Уруулын хавдар: Үүний талаар юуг мэдэх хэрэгтэй вэ?
Уруулын хавдар байдаг гэдэгт итгэмээргүй ч нүүр амны хавдрын нэг бөгөөд хавдрын эхний үед оношлогдвол бүрэн эмчлэгддэг байна. Түүнчлэн эрт үеийн оношлогоо чухал бөгөөд dentalhealth.org-с гаргасан судалгаагаар эрт оношлогдсон 10 хүн тутмын 9 нь тавилан сайтай байдаг.
Уруулын хавдрын талаар сайн мэдэхгүй байгаа нь зөвхөн та биш бөгөөд Их Британид хийгдсэн статистик судалгаагаар хүн амын 88% нь амны хөндий, уруулын хавдрын талаар төдийлөн мэддэггүй бөгөөд 75% нь үүний шинж тэмдэг, цаашдын үр дагаврыг огт мэддэггүй байна. Гэвч энэхүү хавдар нь нэг жилд умайн хүзүү болон төмсөгний хорт хавдраас илүү олон хүний амь насыг авч явдаг байна. Иймд уруулын хавдар нь бусад хорт хавдраас яаж ялгардаг, түүний шинж тэмдэг тавилангийн талаар ойлгох нь зайлшгүй чухал байна.
Шинж тэмдэг:
- Уруулын арьс мэдэгдэхүйц өөрчлөгдөх
- Ил шарх сорви гарах, эдгэрэхгүй байх
- Шарх нь хорсож, загатнах, цус гарамтгай байх
- Товгор, булдруу, үү мэт өөрчлөлт илрэх, томрох
- Сорви шиг цагаан цайвар хэсэг үүсэх
Шалтгаан
Бусад хавдрын адил амьдралын дадал зуршил, хүчин зүйлс цогцоор нөлөөлнө. Доорх хүчин зүйлс нь эрсдэлийг нэмэгдүүлнэ.
- Нарны цацрагт их өртөх
- Тамхины хэрэглээ
- Архины хэрэглээ
Уруулын хавдрын дунджаар 1/3 нь нарны цацрагийн нөлөө хэт их байсантай холбоотой. Хавдрын эрсдэл нь цацрагаас хамгаалах озоны давхарга, дэлхийн дулаарал, агаарын бохирдол зэрэг цаг уурын өөрчлөлтөөс болж ихэссээр байна. Мөн Covid-19-ийн улмаас хүмүүс гадаа гүйх, алхах, дугуй унах спортоор хичээллэх зэрэг гадуурх үйл ажиллагааг их хийдэг болсонтой холбоотойгоор хэт ягаан туяаны нөлөөг авах нь бүрхэг өдөр хүртэл өндөр болсон.
Архи болон тамхины хэрэглээ нь мөн эрсдэлд хүргэх бөгөөд өдөрт 3-4 удаа (буюу 150-200 мл архи) согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс нь амны хавдраар өвчлөх нь 2 дахин илүү бол тамхи хэрэглэдэг хүн нь 3 дахин илүү хавдраар өвчлөх эрсдэлтэй.
Зүгээр шарх уу, эсвэл хавдар уу?
Уруул дээрх шарх нь удаан хугацаанд эдгэрэхгүй байх, эхэндээ бага зэрэг хорсож байсан хэсэг нь хавдрын урьдал байх боломжтой ч бүх шарх нь хавдар гэсэн үг биш юм. Уруул дээрх шарх, товруу нь эдгэрэхгүй удвал эмчид хандаарай!
Уруулын хавдрыг хэрхэн эрт оношлох вэ?
Хавдрыг хожуу илрүүлэх, эрсдэлийг багасгах гол арга нь эмчийн үзлэгт тогтмол хамрагдах юм. Ямар нэгэн өөрчлөлт шарх, шархлаа, ургацаг томролтыг хэзээ гарж эхэлсэн, зовиур зэргийг эмчид хэлснээр хавдрын урьдал үеийн шинж тэмдгийг илрүүлэх боломжтой. Эрт оношлогдох тусам эмчилгээний тавилан сайн.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Амьдралын хэв маяг, зуршлыг өөрчилснөөр бүх төрлийн хавдар, эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой. The Oral Health Foundation-ийн мэдээллэснээр 90% хүртэлх амны хавдар нь амьдралын хэв маягтай холбоотой. Тамхидалт нь өвчлөх магадлалыг 10 хүртэл нэмэгдүүлж байна. Мөн хэт ягаан туяа нь эрсдэлд хүргэдэг нь тогтоогдсон учир SPF уруулын тос, вазелиныг бүрхэг өдөр ч хэрэглэх нь чухал.
Амьдралын хэв маяг, зуршлыг өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй бөгөөд бүх төрлийн хавдраар өвчлөх эрсдэлийг багасгах юм.
Эх сурвалж: Oral Health Foundation (dentalhealth.org)