Энэхүү булангийн дараагийн зочноор бид Zimo Dental Clinic-ийн захирал Б. Анхбаяр эмчийг урилаа. Ажлын хажуугаар, Kick boxing-оор хичээллэх дуртай тэрээр шүдний эмч мэргэжилээр ажиллаж эхлээд 14 жил болж байгаа бөгөөд 2017 оноос Zimo шүдний эмнэлгийг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За тэгээд олон зүйл нуршилгүй эмнэлгээ өндөр хэмжээний гүйцэтгэлтэйгээр удирдаад явж байгаа түүнийг уншигчиддаа танилцуулья.
Өөрийн мэргэшсэн чиглэлийн талаар танилцуулаач?
2001 онд ЭМШУИС-ийн НАСС-ийг сонгоод орж байсан. Төгсөх хүртэл мэргэжилдээ тийм ч дуртай байгаагүй. 2006 онд төгсөөд ЭМЖЖ Чих хамар хоолойн эмнэлэгт ярилцаганд нь тэнцээд, шүдний тасагт нь 5 жил ажилласан. Тэр хугацаанд үйлчлүүлэгчид ломбо тавиад, жижиг косметик ажилбар хийгээд гоё болвол их баярладаг байсан. Тэгээд мэргэжилдээ дуртай болсон. Мөн тэр үед л гоо сайхны тал руу илүү сонирхож эхэлсэн.
2007 онд согог заслын резидент, 2010 онд мэс заслын резидентэд суралцаж төгссөн. 2010 оноос 2017 оны хооронд SOS Medica Mongolia International clinic UB-д ажилласан. Тэр хугацаанд маш их зүйлийг сурсан. Мөн Evada dental clinic дээр зохиогдсон 2 жилийн хугацаатай имплантын онол гардан хосолсон сургалтад хамрагдсан.
Өөрийн хамгийн их ашиглах дуртай багаж хэрэгсэлийг танилцуулаач?
Ivoclar Vivadent-ийн optrasculpt гээд үзүүр нь төмөр бөөрөнхий, нүхтэй, энэ нүхэнд зөөлөн резин буюу pad хийдэг багаж. Ломбо тавихад ашиглагддаг. Pad нь жижиг, том маш олон төрөл байдаг бөгөөд хүссэн хэлбэртэйг солиж хийж ашиглах боломжтой. Тухайн шүдний хонхор, төвгөрийг сайн гаргахаас гадна анатомийн хэлбэрийг давтаж хийхэд бусад багажаасаа илүү тохиромжтой, ашиглахад хялбар санагддаг тул байнга хэрэглэдэг. Мөн Vatech PAXi-3d2019
Та эмнэлэгтээ ямар уур амьсгал бий болгохыг хичээдэг вэ?
Дадлага хийх маягаар гадаадад эрс тэс уур амьсгалтай хоёр эмнэлгийн дунд ажиллаж байсан. Эхний эмнэлгийн ахлах эмч нь нилээн зарчимч, ааштай. Эмнэлгийн ажилчид нь урд урдах ажилаа л хийдэг. Өөр зүйлд ерөөсөө сатаардаггүй. Харин нөгөө эмнэлгийн ахлах эмч нь их яриа, үргэлж ажилчидынхаа санаа бодлыг асуудаг бөгөөд энэ эмнэлэгт ажиллаж буй бүх ажилчид нь хийж байгаа зүйлдээ аз жаргалтай. Бие биентэйгээ эелдэг харьцаатай байдаг байсан.
Эндээс хараад нэг зүйлийг ойлгосон. Тэр нь манай эмнэлэгт ажиллаж буй хамт олон, ажилчид ч бас хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Хамт олны уур амьсгал таатай байх нь эргээд хувь хүний амжилтад нөлөөлнө. Хувь хүн дор бүрнээ амжилттай байх нь байгууллагад нөлөөлнө. Байгууллага тэр хэмжээгээр амжилттай байна. Энэ эмнэлгийг хамт түшилцээд явж буй хамт олондоо цуг байгаад баярлалаа гэж хэлмээр байна.
Танай эмнэлгийн сүүлийн үед хэрэглэж буй багаж технологиуд?
X-Ray Scanner. Sensor-ийг бодвол утасгүй, нимгэн болохоор үйлчлүүлэгчийн амны хөндийд хийхэд тохиромжтой. Рентген зураг аваад scanner-т хийхэд мэдээллийг дэлгэцэнд дамжуулдаг.
