- 6-11 нэгж талх ба амуу будайн бүтээгдэхүүн
- 3-5 нэгж хүнсний ногоо
- 2-4 нэгж жимс, жимсгэнэ
- 2-3 нэгж сүү, сүүн бүтээгдэхүүн
- 2-3 нэгж мах, тахианы мах, загас, өндөг, шош, вандуй ба самар
Зүй зохистой хоололт ямар ашиг тустай вэ?
Буруу хоололт эсвэл хоол тэжээлийн дутагдал зэрэг нь амны хөндийн өвчин эмгэг, буйлны үрэвсэл, шүдний цоорол үүсэх шалтгаан болно. Хэт их нүүрс ус агуулсан, чихэрлэг хоол хүнс хэрэглэх нь шүдний өнгөрт агуулагдах нян бактериуд шүдний пааланд хор нөлөөтэй хүчил ялгаруулахад нөлөөлнө. Үүний улмаас шүдний паалан хүчилд түлэгдэн цоорч цоорлын хөндий үүсдэг.
Хэрэв та чихэр ба нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг тэсч ядан хүсч байгаа бол түүнийг хооллолтынхоо хоорондох завсар зайнд хэрэглэснээс хоолтойгоо хамт идэх нь чихэрдэг зүйл шүдэнд наалдаж өнгөр үүсгэхээс сэргийлэхэд тустай. Мөн ихэнх хоол хүнс нь өөртөө хүчил ялгаруулах нэгдэл агуулсан байдаг тул хооллолтын дараа заавал шүдээ угааж эдгээр нэгдлүүдийг зайлуулж байх хэрэгтэй. Хоол хүнс идэж байх үед шүлсний ялгаралт ихэсдэг нь хоол хүнсний зүйл шүдэнд наалдахаас сэргийлж өгдөг амны хөндийн өөрийн хамгаалах үүрэгт нэмэр болно.