Шүд авах мэс ажилбар нь шүдийг авахын зэрэгцээгээр эрүү ясанд их ба бага хэмжээгээр гэмтэл учруулдаг. Энэхүү гэмтсэн эрүүний яс болон шүдний ормыг хэлбэржүүлэх жижиг хэмжээний мэс ажилбарыг alveoloplasty гэдэг. Энэ нь тусдаа хийгддэг мэс ажилбар биш ихэнхдээ шүд авах мэс ажилбарын хамт хийгддэг бол шүдэлбэр эмчилгээ, имплант суулгац ба трансплантацийн өмнө шаардлагатай бол бас тусд нь хийдэг.
Шүд ямар ч тохиолдолд авхуулах болон гэмтлийн улмаас алдагдсаны дараа түүнийг дахин хэрхэн нөхөн сэргээх вэ гэсэн асуудал тулгардаг. Alveoloplasty мэс ажилбар нь түүшийн ирмэг ясыг ирмэггүй гөлгөр болгож мөлийлгөн хэлбэрийг засч өгдөг. Ийнхүү шүдний ором ба түүшийн хэлбэрийг гөлгөр болгож өгөх нь шархны эдгэрэлтийн процессийг дэмжиж өгсөнөөр шүд авалтын дараа үүсэх олон хүндрэлээс сэргийлэх боломж олгоно. Мөн ийнхүү ясны хэлбэрийг засаж өгсөнөөр хиймэл шүдэлбэр нухаж холголгүй илүү таатай байх нөхцлийг бүрдүүлнэ.
Хэдийгээр alveoloplasty нь нэг болон олон шүд авах мэс ажилбарын хамт зайлшгүй хийгдэх дараалсан мэс ажилбар боловч зарим тохиолдолд түүнийг шүд авахаас тусдаа байдлаар гүйцэтгэх шаардагатай болдог. Тухайлбал хүний гавлын ясны нөхцөл байдлаас шалтгаалан эрүү болон хоншоорын шүдний эгнээнд ясан ургацаг үүсч шүдэлбэр эмчилгээ хийхэд саад болж байгаа тохиолдолд.
Эмчилгээний ажилбар
Хэрэв шүд авалтын зэрэгцээгээр alveoloplasty хийх төлөвлөгөө боловсруулсан бол эмч мэдээ алдуулалтын дор шүдийг авсаны дараа буйлны хэсгийг сөхөж далбан гаргаад түүшин ясны ирмэгийг ил гаргана. Хэрэв шүд авалтаас тусдаа хийх бол мөн мэдээ алдуулалтын дор буйлыг зүсэж далбан гаргаж ясыг ил гаргана. Үүний дараа ясны зориулалтын bone file юмуу шүдний өрөм эсвэл чимхэгч бахь ашиглан түүшин ясны ирмэгийг тэгшилж, засаж мөлийлгөнө. Ажилбарыг гүйцэтгэж байхдаа тэр хэсгийг 0.9-ын уусмалаар сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй. Ингэж ус ашиглах нь тэр хэсгийн ясны үйрмэгийг цэвэрлэхийн зэрэгцээгээр ясыг нойтон байлгах, халаахгүй температураа барихад чухал юм. Үүний дараа буйлны далбанг буцаан хааж байршуулаад тэр хэсэгт оёдол тавина.
Энэ төрлийн мэс ажилбарыг хийхэд бэрхшээлтэй байх эсэх нь шүдний байрлал, хэр хэмжээний засвар хийх болон шүдний оромны төлөв байдлаас шалтгаална. Ясны бага зэргийн ургацаг нь гадаргуу дээр байх тул түүнийг хялбархан авах боломжтой бол томоохон хэмжээний ургацгийг авахын тулд яснаас нэлээд хэмжээгээр авах хэрэгтэй болдог. Зарим тохиолдолд эмч нар ясны гадна талын хатуу давхарга кортикал яснаас өөлж авахын оронд түүнийг шахаж нягтруулах аргыг хэрэглэх нь бий.
Эмчилгээний хяналтын үзлэг
Мэс ажилбарын дараах шархны эдгэрэлт нь ихэнхдээ ердийн шүд авсаны дараах эдгэрэлттэй ижил долоо хоногийн дотор бүрэн нөхөн сэргэж болно. Мэс ажилбарын дараа өвчтөнд өвчин намдаах эм бичиж өгөхийн зэрэгцээгээр хатуу болон халуун хоол хүнс идэхээс аль болох зайлсхийхийг сануулж амны эрүүл ахуйн арчилгааны зааварчилгааг өгнө. Хэрэв тэр хэсэгт халдвар орж болзошгүй гэж болгоомжилж байгаа бол антибиотик бичиж өгч болно. Хэрэв цус тогтохгүй байх, халдварын шинж тэмдэг илрэх, өвдөлт намжихгүй бол шүдний эмчдээ яаралтай буцаж хандах хэрэгтэй. Бусад тохиолдолд долоо хоногийн дараа шарх эдгэрсэн хойно шүдний эмч таныг буцаан дуудах бөгөөд шүд нөхөн сэргээх ажилбарын тухай ярилцах болно.