Мөн DSD программ. Яг л Photoshop шиг. Үүдэн бүлэг шүдэндээр ажиллаж байх үед цаанаас өгөгдсөн шүднүүдийг үйлчлүүлэгчийн зурган дээр тавьж хэлбэр хэмжээ, өнгө үзэмжийг нь өөрчилж, хэр таарамжтайг мэдэх боломжтой. Дээр нь Vatech CTscan, зөөлөн эдийн лазер ашиглагдаж байгаа.
Эмнэлгийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж байсан бэ?
Гэр бүлийн тусламжтайгаар хөрөнгө оруулалтаа босгосон. Мөн тухайн үед салбартаа тодорхой хэмжээнд ажилласан туршлага, итгэлцэл дээр үндэслээд Dental express болон Osstem Mongolia-тай хамтран, тодорхой хугацаагаанд буцааж төлнө гэсэн гэрээтэйгээр анхны тоног төхөөрөмжүүдээ авч, суурилуулж байсан.
Гэхдээ өнгөрсөн олон жилүүдийг эргээд харахад хамгийн том хөрөнгө оруулалт нь өөрийн мэдлэг, ур чадварыг сайжруулах юм байна гэж боддог. Мэдлэгтэй, ур чадвартай байна гэдэг эмч хүний хамгийн том хөрөнгө.
Эмнэлгийн цаашдын зорилго?
Олон улсын эмнэлэгт ажиллаж байсан туршлага байгаа. Одоо байгаа эмнэлэгээ ч бас олон улсын эмнэлэг буюу International Dental Clinic of UB болгох зорилготой ажиллаж байна. Бэлтгэл ажлаар эхний ээлжинд эмнэлгийн бүх хамт олноо англи хэлний мэдлэгтэй болгох. Мөн 9001-2015-ийг авахаар ажил эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Удахгүй дууснаа.
Олон нийтэд зориулж ямар ажлууд зохион байгуулдаг вэ?
Саяхан Солонгосын Элчингийн харьяа Котра болон Osstem Mongol HHK–тай хамтран 2 өдөр эмнэлгээ хааж замын цагдаагийханд амны хөндийн үзлэг, эмчилгээ үнэ төлбөргүй хийсэн. Мөн эмнэлэг дотор чиглэсэн ажлууд их зохиогддог. Сар тутам нэг удаа Workshop болдог. Харилцаа, хандлага, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх гэх мэт сэдвүүдээр, англи хэл дээр сургалт хийгдээд явж байна. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг эмнэлэг эхлээд дотроо сайн хөгжих хэрэгтэй гэж боддог.
Шүдний эмч гэдэг байнга цагт баригдаж яарч байдаг. Таныхаар цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Хамгийн гол нь амьдарч буй газар ойрхон байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол ажилдаа ирэхэд нэг цаг, харихдаа нэгээс хоёр цагийг замын түгжрэлд зарцуулж байна. Долоо хоногт 10-аас 15 цаг, сард 40-өөс 60 цаг зарцуулж байна гэсэн үг. Гэр ойртсоноор энэ цагийг уншиж, судлах, өөр зүйлд зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлж байгаа юм.
Харин үзлэг, эмчилгээний үед хоёр сувилагч буюу assistances-тай ажилладаг. Энэ нь богино хугацаанд, чанартай эмчилгээ хийх боломжийг бий болгодог. Гэхдээ цаг хэмнэж, хурдан хийе гэж ерөөсөө боддоггүй. Хийгдэх гэж буй ажилбарыг маш сайн тайлбарлаж, үйлчлүүлэгчтэйгээ ойлголцсоны үндсэн дээр эмчилгээг эхэлдэг.
Шүдний эмчээр ажиллаж эхлээд, авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Гадаад дадлага хийгээд явж байхад нэг хагалгааны үеэр ахлах эмч, ямар эмчилгээ хийх гэж байгаагаа эхлээд сайн бод гэж хэлсэн. Энэ толгойд тогтож үлдсэн. Мөн нэг эмч хэлж байсан. Үзүүлж буй бүх хүнийг өөрийн аав, ээж, хүүхэд гэж бодон сэтгэл гаргаж, эмчилгээ хийж бай гэж. Энийг бодож хичээж ажилладаг. Сайн эмчилгээний гол шалтгаан нь үүнтэй холбоотой байх гэж бодож явдаг.
Та хэр их уншдаг вэ? /Сүүлийн үед уншсан судалгааны өгүүлэл, ном/
Шаардлагатай үед англи хэл дээр судалгааны өгүүлэл уншаад хэрэгтэй зүйлсээ мэдээд авчихдаг. Одоо Google-ийн ажилчдын дүрэм номыг уншиж байна. Эндээс эмнэлгийн хамт олныг хэрхэн зөв удирдах, яаж зөв манлайлах тал дээр өргөн ойлголтуудыг авж байгаа.
Хамгийн сүүлд хамрагдсан сургалт?
Сайн гэсэн сургалт болгонд л хамрагдахыг хичээдэг. Сая 10 сард солонгост болсон Osstem-ийн сургалтад суугаад ирсэн. Унших тусам сонирхол татдаг ном шиг, сэдвүүд нь жил ирэх тусам сайжраад, чанар нэмэгдээд байдаг болохоор жил алгасахгүй суудаг. Ер нь шинээр гарсан эмчилгээ, бүтээгдэхүүн, мэдээ мэдээллээс хоцрохгүй байхыг хичээдэг.
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? /Стрессээ хэрхэн тайлж, юунаас урам зориг авдаг вэ?/
Кick boxing-оор хичээллэдэг. Нэг газар маш удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суухаар бие хөшдөг, тийм болохоор эрч хүчтэй хөдөлж, сунгалт хийснээр булчин суларч, ядаргаа тайлагдаж тодорхой хэмжээнд стрессийг бууруулдаг.
Мөн эмнэлэг маань үзлэгийн өрөө болгондоо спикертэй. Энэ спикерээр үзлэг, эмчилгээ хийж буй эмч өөрийн дуртай дуугаа тавиад сонсох боломжтой. Дуу сонссоноор эмчилгээг илүү тайван, төвлөрч хийдэг гэж боддог.
Хүн амын дундах шүдний өвчлөл өндөр байгаад ямар байр суурьтай байдаг вэ?
Мэдээж амны хөндийн арчилгаа, урьдчилан сэргийлэлт муутайгаас шүү дээ. Эрт оношлуулвал цаг хугацаа, зардал мөнгө бага гарна. Зарим үйлчлүүлэгч шүдийг маш чухал эрхтэн гэж бодохгүй байгаа нь илт мэдэгддэг. Үнэтэй машин, үнэтэй хувцасаа хайрладаг мөртлөө шүдээ ерөөсөө хайрладаггүй.
Сүүлд Солонгос профессорооос гоё үг сонссон. Улс орны хүн амын өсөлтөд шүдний эмч болон дотрын эмч нар маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж. Хооллолт хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотойгоос гадна хооллолтын хамгийн анхны үйлдэл зажлалтаас эхэлдэг.
Шүдний эмч болж буй залуу мэргэжилтнүүдэд хандаж өгөх зөвлөгөө?
Жил ирэх тусам туршлагажина. Мөн үнэ цэнэ чинь өснө. Энэ мөчүүдэд англи хэлний мэдлэг чухал. Наад зах нь Google-дээд хэрэгтэй мэдээллүүдээ олж авахад чинь туслана. Интернэтээр дүүрэн манай мэргэжилтэй холбоотой бичлэг, судалгааны ажил байна.
Мөн үзлэг, эмчилгээг хамгийн дотны хүн, аав ээж, хүүхэддээ хийж өгч байгаа мэт ханд. Эмчилгээ хийхээсээ өмнө нэг сайн бод, төлөвлө. Тэгээд жижиг гэлтгүй зүйлийг хамгийн сайнаараа хийчээд, тэр зүйлээсээ кайф мэдрэх хэрэгтэй. Дээр нь цалин гэхээс илүүтэй юм сурах газар ажиллаж, өөрийгөө хөгжүүлж өөрийн гэсэн үнэ цэнэ, ур чадвар, хөрөнгийг толгойдоо, гартаа бий болгоорой гэж хэлэе.
Дараагийн ярилцлагад манай буланд хэнийг санал болгох вэ?
Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээд 10 жил болж буй SOS medicа эмнэлгийн Ганзориг эмчийн ажил, эмчилгээний арга барилтай танилцмаар байна.